Зеленский Трампад Оросын сүүлийн үеийн халдлагуудын талаар мэдээлжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар наймдугаар сарын 5-ны мягмар гарагт утсаар ярилцсан талаар Зеленский мэдээлжээ.
Тэрбээр Трамптай ярьсныхаа дараа “Ерөнхийлөгч Трамптай бүтээлч, үр дүнтэй яриа өрнүүллээ. Хамгийн чухал нь, мэдээж, дайныг зогсоох асуудал. Шударга ёс, энх тайвны төлөөх бүх хүчин чармайлтад нь АНУ-ын Ерөнхийлөгчид бид талархаж байна.
Хүний амь хохирох явдлыг нэн даруй зогсоох шаардлагатай, бид үүнийг бүрэн дэмжиж байна. Хэрвээ оросууд дайныг сунжруулаагүй бол хэдэн сарын өмнө л дайн дуусчих байсан” гэж бичжээ. Зеленский мөн Трампад Оросын сүүлийн үеийн халдлагуудын талаар мэдээлсэн байна.
Украины удирдагч “Мэдээж бид ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний талаар ярилцсан. Тэдний эдийн засаг унасаар байгаа бөгөөд энэ төлөв байдал, Ерөнхийлөгч Трампын шийдэмгий байдлыг Москва маш сайн тооцоолдог. Энэ нь олон зүйлийг өөрчилж чадна” гэж бичжээ.
Мөн тэрбээр Нидерланд, Швед, Норвеги, Дани улсуудыг Украины армид хамгийн их хэрэгцээтэй зэвсгийг нийлүүлэх Priority Ukraine Requirements List механизмыг хэрэгжүүлэхэд оролцож байгаад талархсан байна. Эдгээр дөрвөн улс АНУ-аас зэвсэг худалдан авч, Украинд нийлүүлэхэд зориулан нэг тэрбум ам.доллар гаргахаар тохиролцжээ.
Түүнчлэн Зеленский Трамптай АНУ-ын батлан хамгаалах салбартай хамтран ажиллах талаар ярилцсан байна. Тэр "Украины тал Дроны тухай гэрээний төслийг хэдийнэ бэлтгэсэн, бид үүнийг нарийвчлан хэлэлцэж, байгуулахад бэлэн байна. Энэ нь хамгийн хүчирхэг хэлэлцээрүүдийн нэг болж чадна” гэж бичжээ.
Вашингтон одоогийн байдлаар Ерөнхийлөгч нарын утасны ярианы талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.199] 2025-08-07 02:34:59
Эзэн Аавдаа хов хүргэжээ
Кх! [66.181.160.98] 2025-08-06 15:43:05
Ховолжээ. Зэс хошуу хүргэжээ.