Б.Батцэцэг: Эмэгтэйчүүд хөрөнгө санхүүгийн боломжгүй, аливаа шийдвэр гаргалтын гадна үлддэг хэвээр байна

Aдмин / Улстөр

“Урам зориг өгөх-нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” (Inspire-Impact-Invest) гэсэн уриатай чуулга уулзалтад 25 орны 230 гаруй зочин төлөөлөгч оролцож байна.

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх нь зөвхөн бизнесийн хөгжил бус, улс орны тогтвортой хөгжил, ирээдүйн баталгаа гэж үздэг. Энэ удаагийн чуулга уулзалт нь:

  • Хамтын ажиллагааны шинэ гүүр,
  • Мэдлэг, туршлага солилцох талбар,
  • Хөрөнгө оруулалтын шинэ боломж,
  • Хүйсийн тэгш байдлыг бодитоор дэмжих алхам юм.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн "Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-ын нээлтэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч,

Эрхэмсэг хатагтай нар, эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Та бүхнийг хүндэтгэн урьж “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг санаачлан зохион байгуулж буйдаа баяртай байна. Их түүхийн өлгий болсон манай сайхан оронд та бид нийт эмэгтэйчүүддээ урам зориг өгч, үр нөлөөг бий болгох, бизнес эрхлэх боломжид нь хөрөнгө оруулах нэгэн үзүүрт сэтгэл, нийтлэг зорилгын дор хуран чуулж буй нь энэ билээ.

Өнөөдрийн чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буйг онцлон тэмдэглэхэд таатай байна. Энэ бол хүйсийн тэгш байдал, хүртээмжтэй хөгжлийн төлөөх манай улсын тууштай бодлогын бас нэгэн илэрхийлэл юм.

Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулагдсан Энхийг сахиулагч эмэгтэйчүүд, Гадаад хэргийн эмэгтэй сайд нар, Дэлхийн манлайлагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын буухиа өнөөдөр ийнхүү бизнес эрхлэгч, шинийг санаачлагч, бизнесийн салбарын манлайлагч эмэгтэйчүүдийн чуулганаар үргэлжилж байна.

Одоогоос 30-аад жилийн өмнө Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн бага хурлаас “хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх” хэмээн тунхаглаж, хүйсийн ялгаанаас үүдэлтэй саад бэрхшээлийг арилгах зорилтыг дэлхий нийтийн өмнө тавьсан билээ.

Эмэгтэйчүүд шийдвэр гаргаж, яриа хэлэлцээ хийхээс эхлээд байгууллагын удирдах зөвлөл, төр засгийн эрх барих байгууллагад ажиллах нь нэмэгдсэн. Гэсэн ч тэдэнд олон саад бэрхшээл тулгарсаар байна.

Эмэгтэйчүүд хөрөнгө санхүүгийн боломжгүй, аливаа шийдвэр гаргалтын гадна үлддэг, зүтгэл, манлайлал нь дутуу үнэлэгддэг хэвээр байна. Ийм байх учиргүй.

Та бидний гол зорилго үүнийг залруулахад оршино. Бид хувьсал, өөрчлөлтийг хөндлөнгөөс харж алгуурлан суух бус, өөрсдийн гараар эрч хүч нэмэхээр цугларлаа. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо нэмэгдэхэд нийгмээрээ хөгждөг, эмэгтэйчүүд бүтээн байгуулахад улс үндэстнээрээ цэцэглэдэг, эмэгтэйчүүд өөдлөн сэргэхэд хүн төрөлхтөн мандан бадардаг.

Бие биедээ урам зориг хайрлая, харилцан нөлөөлж, хөрөнгө оруулъя гэдэг бол нь энэ чуулганы уриа үг төдийгүй цаашдын үйл хэргийн чигийг тодорхойлох луужин юм. Давах аргагүй бэрхшээл гэж байдаггүйг харуулсан бахархам түүх, туршлагаа хуваалцах замаар бид бие биедээ урам өгнө.

Хил хязгаар, насны ялгааг үл хайхран үзэл бодол, үйлдлээрээ бид биедээ үлгэрлэж, эергээр нөлөөлнө. Эмэгтэйчүүд арга туршлагаас эхлээд хөрөнгө санхүү, зах зээлийн мэдээллээ хуваалцсанаар бизнес нь амь зогоох төдийгөөс ангижирч, цэцэглэн хөгжих боломж бүрдэнэ.

Энэхүү чуулганы хоёр өдөрт та бид өнөө үеийн олон чухал, тулгамдсан асуудлыг хэлэлцэх болно. Тухайлбал, эмэгтэйчүүдийн манлайлалд учирч буй саадыг арилгах, тэдний бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ногоон, хүртээмжтэй эдийн засгийн тогтолцоог бий болгох, цахимжуулалтыг нэвтрүүлэх талаар ярилцана. Өөрөөр хэлбэл, бүтээлч сэтгэлгээгээ уралдуулж, шинийг санаачлагчийг хөрөнгө оруулагчтай холбож, их өөрчлөлтийг авч ирэх шинэ үеэ зоригжуулах болно.

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Монголчууд эртнээс эмэгтэй хүний ухаан билгийг хүндэтгэж ирсэн уламжлалтай. Эмэгтэйчүүдийн манлайлал, тэгш эрхийн тухай ойлголтыг бид “айлаас хайж, алсаас зөөх” шаардлагагүйг түүхэн жишээгээр өгүүлье. Чингис хааны эх Өүлэн хатныг эдүгээ эргэн санахад олон зууны тэртээх аж ахуй эрхлэгч буюу өнөөгийн ойлголтоор бизнес-хатагтай байжээ.

Есүхэй баатар нас нөгчмөгц хураасан улс нь нүүн одож, Өэлүн эх өнчин хэдэн хүүхэдтэйгээ хоцорчээ. Ачилж тулах хань хамсаатангүй, адгуулах мал хуйгүй, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байсан ч Өүлэн эх өнчин хэдэн хүүхдээ өсгөхийн төлөө өвсний үндэс, үрэл мойл түүн өл хоол залгаж, Ононгийн уснаас загас барихыг хүртэл заажээ.

Тэрээр байгаль эх амьдрал тэтгэх увдистайг хүүхдүүддээ мэдрүүлээд зогсохгүй хожим хэрэг болох олон арга ухаанд сургав. Хүүхдүүддээ эцгийнх нь суу алдрыг сануулж, эв эетэй, нэр төртэй амьдрахын утга учрыг ухааруулжээ.

Өүлэн эх байгаагүй бол хамгийг захирагч Их хаан, тив дамнасан эзэнт гүрэн байх байсан эсэхийг төсөөлөхөд бэрх. Тэрээр оргүйгээс олныг үүсгэж, орь ганцаардлаас орчлонг дүүргэх амьдрал цогцлоосон юм.

Тэр гайхалтай хөдөлмөрч, зүтгэлтэй, аж ахуйч байсан бөгөөд өнөөгийн хэмжүүрээр бол монголын бизнес хатагтай нарын анхдагч мөн болов уу. Эмэгтэй хүн ачааны хүндийг үүрч, төр улсыг ч төвхнүүлж чаддагийг батлан харуулсан нь зуун зууныг дамжин хойчийн бидэнд сургаал болон үлджээ.

Өүлэн эх шиг бахархалт эмэгтэйчүүд монголын түүхэнд олон бий. Эцгийнхээ үндэслэсэн их гүрнийг засан тохинуулахад Чингис хааны охид ч ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Тэд өргөн уудам газар нутгийг захиралцахдаа алс одох худалдааны замыг сахин хамгаалж байсан нь тив дамнан бараа таваар, мэдлэг мэдээлэл дамжих өргөн боломж бүрдүүлжээ.

