БҮСГҮЙЧҮҮД: Улаан хивс буюу Леди Гагагийн жүжигчин болсон түүх

Админ / Гадаад мэдээ

Шоу бизнесийн ертөнцөд 10 жил ноёрхсон Америкийн поп-дива хатагтай зөвхөн дуулахын зэрэгцээ кино урлагт хөл тавиад байгаа. Гэхдээ түүний зам дардан байсангүй. Леди Гага бүтээсэн дүрээрээ шилдэгт тооцогдож “Алтан бөмбөрцөг” авч байсны зэрэгцээ хамгийн муу жүжигчинд олгодог “Алтан бөөрөлзгөнө” шагналыг ч авч байв.

Нэг салбарт амжилт олж, хүлээн зөвшөөрөгдсөн ч өөр салбарт хөлөө олох нь тийм ч амаргүй. Холливудад дуучид мэргэжлээ солин орж ирсэн тохиолдол тун цөөн. “Сарны эрхшээлд” кинонд 1988 онд тоглож Оскар хүртсэн Шер, 1993 онд “Бие хамгаалагч” киногоороо нэр дэвшсэн Уитни Хьюстоноос өөр санаанд буух зүйл тэр бүр алга. Гэхдээ оролдлого бол гарч байсан. Попын хааны дүү Жанет Жексон хэд хэдэн кинонд тоглосон ч төдийлөн ойшоогдоогүй, Мэрай Кэри кинонд тоглосон ч хамгийн муу жүжигчний хүртдэг “Алтан бөөрөлзгөнө” шагнал авсан, Бейонсе “Ягаан ирвэс” зэрэг хэд хэдэн кинонд дүр бүтээсэн ч амжилттай болоогүй. Энэ жагсаалтыг үргэлжлүүлээд байж болох ч энэ жагсаалтанд Леди Гага лав багтахгүй. Энэ намар Брэдли Купертэй хамтран тоглосон “A star is born” кино ердөө эхний долоо хоногтоо л 42 сая ам.долларын ашиг олсон нь дуулалт кинонуудын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болсон юм. 36 сая ам.долларын төсвөөр бүтсэн энэ кино одоогоор 220 сая гаруй ам долларын ашиг олоод байгаа гэнэ. Леди Гагагийн тоглосон энэ кино Оскарын 8 нэр төрөлд, Леди Гага өөрөө шилдэг эмэгтэй дүр болон шилдэг киноны дуу төрөлд нэр дэвшин, улмаар шилдэг киноны дуу төрлөөр Оскар гардан авсан юм.

Ийнхүү кино урлагийн салбарт гялалзаж эхлэсэн Леди Гага анх 2010 онд дэлхийн хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтад багтаж байлаа. Мөн энэ онд хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад багтсан юм.

Леди Гага гэх тайзны нэрээрээ алдаршсан Стефани Жоан Анжелина Жерманотта хэрхэн хөгжмийн ертөнцөд од болон, дараа нь жүжигчний замналаар явах болов?

image

Итали хүсэл

Стефани Жерманотта Итали гаралтай Нью-Йоркийн бизнесмен Жозеф Жерманоттагийн гэр бүлд төржээ. Чухамхүү аав нь л түүнийг хөгжимд дурлах эхлэлийг нь тавьсан байна. “Аав маань клубуудад тоглодог хамтлагт хөгжим тоглодог байсан. Тиймээс би багаасаа л хөгжимд татагдсан” хэмээн Леди Гага нэгэн ярилцлагадаа дурсаж байв. Жерманотта сурагч байхаасаа л клубуудэд дуулж эхэлжээ. Тэрбээр бусдад анзаарагдахын тулд усны хувцастай, эсвэл хувцсаа бүхэлд нь гялтганасан чимэглэлтэй болгох гээд янз бүрийн л арга хэрэглэдэг байж. Нэгэнтээ аав нь түүнийг дуулах үеэр очихдоо охиныхоо нүд рүү нь харж чадахгүй байсан гэж дуучин бүсгүй дурссан байна.

