Төрийн өмчийн том машинуудыг дуудлага худалдаагаар оруулъя

Д.Тулга / Улстөр

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од нартай уулзаж, үүрэг даалгавар өгсөн юм.

-НИЙТ 812 ТОМ ОВРЫН МАШИН, 159 ДУНД ОВРЫН ЖИЙП БАЙНА-

Ерөнхий сайдын өгсөн үүрэг дагуу төрийн өмчит 757 байгууллагад автомашины ашиглалтын талаар судалгаа хийсэн. Эдгээр байгууллагуудад 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын жип машин байна. Судалгаанд хамрагдсан байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа нь хот доторхи үйлчилгээнд 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун хэрэглэдэг суудлын автомашин ашиглахыг хориглосон Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгааг Төрийн өмчийн хорооны дарга хэлсэн.

2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд 5 тэрбум, төгрөг жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хорооны даргад үүрэг болголоо.

Мөн Үндэсний аудитын газраас гаргасан зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гэх 222 автомашины судалгааг гарган, “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг бэлтгэн гуравдугаар дугаар сарын 17-ны Засгийн газрын хуралдаанд оруулахыг даалгажээ.

-ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРГИЙГ ТӨРИЙН ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАР ТООСОНГҮЙ-

Ерөнхий сайд үүрэг өгөөд багагүй хугацаа өнгөрсөн байхад төрийн өмчийн байгууллагуудын дарга нар том жийп машинаа хөлөглөсөөр л байна. Нэг талдаа үүрэг өгсөн мэт харагддаг, нөгөө талдаа үүрэг хүлээсэн мэт дүр эсгэдэг байдал тогтсоор удлаа. Гэтэл бодит байдал дээр аль ч төрийн өмчийн байгууллага нь өөрсдийн лексус 470, ланд 200 машинуудаас татгзалсангүй. Үнэхээр л бодит үр дүнд хүргэе л гэж байвал эдгээр машинуудыг дуудлага худалдаагаар оруулах нь зүй биз.

Дэлхийн томоохон улс орны жишгээр эдийн засгаа хэмнэе л гэж бодож байвал уг нь дарга нар нь өөрсдөө санаачлаад түлш бага зарцуулдаг, жижиг оврын машин унаж байх ёстой биш үү. Гэтэл манайд хүүхдийн төлөө байгууллагын дарга нь хүртэл “Лексус 570” машин унаж байх юм. Ерөнхий сайд нь “хэмнэе” гэж уриалаад байдаг. Ард түмэн нь хэмнэж, дарга нар нь туйлж байх ёстой болж таарч байна уу. Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од нарт Ерөнхий сайд үүрэг даалгавар өгсөний хариуг олон нийт хүлээж байгаа байлтай.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.