“Дархандаа сайхан амьдарцгаая” ТББ-ын тэргүүн Б.МЯГМАРДАШ: Төмөрлөгийн үйлдвэрийн хувьцааг Дарханы иргэн бүр эзэмших эрхтэй

Д.Тулга / Эдийн засаг

“Дархандаа сайхан амьдарцгаая” ТББ-аас Дарханы иргэн бүр Дархан-Төмөрлөгийн үйлдвэрийн хувьцаа эзэмшигч байх ёстой гэж үзэн тэмцэл өрнүүлж байгаа билээ. Төрийн өмчийг концессийн гэрээгээр авахдаа түүхий эд сорчлон хямдхан зөөх бус төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлж, ажлын байр, ашиг орлого нэмсэн, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг иргэд сануулан шаардаж эхэлсэн юм. “Дархандаа сайхан амьдарцгаая” ТББ-ын тэргүүн Б.Мягмардаштай ярилцлаа.

-Та бүхэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагад хандаж шаардлага хүргүүлжээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагыг шахаж шаардах ямар нөхцөл үүссэн юм бэ?

-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 1990-1993 онд нийгэм солигдож байх үед Дархан, Сэлэнгийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн эхний ээлжинд хаягдал төмөр боловсруулж, бүтээгдэхүүн хийх зориулалтаар Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу байгуулсан юм. Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйл байхгүй шахуу үед ийм том үйлдвэрийг гуравхан жилийн хугацаанд барьсан. Харин 2014 онд “Кью Эс Си” ХХК 30 жилийн хугацаатай концессийн гэрээгээр аваад “Уул уурхай, металлургийн цогцолбор” байгуулна гэж амлаж, гэрээ хийсэн юм. Тэгээд одоо 5 жил өнгөрч байна. Ерөөсөө л Хятадын түүхий эдийн бааз болсон. Одоо нөгөө хаягдал төмөр нь ч байхгүй болсон шүү дээ. Төмрийн хүдэр л урагшаа зөөгөөстэй байна.

-Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь төмрийн хүдрийн ордоо алдсан байсан билүү?

-2006 онд төмрийн хүдрийн ордыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “БЛТ” компанийн эзэмшилд байсныг Дарханчууд “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний салбарыг орон нутагтаа байгуулан хоёр гурван сар зам хааж, наадмаар хүртэл тэмцэж байж Үйлдвэр Худалдааны сайд Б.Жаргалсайханы үед цуцлуулж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд дахин шилжүүлж байсан юм.

-Төмрийн хүдрийн ордтой юм чинь түүхий эдийн хувьд тасрахгүй байх боломжтой бишүү?

-БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “БЛТ” компанийн эзэмшилд байх үед төмрийн хүдрээ урагшаа зөөж байсан. Одоо ч үргэлжлүүлээд зөөгөөд л байгаа. Хонгор суманд байдаг Төмөртолгойн орд гэж бий. Зөөсөөр байгаад энэ ордын нөөц дуусч байна. Ингээд эцсийн бүтээгдэхүүн, төмөр үйлдвэрлэх асуудал байхгүй. Төмөрлөгийн үйлдвэр нэртэй, дотроо хуучирсан тоног төхөөрөмж, технологитой Дархан байшин үйлдвэрлэх комбинат болон мах комбинат шиг сайхан нэртэй хоосон байгууламж үлдэх аюул нүүрлээд байна. Энэ ордыг барьцаалаад Эрдэнэтийг Стандарт банкинд тавьдаг шиг асуудал болох вий дээ гэж бид хоёрдугаар сарын 19-нд анх захидал илгээсэн. Гуравдугаар сарын 1-нд гурван заалт бүхий шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад:

•Төмөрлөгийн үйлдвэрийн цаашдын хөгжлийн хэтийн төлөв, төлөвлөгөөгөө нээлттэй танилцуулах

•Металл боловсруулах үйлдвэр байгуулах эсэх тухайгаа дарханчуудад тайлбарлан баталгаа өгөх

•Дарханы бүх иргэнд үйлдвэрийн тодорхой хэмжээний хувьцаа эзэмшүүлж, олон нийтийн нээлттэй компани болгохыг тусгасан.