Хэдийгээр охиныхоо этгээд авирыг хараад санаа зовох үе аавд нь бишгүй байсан ч охин нь 19 настайдаа их сургуулиа орхин, дуучны гараагаа эхлүүлэхээр шийдэхэд нь түүний сонголтыг аав нь дэмжжээ. Гэхдээ нэг нөхцөлтэйгээр. Аав нь охиндоо гарааны мөнгө өгнө, гэхдээ жилийн дотор урлагийн салбарт өөрийгөө харуулж чадахгүй бол их сургуульдаа буцаж орно. Тэдний тохиролцоо ийм байв. Харин ийнхүү сургуулиа хаях болсон шалтгааныхаа талаар Леди Гага ярихдаа “сургуулиас илүү өөрөө урлагийг сурчихаж чадна гэж бодож байсан” хэмээжээ.

Мэдээж аав охин хоёрын тохиролцоонд заасан хугацаанд залуу дуучин өөрийгөө таниулж амжсангүй. Гэхдээ тус болох хүнтэй танилцсан юм. Тэр нь хөгжмийн продюсер Винсент Херберт байлаа. Тэрбээр түүнийг дуу бичлэгийн студитай холбож өгсөн бөгөөд улмаар залуу дуучин Red One гэх нэрээр алдаршсан продюсер Надир Хаяяттай танилцжээ. Чухамхүү тэр Жерманоттаг од болгосон юм.

Алдарт хүрэх замд нь чиглүүлэх хүнтэй хамтарч ажиллах болсон Жерманотта The Fame дебют цомгийнхоо ажлыг эхлүүлэхээр Лос-Анжелес хот руу нүүв. Энэ цомогт орсон синглүүд Австрали, Канад, Сингапурын хит парадуудыг тэргүүлж эхэллээ. Just Dance дуу нь 2008 оны 4 дүгээр сард гарсан ч 10 дугаар сар гэхэд Billboard Hot 100 жагсаалтын эхний байранд орсон юм. Жилийн дараа дуучин бүсгүй дебют альбомоороо аялан тоглолт хийсэн бөгөөд энэ тоглолтуудаасаа 3.15 сая ам.долларын ашиг олсон бол 2010 онд Monster Ball аялан тогтлолтын дүнд 227.4 сая ам.долларын орлого олжээ. Аялан тогллолт ар араасаа болсоор, залуу одын орлого ч нэмэгдсээр байв.

2017 онд Joanne нэртэй аялан тоглолт хийсэн нь мөн л чамгүй орлого авчирсан гэдэг.Түүнийг ийнхүү богино хугацаанд од болон гялалзаж, ашиг орлого нэмэгдсэн амжилтын нууцуудын нэг нь шүтэн бишрэгчидтэй харилцах чадвар гэж хүмүүс үздэг. Тэрбээр нэгэнтээ өөрийнх нь цомгийг худалдан авахаар урт дараалал үүсгэн зогсож байгаа шүтэн бишрэгчиддээ зориулан 80 хайрцаг пицца захиалж байсан гэдэг. Мөн Леди Гага олон нийтийн сүлжээнд ч шүтэн бишрэгчидтэйгээ харилцах цаг зав үргэлж гаргадаг аж.

Ашиг орлого нь олон саяар хэмжигдэхийн дээр хамтран зүтгэгчдийнхээ зүгээс ч өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан Леди Гага Грэмми шагналд 19 удаа нэр дэвшиж 6 удаа Грэмми хүртэж байв.

Поп одын замналыг 10 жил амжилттай туулсны дараа Стефани Жерманотта кино урлагт хүч сорихоор шийдэв. Ингээд тэрбээр Брэдли Куперын “A star is born” киноны гол дүрд тоглосон юм. Энэ дүр түүний хувьд хамгийн анхны том дүр. Өмнө нь, 15 настайдаа “Клан Сопрано” хэмээх цуврал кинонд тоглон анх дэлгэцээр гарч байжээ. 2000-аад оны эхээр Жерманотта хэд хэдэн телевизийн шоунд оролцож, харин дараа нь дуу хөгжим рүү нэг мөр “урвачихсан” байсан юм.

Түүний хамгийн анхны , бусдад анзаарагдахуйц дүр нь “Нүглийн хот” киноны хоёрдугаар ангид бүтээсэн зөөгч бүсгүйн дүр байлаа. Киноны найруулагч Роберт Родригес өөрийнхөө өөр нэгэн кинонд тоглохыг урьсан ч өмнөх кинотой адил төдийлөн амжилт олоогүй юм.

Кинонд гол дүрийг бүтээсэн Дэнни Трехогийн өгүүлснээр Жерманотта тун санамсаргүй байдлаар кинонд тоглохоор болжээ. Лос-Анжелесийн нэгэн шивээсний салонд Трехо шивээс хийлгэж байхдаа өөрийнхөө шинэ дүрийн талаар ярилцаж байж. Энэ үед Леди Гага ч шивээс хийлгэж байсан бөгөөд жүжигчнээс кинонд нь оролцуулахыг гуйсан гэнэ. Трехо найруулагчруугаа ярьж, ингээд л бүх зүйл шийдэгдчих нь тэр. Гэвч энэ дүр нь Леди Гагад алдрын титэм биш харин хамгийн муу жүжигчинд олгодог “Алтан бөөрөлзгөнө” шагналыг авчирсан юм.

Харин “Америкийн аймшигт түүхүүд: Зочид буудал” цувралын 5 дугаар сезонд тоглосон нь шинэхэн жүжигчинд амжилт авчиржээ. Бүсгүй аймшигт зочид буудлын эзний дүрд тоглон, энэ дүрээрээ “Алтан бөмбөрцөг” хүртсэн юм.

image

Харин энэ жил Оскарт нэр дэвшсэн “A star is born” киног өөрт нь хамгийн том туршлага болсон гэж Леди Гага ярьдаг. Энэ дүрд тоглохын тулд Леди Гага гэж хэлэхээр л нүдэнд төсөөлөгддөг этгээд гоёл, хувцаслалт, хурц тод нүүр будалтаас татгалзахаас аргагүй болсон гэдэг. Киноны найруулагч нь гол дүрийн бүсгүй гадна төрхөөрөө энгийн, байгаагаараа л байх ёстой гэж үзсэн хэрэг. Гэхдээ этгээд хэв маягаасаа салахаас илүү дүрдээ орох нь илүү хэцүү байсан гэдэг. Куплер зураг авалтын үеэр дүрдээ орж, харин Леди Гага хэцүү байдалд ордог байсан гэх. “Түүний надад хэлсэн үгс нь зохиол дээр байхгүй үед би яахаа мэдэхгүй сандарч, хэдэн цээжилсэн үгсээ л давтан хэлдэг байлаа” хэмээн Леди Гага ярьсан байна. Түүгээр ч барахгүй дүрдээ хэт орж, янз бүрийн сэтгэл хөдлөл дарааллан гаргах шаардлагатай болсны улмаас стресст орж, зураг авалтын талбай дээр гэнэт уйлж байсан тохиолдол ч гарч байжээ. Гэхдээ өөртөө итгэлтэй зан нь түүнийг киноны дүрийг ойлгож, дүрээ сайн гаргахад нь тусласан гэнэ. Кино дэлгэцнээ гарсан даруйд л түүний шүтэн бишрэгчид дуу алдаж, Америкийн театруудаас эхний долоо хоногтоо л энэ кино 42.8 сая доллар олжээ. Кинонд зориулан өөрөө бичиж, Купертэй хамтран дуулсан Shallow дуу нь мөн л Оскарт нэр дэвшин, ялагч болсон юм. Кино өргөн дэлгэцээр гарахаас өмнө л энэ дуу Billboard Hot 100 жагсаалтын 28-д бичигдэж байсан бол кино гарснаас хойш байнга л эхний байруудад явж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2019-03-09 12:29:20

шер, уитни, жанет, беонс, мэрай кэри эднүүстэй харьцуулшгүй хүчирхэг эмэгтэй шүү дээ базарваань. анжелина жоли ч гүйцэхгүй. ж. ло ойролцоо байх

Зочин [202.9.42.82] 2019-03-09 18:20:52

Aguu hun l de

Зочин [116.112.12.74] 2019-03-08 12:25:25

Google translate eer orchuulsan yum bx daa

Зочин [202.131.225.197] 2019-03-15 08:55:41

za yahav de

Зочин [66.181.182.43] 2019-03-08 10:53:58

martiin naimand zoriulsan saihan medeelel baina.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.