Эмнэлгийн шинжилгээний савыг эх орондоо үйлдвэрлэж эхэллээ

Б.Гэрэлмаа / Энтертайнмент

“ХэвХашмал Хуванцар”ХХК-ийн захирал Э.Хүдэрбаатартай ярилцлаа

image-Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Танай компани сүүлийн жилүүдэд байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг гэсэн. Ер нь Танай компани хуванцараар импортыг орлох ямар ямар бүтээгдэхүүн хийж байна вэ?

-Манай компани хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тэр дундаа хаягдал хуванцарыг дахин боловсруулах чиглэлээр ажиллаад дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд 200 гаруй тонн хатуу хаягдлыг дахин боловсруулан барилга угсралтад ашиглагддаг, стандарт шаардлага хангасан 20 гаруй нэр төрлийн хуванцар, арматур хөндийрүүлэгч бүтээгдэхүүн, мөн ахуйн болон бусад зориулалтын тухайлбал спортын заал, олон нийтийн спорт, үзвэрийн арга хэмжээнд зориулсан сандал, хуванцар аяга, түмпэн, эвхдэг хайрцаг гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд санал болгож байна.

-Сүүлд эмнэлгийн шинжилгээний сав үйлдвэрлэж гаргасан гэсэн. Түүхий эдээ хаанаас авдаг вэ, ямар технологиор үйлдвэрлэсэн бэ?

-Бид 2018 оноос эхлэн монголчуудын нэрлэж заншсан нэг удаагийн 100 мл шээсний шинжилгээний савыг эх орондоо үйлдвэрлэн зах зээлд гаргаж эхлээд байна. Түүхий эдийн хувьд эрүүл ахуйн шаардлага хангасан анхдагч хуванцарын түүхий эдийг импортоор оруулж ирэн үйлдвэрлэж байгаа. Үйлдвэрлэлийн хувьд хэвлэх технологийг ашиглан бүтээгдэхүүн гаргадаг. Өөрөөр хэлбэл зориулалтын түүхий эдийг хэвэнд цутгах замаар үйлдвэрлэн бэлтгэж ариутгал хийн, савладаг. Мэдээж нян бактергүй байх шаардлага нөхцлийг бүрэн хангасан бүтээгдэхүүн бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын төв лабораторид 2018 онд ариун чанарын шинжилгээ хийлгэсэн. Одоо ч улирал бүр хувийн болон улсын лабораторид ариун чанарыг шинжилгээ хийлгэдэг.

image-Борлуулалтаа хаагуур хийж байгаа вэ?

-Ахуйн хэрэгцээний бүтээгдэхүүн болон шинжилгээний сав өнөөгийн байдлаар зах зээлд төдийлөн их хэмжээгээр борлуулагдаж чадахгүй байгаа. Шинжилгээний савны хувьд зарим нэг лабораториуд, эмнэлгүүд захиалж авж эхэлж байгаа. Цаашид өрхийн эмнэлгүүд, эмийн сангууд, эмийн бөөний худалдааны төвүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Бусад бүтээгдэхүүнээ “Чиглэл” ХХК-ийн нэрийн барааны сүлжээ дэлгүүр, “Эфэс” сүлжээ дэлгүүр, хорооллын “ТВ тохиролцоо” дэлгүүр зэрэг худалдааны сувгуудаар борлуулж байгаа. Шинжилгээний савны үнийн хувьд бид дотооддоо нэг ширхэгийг нь 350 төгрөгөөр борлуулдаг. Энэ нь бидний судалснаар импортоор орж ирж байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнтэй нэг түвшинд байгаа гэж тооцож байна. Зарим хэрэглэгчид үнийг буулгах санал тавьдаг ч энэ нь манайдаа байгаа хамгийн доод үнэ гэж хэлж болно. Үйлдвэрлэгчдийн хувьд бүтээгдэхүүний үнийг тогтооход Манай улсын үйлдвэрлэлийг дэмжих бодлого, инфляци, банкны зээлийн хүү, валютын ханшийн савлагаа, түүхий эдийн үнийн өсөлт зах зээлийн багтаамж гээд олон хүчийн зүйл нөлөөлдөг. Бидний хувьд үнэ өртгийг бага байлгахаас гадна тогтвортой үнийг чухалчлах бодлого баримтлан ажиллаж байгаа.

-Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой юу?

-Яг өнөөгийн байдлаар жишээ нь шээсний шинжилгээний савны хувьд дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой ч борлуулалт төлөвлөж байснаас удаан байгаа. Ер нь борлуулалтын тал дээр бид удаашралтай ажиллаж байна. Учир нь бид гаднаас нэг бараа оруулж ирэн шууд худалдаа наймаа эрхлээгүй, харин чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэл тал дээр анхаарлаа түлхүү хандуулж ирсэн. Ер нь аливаа үйлдвэрлэлийг нэн ялангуяа нарийн техник технологийг эзэмшихэд хүний нөөцөө бэлдэх, өөрсдөө мэргэшихэд нэлээд хугацаа ордог нь ойлгомжтой. Менежментийн хувьд зүйрлэвэл хүүхэд эхлээд унаж босож байж хөлд ордогтой адил эхлээд үйлдвэрлэж сурна, технологио сайн эзэмшиж сурсны дараа чанартай бүтээгдэхүүн гарна. Үүний дараа зах зээлд хэрэглэгчдийн хүлээлт, шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн очино. Аажимдаа зах зээлд танигдана. Бид энэ зарчмын дагуу л ажиллаж байна.

image

-Танайх арматур хөндийрүүлэгчийг хаягдал хуванцар ашиглан эх орондоо үйлдвэрлэж байгаа гэсэн. Энэ бүтээгдэхүүн ямар ач холбогдолтой вэ?

-Манай бүтээгдэхүүнийг барилгын суурь цутгалтын ажилд хэрэглэснээр материалын зардал буурах, барилгын цутгалтын хамгаалалтын үеийн зузаан жигд хангагдах, ажлыг хөнгөвчилж, барилга угсралтын ажлын цагийг хэмнэх гээд олон давуу талтай юм.

imageХаягдал дахин боловсруулах үйлдвэрийн хувьд өдөрт 5 тонн түүхий эд боловсруулах хүчин чадалтай. Гэхдээ яг үнэндээ тийм хэмжээний түүхий эд олох гэж их зүтгэх шаардлагтай. Одоогоос хоёр жилийн өмнө Монголчууд хогонд төдийлөн анхаардаггүй байсан. Гэтэл өнөөдөр хүмүүс хаягдлаа үнэ хүргэх гэж их хичээх болж. Мэдээж тухайн байгууллага хувь хүнд ашгаа бодох нь зөв гэтэл хогийг хэт ашгийн эх үүсвэр болгох эргээд дахин боловруулагч, үйлдвэрлэл эрхлэгч бидэнд хогийг хэрхэн боловсруулж нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болдог эргээд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг бодолцох ёстой л доо. Ерөнхийдөө Хог хаягдлыг тухай хуульд хаягдлыг үүсгэгч нь хог устгах зардлаа хариуцах ёстой ёстой гэдгийг зааж өгсөн байдаг. Гэтэл үүсгэгчид нь хариуцах битгий хэл хогийг багахан ашиг олох арилжааны хэрэгсэл болгоод үүгээр нь хог түүж амьдарлаа залгуулдаг. Тэр бүү хэл өөрсдийн үзэмжээр үнэ тогтоож, ашиг олдог хэсэг бүлэг сүлжээ бий болж байгаа нь үйлдвэрлэгчдэд хүнд гэхээсээ илүү бидний хэрэглээний өртгийг улам нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа юм гэдэг талаас нь бас бодолцох нь зүйтэй.

image

-Үйлдвэрлэл эрхэлж байгаа асуудалд төр хэрхэн хандаасай гэж та хүсч байна?

-Монголын Хог Хаягдал Дахин Боловсруулагчдын Үндэсний Холбооны 2018 судалгааны дагуу Улаанбаатар хотод жилдээ 1.4 тонн хог хаягдал гардаг. Зуны цагт нийт хог хаягдлын 20 орчим хувь нь хуванцарын төрлийн хаягдал, 35 хувь нь хүнсний хаягдал, 5 хувь нь даавуу, 22 хувь нь цаас, 10 хувь нь төмөр металл, үлдсэн хэсгийг шил болон бусад хаягдал эзэлж байна. Харин өвлийн улиралд хог хаягдлын 50 хувийг үнс эзэлж байна. Мөн цаашид барилгын хог хаягдал буюу хаягдал бетон цемент, тоосго мод гарах төлөвтэй байна. Нийт хаягдлын 70 орчим хувь нь шууд хогийн цэгүүд дээр шороо, тоостой холилдон булагддаг, 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулж түүхий эдийн нөөц бэлтгэн боловсруулж цааш нь борлуулах зорилгоор ашиглаж байгаа, 10 хувь нь хоёр дахь түүхий эдийн цэгүүд дээр байгаа бол үлдсэн хэсэг нь гадуур хог болон хөглөрч байна гэж болно. Хаягдал хуванцарын хувьд бид өөрийн үйлдвэрлэлд таарсан хуванцараа ангилан ялгахад ихээхэн цаг зарцуулдаг, бензин шатахууны үнийн савалгаа нь тээвэрлэлт болон хог хаягдлын үнэд шууд сөргөөр нөлөөлдөг л дөө. Цаашид хог үүсгэгч байгууллагууд, хувь хүн, айл өрхүүд хог хаягдлаа ангилаад хаядаг болвол маш их ажлын хүч хөдөлмөр хэмнэнэ. Өөрөөр хэлбэл зардал буурна гэсэн үг л дээ. Энэ тал дээр төрөөс зохицуулалт хийх боломжтой. Мэдээж хог бол хэрэгтэй газраа баялаг болдог ч үүнийг зөвхөн ашиг олох талаас нь харвал энэ нь тийм оновчтой биш юм. Хэрэв түүхий эдийн үнэ өсвөл бараа бүтээгдэхүүний үнэ ч давхар өсхөөс аргагүй байдалд хүрнэ гэсэн үг юм. Цаашлаад хог дахин боловсруулах салбарт ажиллаж амьдарч байгаа энэ салбарт хөрөнгө оруулсан цөөн хэдэн аж ахуйн нэгжүүд тэдний цаана амьдралаа залгуулж байгаа айл өрхүүдэд шууд хамааралтай. Энгийнээр хэлэхэд бид хогноос ашиг харан ажиллаж амьдарвал 1 кг хог 1 ширхэг талнхы үнэтэй дөхөх цаг тун удахгүй ирж мэдэхээр байна. Мэдээж эрүүл саруул ухаантай Монгол иргэд үүнийг хүсэхгүй л болов уу.

-Хуванцар гэхээр хүмүүс чанаргүй, хүний биед хортой байхвий гэсэн айдастай байдаг. Хүний биед хоргүй байх стандартыг хэрхэн баримталдаг вэ?

-Хуванцарт байгальд 1000 жил задардаггүй олон төрөл бүхий химийн нэгдлүүд байдаг. Мэдээж зарим төрлийн хуванцарууд дахин бодовсруулсан бол хүний биед сөрөг нөлөөлдөг талаар хангалттай судалгаа мэдээлэл бий. Гэхдээ зориулалтын хуванцарыг зориулалтаар ашиглавал тийм аймшигтай зүйл биш л дээ. Зарим хуванцарыг дахин боловсруулж болдоггүй заримыг болдог байх жишээний. Манай хувьд бид олон улсын ангиллын дагуу HDPE 2, PP 5 дугаартай хуванцарыг одоогоор дахин боловсруулж барилгын материал үйлдвэрлэхэд ашиглаж байгаа. Хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний хувьд зөвхөн зориулалтын анхдагч түүхий эд импортлон ашигладаг.

image

Үйлдвэрлэл явуулах, зах зээлийг хөгжүүлэхэд хамгийн том дэмжлэг нь юу вэ? Дотооддоо үйлдвэрлэл эрхэлхэд ямар бэрхшээл тулгардаг вэ?

