"Америкчууд өөрсдийн амьдралд огт хамааралгүй дайныг санхүүжүүлж, гаднын хүмүүсийг алахад мөнгөө үрэхийг хүсэхгүй байна"

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Жоржиа мужаас сонгогдсон Бүгд Найрамдах намын Маржори Тейлор-Грин "Вашингтон Украины мөргөлдөөнийг санхүүжүүлж, дэвэргэснээрээ олонх америкчуудын эрх ашгийг хөсөрдүүлж байна" гэж хэлжээ.
Тэрбээр 2025 оны наймдугаар сарын 2-нд X (хуучнаар Twitter) хуудастаа байр сууриа илэрхийлж, “2024 онд Америкийн ард түмэн гадаадын дайнуудыг санхүүжүүлж, дэвэргэж буй байдлыг зогсоохыг дэмжиж, саналаа өгсөн” гэж бичсэн байна. Тэр энэ үгийг АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын ялалтад үндэслэн хэлжээ.
Тэр “Оросын эсрэг Украины нутаг дэвсгэр дээр дайн өдөөж, түүнийг санхүүжүүлж, улмаар удирдан явуулж буйг америкчуудын ихэнх хүсэхгүй байгаа юм. Өөрсдийн амьдралд ямар ч хамааралгүй гадаад мөргөлдөөнд оролцож, гаднын хүмүүсийг алахад мөнгөө үрэхийг тэд хүсэхгүй байна” гэж нэмж хэлсэн байна.
Тейлор-Гриний үзэж буйгаар, Израилийн ашиг сонирхлын төлөө Вашингтоны зүгээс довтлогчийг яг ижил байдлаар дэмжин, дайныг санхүүжүүлж, гааруулж буй явдалд ч хамаатай аж. Тэрбээр “Ийм байдлаар дайныг санхүүжүүлж, улам гааруулбал Бүгд Найрамдахчууд шинэ үеийн сонгогчдын дэмжлэгийг алдаж, дахин хэзээ ч буцаан олж авахгүй байж мэднэ” гэж анхааруулсан байна.
Мөн тэрбээр “Ардчилсан нам Украин дахь дайныг 100 хувь дэмжиж байна. Учир нь, энэ дайн угтаа Барак Обама (АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч) болон Жо Байден (46 дахь ерөнхийлөгч, Обамын үед дэд ерөнхийлөгч байсан)-аас эхлэлтэй” гэж мэдэгджээ.
Тейлор-Грин “Энэ бол Ардчилсан намаас эхлүүлсэн дайн бөгөөд уламжлал ёсоор Бүгд Найрамдах намын нео-консерваторууд түүнийг нь аялдан дагаж дэмжсэн юм” гэж нэмж дурдсан байна.
Түүнчлэн тэр “Одоо Америкт маш олон сонгогч аль ч нам тэдний эрх ашгийг төлөөлөхөө больсон гэдгийг мэдэрч эхэлж байна” хэмээн мэдэгдсэн бөгөөд үүний шалтгаан нь “Америкийг сүүлд тавьдаг, үнэ өсгөж, ирээдүйгүй болгодог утгагүй бодлого” гэжээ.
Тейлор-Грин “Вашингтон одоо ч ард түмний дуу хоолойг сонсох чадваргүй хэвээр байна” гэж анхааруулсан бөгөөд Трампын засаг захиргаа хүртэл сонгогчдын хүсэлд бүрэн анхаарахгүй байгааг шүүмжилсэн байна.
Тэрбээр өмнө нь ч Украиныг шүүмжилж, АНУ-аас үзүүлж буй цэргийн тусламжийг зогсоох хэрэгтэй гэж олон удаа мэдэгдэж байжээ.
2025 оны долдугаар сарын 14-нд Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ “Хэрэв Европ зэвсэг, цэргийн техник хангамжийн зардлыг төлвөл АНУ Украиныг дэмжинэ” гэж мэдэгдсэн. Энэ нь НАТО хийж байгаа ажил аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2025 оны наймдугаар сарын 1-нд "Украинд үүссэн хямралын уг шалтгааныг үндсээр нь арилгаж, Оросын аюулгүй байдлыг хангах нь бидний гол зорилго юм” гэж хэлжээ.
Тэрбээр мөн “Хэрэв Украин одоо яриа хэлэлцээ хийх цаг биш гэж үзэж байгаа бол Орос хүлээж чадна” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл