Д.Трамп, Ли Жэ Мён нар уулзжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёныг Цагаан ордонд хүлээн авч уулзах үеэр талууд Умард Хойд Солонгосын асуудлыг хэлэлцэж, Ким Жөн Унтай энэ онд уулзах хүсэлтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч илэрхийлжээ. Д.Трамп Ли Жэ Мёнтой зэрэгцэн сууж байхдаа сэтгүүлчдэд хэлэхдээ “Би Ким Жөн Ун болон Умард Солонгосын талтай маш сайн харилцаатай. Бусад бараг бүх хүнээс илүү сайн харилцаатай” хэмээн ярьсан байна.
“Олон хүн үүнийг аймшигтай зүйл гэж хэлэх байх. Үгүй ээ, энэ бол сайн зүйл” гэж Д.Трамп нэмж хэлээд, эхний бүрэн эрхийн хугацааныхаа үеэр Умард Солонгосын удирдагчтай уулзаж байснаа дурсжээ. Тэрбээр Ким Жөн Унтай хоёр дахь бүрэн эрхийн хугацааныхаа үеэр уулзах боломжтой эсэх талаар хэлэхдээ “Үнэндээ хэзээ нэгэн цагт би түүнтэй уулзах болно. Би түүнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэсэн байна.
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Ли Жэ Мён Д.Трампт хандан хөлөг онгоцны үйлдвэрлэл болон үйлдвэрлэлийн бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Д.Трамп мөн Ли Жэ Мёнтой АНУ, Өмнөд Солонгосын худалдааны харилцааг нухацтай хэлэлцэх болно гэж мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ, Д.Трамп Өмнөд Солонгос дахь Америкийн баазууд байрладаг газрыг АНУ авахыг хүсэж байгааг хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч 28 500 орчим америк цэргийг байрлуулахын тулд илүү их мөнгө төлөхийг холбоотноосоо шаардсан байна. “Бид бэхлэлт барихад маш их мөнгө зарцуулсан, Өмнөд Солонгосын оруулсан хувь нэмэр ч бий. Гэхдээ бид түрээсийн гэрээнээс салж, цэргийн баазтай газраа өмчлөх боломжтой эсэхийг мэдэхийг хүсэж байна” гэж Д.Трамп хэлжээ.
Э.Хулан
Сэтгэгдэл
Зочин [171.125.159.80] 2025-08-26 12:38:59
эхлээд түрээслээд дараа нь шууд газрыг авмаар байна гээд шуналын тулам юмаа