-Монголд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлага нэмэгдэж байна. Саяхан Засгийн газрын 336-р тогтоол буюу “Дотоодоос худалдан авалт хийх чанар стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүний жагсаалт” шинэчлэн батлаглаа. Энэ нь Монголд үйлдвэрлэгчийг дэмжхэд чиглэсэн чухал хууль эрх зүйн баримт бичиг юм. Тус жагсаалтад орсон бараа бүтээгдэхүүнийг зөвхөн дотоодоосоо худалдан авахыг үүрэгдсэн бичиг баримт гэсэн үг. Тиймээс нэг талаас төр өөрөө гаргасан тушаал шийдвэрээ хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдгийг хянаж ажиллах ёстой, нөгөө талаас төр өөрөө томоохон худалдан авагчийн хувьд тус тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэхийг хувийн хэвшил, үйлдвэрлэгчид бид шаардах ёстой болов уу.

Цаашдаа нэгдүгээрт, дотооддоо үйлдвэрлэж байгаа ижил төстэй бараа бүтээгдэхүүний гаалийн импортын татварыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлээ тарифын болон тарифын бус аргаар хамгаалах. Тухайлбал, БНСУ импортын гаалийн татварыг 25-22.5 хувь БНХАУ импортын гаалийн татварыг 17-73 хувь, ОХУ импортын гаалийн татварыг 20-63 хувь болгож хамгаалдаг юм билээ. Гэтэл манай улсын хуванцарын импортын гаалийн татвар таван хувь байдаг. Мөн зарим бараа гаальтай машинаар татваргүй орж ирдэг явдал байсаар л байна.

Хоёрдугаарт, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих урт хугацаатай, бага хүүтэй зээлийг зорилтот аж ахуйн нэгжүүдэд яаралтай олгох шаардлагтай байна.

Гуравдугаарт, хууль эрх зүйн орчноо сайжруулах тухайлбал, тендерийн хуульд дотоодын бүтээгдэхүүнд давуу эрх олгох, цаашлаад дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг импорлохыг хориглох зэрэг зарчмын томоохон өөрчлөлтүүд нэмэлт өөрчлөлтөөр орохоор хэлэлцэгдэж, санал авч байгаа гэж ойлгож байна. Татварын багц хуулийн өөрчлөлтүүдийг хэлэлцэж үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын хөнгөлөлтөөр дэмжих талаар хэлэлцэж байна. Гол нь парламент дээр хуул батлагдах түүнийг дагаж мөрдөх журам гарах, хууль нь амьдрал хэрхэн хөрсөндөө буух, бодитоор хэрхэн хэрэгжих нь чухал л даа. Үүнийгээ дагаад хувийн хэвшлийнхэн илүү хариуцлагтай ажиллах, бүтээгдэхүүний чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах, хүний нөөцөө бэлтгэх, ажилчдаа хөгжүүлэх, нийгмийн асуудлыг нь анхаарах, гээд олон зүйл нуруунд дээр бууж байгааг ойлгох ёстой. Энэ бүхэн хангагдаж байж үйлдвэрлэл сэргэнэ, ажлын байр бий болж, технологи нутагшина, эдийн засагтаа эерэг өөрчлөлтийг авчирна.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа

image

image


Сэтгэгдэл

зочин [202.5.206.149] 2019-03-07 16:51:40

зөв байна

иргэн [202.5.206.149] 2019-03-07 16:48:46

бид юм юмаа хийдэг болно гэдэг маш том дэвшил шүү

ихэм [66.181.165.246] 2019-03-07 11:25:27

мэдээж сайн байна. Гэхдээ сансрын хөлөг үйлдвэрлээд нисгэчихсэн юм сүржигнэх хэрэггүй.

Зочин [202.131.225.197] 2019-03-07 14:24:45

Бөгсөө сайн арчиж чаддаггүй л байгаа даа чи. Тэгээд хийж бүтээж байгаа нэгнээ гоочилох санаатай юу? ХУЦ ЗА

Зочин [14.146.93.185] 2019-03-07 11:05:14

Yanztai!!!! Odooo araas ni dahin bolovsrluuldag ariutgaj haldvargyujuuldeg bas meg aj ahuin negj baival ch dogi shu!!! Odoo naad huvantsriig gol ni hunii biologiin deejiin shinjilgeend zoriulj gargaj yuldverleliin standart hangachih yum bol bur bat shu de.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.