Түүгээр ч зогсохгүй хууль цаазаар шударга ёсыг тогтоож, авьяас чадварыг үнэлж, олон ургалч үзэл санааг дэмжин дэлгэрүүлж байсан нь тухайн цаг үедээ анхдагч, ховор үзэгдэл байлаа. Аян дайны бэрх үед ч эрдэм боловсрол, ур ухаан, урлаг соёлыг дээдлэн хөгжүүлж байлаа.

Их түүхийн эдгээр өв өнөө цагт ч өөрийн хэлбэр, өвөрмөц онцлогтойгоор үргэлжилж байна. Өнөөдөр монгол эмэгтэйчүүд НҮБ-ын цэнхэр дуулга өмсөн хямрал, мөргөлдөөнтэй олон газарт энхийг сахиулахаар хүчин зүтгэж байна. Төр, засгийн удирдах байгууллага, шүүх, төлөөлөн удирдах зөвлөл гээд салбар бүрд монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл бий. Тэд жижиг, дундаас эхлээд улс дамнасан бизнесийн байгууллага үүсгэн удирдаж байна.

Тэдний зүтгэл, зориг олон зууны тэртээ Ононгийн хөвөөнөөс амьдралаа босгосон монгол эмэгтэйнхээс дутахгүй. Амьдрахын төлөө зүтгэсэн Өүлэн эхийн домог өнөөгийн монгол эмэгтэйн зүрхний дуудлага болон үргэлжилж байна.

Миний дурдсан жишээг эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, албан тушаалын түвшин төдийгөөр ойлговол өрөөсгөл болно. Учир нь алс хөдөө нутагт оршин сууж, олон саад бэрхшээлийг даван өдөр тутмын амьдралаа авч яваа жирийн монгол эмэгтэйчүүд ч өнөө цагийн аж ахуйч, бизнес- эмэгтэйчүүд юм.

Байгаль дэлхийн ааш аягт тааруулан мал ахуйгаа хариулах, ноос ноолуур, сүү цагаагаа боловсруулахаас эхлээд нарны зай, цахим худалдаа гээд орчин цагийн технологийг хүртэл тэд эзэмшиж, гэр бүл, нийгмийнхээ ачаанаас үүрч яваа. Үүгээрээ тэд унаган байгалиа хамгаалагч, уламжлал шинэчлэлийг хослуулагч, үнэт зүйлсийг тээгч, бас бүтээгчид билээ.

Монголчууд олон мянганы тэртээгээс байгаль дэлхийдээ шүтэж, уул ус, өвс ургамал бүхэн амьтай, эзэнтэй хэмээн сүсэглэдэг. Тийм учир байгалийн хишгээс хэрэгцээндээ тааруулан ухаалгаар ашиглаж, нөхөн төлжих тэнцвэрийг нь ямагт хадгалж ирсэн. Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтол нүүрлэж буй энэ цаг үед нүүдэлчин монголчуудын энэхүү уламжлалт ухаан нь даяарт түгээх, даган хэрэгжүүлэх гарын авлага болж чадна.

Их хотын бизнес эрхлэгч, хөдөө нутгийн малчин бүсгүйн аль алиныг дэмжин чадавхжуулснаар уламжлалт ухааныг амьдралд хэрэгжүүлсэн үр ашигтай, тогтвортой хөгжлийн суурь бүрдэх болно. Энэ бүхэн эцсийн дүндээ эх дэлхийн сайн сайханд үйлчлэх нь дамжиггүй.

Олон орноос хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, манлайлагчдын анхаарал, сонорт хүргэхийн тулд миний бие ийнхүү монгол эмэгтэйчүүдээ зориуд бахархан алдаршуулж байгаа юм. Та бүхэн Монгол орныг, монгол эмэгтэйчүүдийг энэ чуулганы оролцогч төдийгүй найдвартай түнш, сайн найзаа хэмээн хүлээн аваарай.

Монгол орон таван хошуу мал, алт, зэс, нүүрс гээд асар их баялагтайг та бүхэн сайн мэднэ. Унаган байгальтай хөдөө нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж бий. Үүний зэрэгцээ бид цахим худалдаа, хиймэл оюун, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарал хандуулж байгаа.

Тэгвэл энэ бүхнээс үнэтэй, нээгдээгүй баялаг бол хүн ард нь юм шүү. Ялангуяа өндөр боловсрол, ур чадвар, тэсвэр тэвчээртэй эмэгтэйчүүд нь төрмөл бизнес эрхлэгчид гэдгийг нь анзаараарай. Монгол эмэгтэйчүүд та бүхэнтэй тууштай нөхөрлөж, түншилж, хамтран хөрөнгө оруулж, бүтээж чадна.

Монголд хөрөнгө оруулж, монгол бүсгүйчүүдтэй хамтран ажиллаж, хамтдаа бүтээхийг би уриалж байна. Монгол уламжлалт арга ухаан, нөү-хауг бизнесийн салбар, компанийнхаа үйл ажиллагаатай уялдуулан хөгжүүлж, дэлхийн зах зээлд хамтдаа гарцгаах боломж бий гэж бодож байна.

Миний бие улс төрчийн хувиар бодлого яриад зогсохгүй бизнесийн салбарт зүтгэж явсан туршлагаасаа хуваалцаж буй нь энэ юм.

Улс төрд хөл тавихаасаа өмнө би компани байгуулж, бизнес хийж байлаа. Бизнест тулгардаг бэрхшээл, жаргал зовлон, эрсдэлтэй алхам бүхнийг туулж, унаж босож явсан. Хийж бүтээснээ эргэн харж, бахархан баярлах амтыг бас мэднэ.

Хамгийн чухал нь, ажлын байр бий болгож, бусдад боломж олгож, ирээдүйг нь бүтээхийн сайхныг мэднэ. Энэ бүх даваа намайг хатуужуулж, төлөвшүүлж, Гадаад харилцааны сайдын хувьд өнөөдрийн хүндэт индэрт үг хэлэх боломж олгосон гэж бодном.

Эмэгтэй хүн бизнес эрхлэх нь амьдралаа залгуулах төдийгүй итгэл, найдвар, хүч чадал, хат суулгадаг болохыг ухаарсан билээ. Өөрийн туулсан туршлагадаа тулгуурлан ийнхүү эмэгтэйчүүдээ дэмжихийг уриалж байна.

Хатагтай, ноёд оо,

Өнөөдрийн энэ чуулга уулзалт эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх чухал алхам байх болно. Бизнес эрхлэх нь хэн нэгэнд олгогдсон онцгой эрх биш, харин хүн бүр оролцох, хийх боломжтойг харуулах алхам байх болно.

Эмэгтэйчүүдийг дэмжинэ гэдэг энх тайван, хөгжил дэвшил, хүн төрөлхтний ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт гэдгийг жирийн эмэгтэй, эх хүн, бизнес эрхэлж, нийтийн албанд зүтгэж яваагийн хувьд итгэл төгс хэлж чадна. Та бүхэнд миний өгөх урам зориг, үзүүлэх нөлөө, оруулах хөрөнгө энэ юм.

Энэхүү чуулга уулзалтаас олон олон түншлэл тогтож, олон шинэ санаа төрж, хүн бүрд хүртээмжтэй, тэгш хангалуун амьдрал дэлхий даяар тогтохыг хүсэн ерөөе.

Анхаарал хандуулсанд баярлалаа" гэв.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Зочин [171.125.159.80] 2025-08-26 11:28:37

Гэр орноо сайн арчилаад, Үр Хүүхдээ асрах бол эмэгтэй хүний хамгийн гол үүрэг

bat [43.242.241.154] 2025-08-26 10:35:26

тэгээд шийдээч дээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.