Трамп Өмнөд Солонгосын бараа, бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “бүрэн хэмжээний худалдааны хэлэлцээр” гэж нэрлэсэн гэрээний хүрээнд АНУ Өмнөд Солонгосоос орж ирэх бараа, бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулах болсноо зарлав. Энэ нь АНУ-тай хэлэлцээр байгуулж амжаагүй орнууд нэмэлт өндөр тариф төлж эхлэх наймдугаар сарын 1-нээс ганцхан хоногийн өмнө гаргасан шийдвэр юм. Хэрэв хэлэлцээр хийж амжаагүй бол Өмнөд Солонгос 25 хувийн татвар төлөх шийдвэрт хамрагдах байжээ.
Япон улс энэ долоо хоногт АНУ-тай 15 хувийн тарифын нөхцөл бүхий гэрээ байгуулсны дараа Өмнөд Солонгосын хувьд өрсөлдөх дарамтад орж, хэлэлцээр хийх шахалтад орсон аж. Энэхүү гэрээний хүрээнд Сөүл АНУ-д 350 тэрбум ам.долларын (264.1 тэрбум фунт стерлинг) хөрөнгө оруулах ба өнгөрсөн жил АНУ-тай хийсэн худалдаа нь 56 тэрбум ам.доллар давсан ашигтай байсныг харгалзан үзсэн байна. Өмнөд Солонгосын хувьд дотооддоо дээрх гэрээг “амжилттай хэлэлцээр” хэмээн үнэлж байгаа аж.
Өмнөд Солонгосоос АНУ руу гаргадаг гол хоёр бүтээгдэхүүн болох автомашин болон хагас дамжуулагч 15 хувийн тарифт хамрагдаж буй юм байна. Харин мөн экспортын чухал бүтээгдэхүүн болох ган, хөнгөн цагааны хувьд Ерөнхийлөгч Трампын тогтоосон дэлхий нийтийн тарифын дагуу 50 хувийн татвар төлөх нь.
Гэвч Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён уг хэлэлцээрийг сайшааж, “Энэ нь улс орныг бусад оронтой ижил түвшинд, эсвэл бүр давуу байр сууринд хүргэнэ” гэж мэдэгдсэн байна. Өмнөд Солонгосын хувьд гол амжилт нь өөрсдийн “улаан шугам”-ыг давж гарах шаардлагагүй байсанд оршиж байгаа аж. Ялангуяа “АНУ-аас будаа болон үхрийн мах импортлох зах зээлээ нэмж нээхгүй байх” гэсэн заалтыг хэвээр үлдээж чаджээ.
Сөүл АНУ-аас оруулж ирэх будааны хэмжээ болон үхрийн махны төрлүүдэд хатуу хяналт тавьдаг бөгөөд энэ нь дотоодын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хамгаалах зорилготой аж. Фермерүүд дээрх хязгаарлалтыг сулруулсан тохиолдолд эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөөд байжээ.
Өмнөд Солонгосоос АНУ-д амалсан 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 150 тэрбум нь усан онгоц, тэр дундаа цэргийн хөлөг онгоц барих ажилд зарцуулагдах юм байна. Энэ нь Өмнөд Солонгосын стратегийн цөм хэсэг байсан.
Тус улс дэлхийд Хятадын дараа орохуйц усан онгоц үйлдвэрлэлийн хүчирхэг салбар хөгжүүлсэн. Үүний зэрэгцээ АНУ-ын усан онгоц үйлдвэрлэл болон тэнгисийн цэргийн хүчин уналтад орсон байгаа тул энэхүү дэмжлэг АНУ-ын аюулгүй байдлын санаа зовоосон асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ Солонгосын өөрийн салбарыг хүчирхэгжүүлэх давхар ач холбогдолтой аж.
Үлдсэн хөрөнгө оруулалтын ихэнх нь Байдены засаг захиргааны үед Өмнөд Солонгосоос амалсан боловч хараахан хэрэгжээгүй байсан хөрөнгүүд юм байна. Үүнд АНУ-д автомашин, хагас дамжуулагч, цахилгаан машины батарей үйлдвэрлэхэд зориулагдсан хөрөнгүүд багтжээ.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд АНУ, Өмнөд Солонгосын цэргийн харилцаанд ямар нэг өөрчлөлт ороогүй байна. АНУ Хойд Солонгосоос Өмнөдийг хамгаалахад жил бүр олон тэрбум ам.доллар зарцуулдаг хэвээр байгаа билээ.
Ерөнхийлөгч Трамп өмнө нь АНУ-ын цэргүүдийг Өмнөд Солонгосоос татна хэмээн сүрдүүлж байсан бөгөөд хэрвээ Сөүл илүү их төлбөр төлөхгүй бол энэ алхамыг хийхээ илэрхийлж байв. Энэхүү сүрдүүлэг одоо ч Сөүлийн толгой дээр “өлгөөтэй” тул Өмнөд Солонгосын хэлэлцээний баг энэ асуудлыг тарифын хэлэлцээртэй хамтатган шийдвэрлэх боломжийг авч үзэж байжээ.
Гэсэн ч энэхүү асуудлыг Ерөнхийлөгч Ли хоёр долоо хоногийн дараа Вашингтонд Ерөнхийлөгч Трамптай хийх дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэхээр болсон бөгөөд Сөүл дахин их хэмжээний мөнгөн амлалт өгөх шаардлагатай болох бололтой.
Ерөнхийлөгч Трамп нэгдүгээр сард албан тушаалдаа орсноос хойш дэлхийн улс орнуудын бараанд татварууд дараалан ногдуулж, олон шинэ татвар ногдуулахаар сүрдүүлсээр байгаа билээ.
Тэрбээр эдгээр татварууд нь Америкийн үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байрыг хамгаална гэж үзсэн. Гэсэн ч түүний олон улсын худалдааны тогтворгүй бодлого дэлхийн эдийн засгийг “бужигнуулж” байна гэж шүүмжлэгчид анхааруулж буй бөгөөд тэд “Эдгээр тариф нь эцэстээ АНУ-ын хэрэглэгчдийн худалдан авах барааны үнийг өсгөж байна” гэж үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл