Дэлхийн түвшинд онцгой амжилт гаргах чадамжтай гадаадын тамирчдыг Монгол Улсын харьяат болгох боломж бүрджээ


Монгол Улсын Их Хурлын 2025 оны долдугаар сарын 9-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан.
Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно” гэж заажээ.
Уг заалтад олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч тус хуульд заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болох агуулгыг нэмэлтээр оруулж, дэлхийн түвшинд онцгой амжилт гаргах чадамжтай гадаадын тамирчдыг Монгол Улсын харьяат болгох эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.
Ингэснээр олон улсын нэр хүндтэй тамирчдыг Монгол Улсын нэрийн өмнөөс олимп, тив, дэлхийн тэмцээн уралдаанд оролцуулах, дотоодын тамирчид тэдний мэдлэг, ур чадвараас хуваалцах, туршлага солилцох зэрэг боломж бүрджээ.
Түүнчлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа биеийн тамир, спортын талаарх арга хэмжээнүүд нь Монгол Улсад нийтийн биеийн тамир, үндэсний спортыг хөгжүүлэхээс гадна спорт дахь хүний нөөцийг шинэ түвшинд гаргах, олимпизмын хөдөлгөөнийг дэмжих, ялангуяа олимпын хөтөлбөрт багтах спортын төрлийг дэмжих нэгдмэл зорилготой юм.
Үүнтэй уялдуулан Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд үүний хүрээнд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, спортын байгууллагад гэрээгээр ажиллах гадаадын эмч, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжлийн багш, дасгалжуулагчийг ажиллуулж буй ажил олгогчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхөөр зохицуулжээ.
Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17432420184712&showType=1
Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17432420251372&showType=1
Эх сурвалж: ГАДААДЫН ИРГЭН, ХАРЪЯАТЫН ГАЗАР
Сэтгэгдэл
Шаал заваан юм сэдэх юм. [66.181.180.251] 2025-08-19 21:59:36
Больдоо. Утгагүй ш дээ. Урьд нь авчихсан тэр иран бөх одоо хаана. алв улсын төлөө барилдаж байна? Монголыг тэгэж мандуулдаг юм уу?