Трамп европчуудыг Украинд өрнөж буй дайныг санхүүжүүлж байна хэмээн буруутгав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын 4-нд Европын удирдагчидтай цахим хуралдаанд оролцож, тэднийг Оросын нефтийг худалдан авч, Украин дахь дайныг санхүүжүүлж байна хэмээн буруутгаж, Москвагийн орлогын энэ эх үүсвэрийг хаах, мөн Хятадад шахалт үзүүлэхийг уриалжээ. Энэ талаар Цагаан ордны эх сурвалжийн мэдээллээс иш татан Axios, CNN уламжилсан байна.
CNN-ий мэдээлснээр, Трамп эдгээр мэдэгдлийг "Украинд цэргийн туслалцаа үзүүлэх сонирхолтой орнуудын эвсэл"-ийн хүрээнд болсон видео уулзалтын үеэр хийжээ. Тус уулзалтад Европын хэд хэдэн орны удирдагчид болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оролцсон аж. Трампыг энэ уулзалтад оролцохыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Европын бусад удирдагчид урьжээ.
Axios-ын сэтгүүлчдийн дурдсанаар, Цагаан ордны эх сурвалж "Европын орнууд Украинд дайн эхэлснээс хойш Оросоос худалдан авдаг эрчим хүчний хэмжээгээ эрс бууруулсан. Гэвч Европын холбоо 2024 онд Оросын түлшний борлуулалтын орлогод 1.1 тэрбум евро зарцуулсан" хэмээн мэдээлжээ.
Германы "Bild" сонин ч энэ видео уулзалтын талаар мэдээлсэн бөгөөд уулзалтад Германы Канцлер Фридрих Мерц оролцсон байна. Тус мэдээлэлд дурдсанаар, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен "Европын орнууд Оросоос нефть худалдан авалтаа эрс бууруулсан, одоо зөвхөн Унгар, Словак л импортолж байна" гэж Трампад хариу мэдэгджээ.
Гэсэн ч Трампын тусгай элч Стив Уиткофф Европын орнуудыг "Оросын нефтийг Энэтхэгээр дамжуулан үргэлжлүүлэн худалдан авч байна" хэмээн шүүмжилсэн талаар Bild онцолсон аж.
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний тухай хэлэлцэв
Axios-ын мэдээлснээр, уг уулзалтын дараа Францын Ерөнхийлөгч Макрон "Хэрэв ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй энхийн хэлэлцээр хийхээс дахин татгалзвал АНУ-тай хамтран Орост шинэ хориг тавина" гэж мэдэгдсэн байна.
Bild-ийн мэдээллээр, Трамп уулзалтын үеэр Оросын эсрэг хоригийн сэдвийг хөндөхөд, Европын удирдагчид хамтран ажиллах санал тавьжээ. Тодруулбал, 48 цагийн дотор төлөөлөгчдөө Вашингтон руу илгээн, хориг арга хэмжээ боловсруулах ажлын хэсэг байгуулахыг санал болгосон байна. Харин Трамп энэ саналыг хүлээж авсан эсэх нь тодорхойгүй байна.
Украины Ерөнхийлөгч Зеленский мөн энэ өдөр (есдүгээр сарын 4) ОХУ-ын эсрэг дайны эсрэг хоригуудыг нэмэгдүүлэхийг уриалсан байна.
Трамп Европын удирдагчдыг Хятадад дарамт шахалт үзүүлэхийг шаардлаа
Axios-ын эх сурвалжийн мэдээлснээр, Трамп Европын удирдагчдад Хятадын эсрэг эдийн засгийн шахалт үзүүлэх шаардлага тавьсан байна. Учир нь, тэр "Хятад улс Оросын цэргийн үйл ажиллагаанд шууд бусаар хувь нэмэр оруулж байна" гэж үзэж байгаа аж.
Гэвч Axios-ийн онцолсноор, АНУ өнөөдрийг хүртэл Хятадын эсрэг ямар ч хориг тавиагүй байгаа юм байна. Хятад болон Энэтхэг нь Оросын нефтийн томоохон худалдан авагчид хэвээр байгаа бөгөөд Европын холбооны бэлтгэж буй дараагийн хориг арга хэмжээнд Хятад улс огт хамрагдахгүй" гэжээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл