Г.Занданшатар: Засгийн газрын үйл ажиллагааг санаатай саатуулж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх мягмар гаргаас нутгийн ихэнх хэсгээр нойтон цас орж, явган шуурга болох гэж байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссыг өчигдөр зарлан хуралдуулав.
Тус хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүчний салбар болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өгсөн.
Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 12-нд баруун, төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын зарим хэсгээр, 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх хэсгээр, говийн аймгуудын хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд, 18-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, явган шуурах төлөвтэй байгааг мэдээлэв.
Баруун аймгуудад хадлангийн гарц тааруу учраас зүүн аймгаас хангаж байгаа бөгөөд 1.5 сая тонн байгалийн хадлан бэлтгэхээс 1.1 сая тонныг бэлтгэжээ.
Аравдугаар сарын 6-ны өдрийн байдлаар 157.1 мянган тонн улаанбуудай, 81.7 мянган тонн төмс, 50.8 мянган тонн малын тэжээл хураан аваад буй юм байна.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 87 хувьтай байга аж. Өнөөдрийн байдлаар төвийн бүсийн станцууд 626.9 мянган тонн нүүрс, 2519 тонн мазутын нөөцтэй байгаа юм байна.
Нийслэлд борлуулалтын 500 цэгт хагас коксон шахмал түлш нийлүүлж эхэлжээ. 2025-2026 оны халаалтын улиралд нийт 306.000 тонн хагас коксон түлш импортлох нь.
Ерөнхий сайд Г.Занданшатар нийлүүлэлт хэвийн байхад түлш, шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй ААН-үүдийг шалгаж, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг дахин сануулав.
2025 оны зургадугаар сарын 22-нд болсон УОК-ын хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил хангах үүрэг чиглэл өгсөн. Гурван сарын хугацаанд хийсэн ажлынхаа биелэлтийг ирэх 7 хоногт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг даалгав.
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын үйл ажиллагааг санаатай саатуулж, эс үйлдэхүй үзүүлж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцно хэмээн анхааруулсан юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл