Өвлийн паралимпын наадамд Монголоос дөрвөн тамирчин оролцоно
Италийн Милан, Кортина хотод өвлийн XIV паралимпын наадам 11 хоногийн дараа хөшгөө нээнэ.
Энэхүү наадамд манай улсаас дөрвөн тамирчин спортын гурван төрлөөр оролцох юм. Тодруулбал, пара гүйлтийн цанын 10 болон 20 км-ийн зайд Б.Ганболд, Ц.Дашдорж, суугаа цанын эмэгтэйчүүдийн ангилалд А.Сэлэнгэ, уулын цанаар П.Цэрэнпунцаг нар өрсөлдөхөөр Батлан хамгаалах яамны харьяа “Бага баян-Энхийн төлөө цогцолбор”-т байрлан бэлтгэл сургуулилалтаа базааж байна.
Монголын баг тамирчид 2006 оны Турины паралимпээс өвлийн наадамд оролцож эхэлсэн түүхтэй. Тэгвэл зургаа дахь удаагаа өвлийн паралимпэд оролцохдоо анх удаа эмэгтэй тамирчнаа илгээх гэж байна.
А.Сэлэнгэ анхны паралимпын наадамд оролцох гэж байгаа бол Ц.Дашдорж, П.Цэрэнпунцаг нар хоёр, Б.Ганболд дөрөв дэх удаагаа дэлхийн шилдгүүдтэй уралдана.
Гуравдугаар сарын 6-нд эхэлж есөн өдөр үргэлжлэх өвлийн XIV паралимпын наадамд спортын зургаан төрөлд 79 багц медалийн төлөө 665 тамирчин өрсөлдөх бөгөөд нээлтийн ёслол “Верона Арена”-д болно.


































































Сэтгэгдэл