Хариу байдаггүй. Бид гурав дахь шаардлагаа хүргүүлж байна. Одоо үл тоомсорлон хариу ирүүлэхгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт хандаж концессийн гэрээг хүчингүй болгох Дархан-Уул аймгийн иргэдийн гарын үсэг бүхий шаардлагыг хүргүүлэх болно. Бид Дарханчуудын гарын үсэг цуглуулж байгаа, одоогоор 10 мянга гаруй хүний гарын үсэг цуглаад байна. Бас Засгийн газарт хандаж “Гэрээгээ дүгнэ, гэрээндээ өөрчлөлт оруул” гэсэн шаардлага хүргүүлнэ. Төр нь 51 хувиа эзэмш гэж хүсч байна. Дээр нь тодорхой хэсгийг нь Хөрөнгийн бирж дээр гаргах хэрэгтэй. Нийгэм солигдож байх үед ийм том үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан. Одоо эдийн засгийн боломжтой байгаа үед үйлдвэрээ барьж авах хэрэгтэй. Энэ жилдээ хоёр сая тонн төмрийн хүдэр гаргалаа гэж бодоход 1 тонн нь 45 ам.доллар гэж тооцоход 90 сая ам.доллар жилдээ олсон байх боломжтой. Үүний 20 сая ам.доллар нь зардалдаа орох байлгүй. 70 сая ам.долларыг таван жил дотор 350 сая ам.доллар болно гэж үзвэл Эрдэнэтийн 49 хувийнхаа мөнгийг олсон байна л гэсэн үг. Энд ямар нэг улс төр байхгүй. Хувьцааг нь эзэмших юмсан гэж Дарханы иргэд ярьдаг. Жижиг Таван толгой “Нутгийн хишиг” гээд өмнөговьчуудад жилдээ 500 мянган төгрөгийн ногдол ашиг өгч байсан шүү дээ. Одоо бид “Эрдэнэс Таван толгой” гээд компанийн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа. Үүнтэй адилхан бидэнд хувьцаа эзэмшүүл гэсэн шаардлага тавьж байгаа юм.

-Дарханы төмөрлөгийн үйлдвэр нэг хэсэг ажилчдаа цомхотгоод байсан. Одоо юу болж байгаа вэ?

-Одоо ч үйлдвэр нь ажиллахгүй байгаа шүү дээ. Хаягдал төмөр байхгүй. Үнэтэй арматур үйлдвэрлээд хүн авахгүй байна гэдэг. Зөвхөн төмрийн хүдэр зөөдөг л компани болж хувирсан. Урьд нь зөөдөг Хятад байсан одоо зөөдөг Монгол болоод байна.

-Түүхий эд нь хангалттай биш юм байх даа?

-Бололцоо байгаа. Төмрийн хүдрээ хурдан зарж дуусгаад мөнгө олоод, буцаагаад улсад тушаавал яах вэ. Бид хардах эрхтэй болохоороо ингэж хэлж байна. “Бэрэн” гэж компани Архангайгаас төмрийн хүдэр зөөгөөд Эрдэнэтэд авчраад Домен зуухандаа төмрийн хүдрээ шатаагаад ширэм гаргаад, түүнийгээ боловсруулаад Эрдэнэтэд ган бөмбөлөг хийж нийлүүлж байгаа шүү дээ. ДТҮйлдвэрт одоо ганц домен зуух байгуулахад болчихно. Ингэвэл төмрийн хүдрээ шууд шатааж ширэм гаргаж болж байгаа юм. Энгийнээр хэлэхэд ширмээ хаягдал төмөр хайлуулдаг зуух руугаа хийхэд ган гараад ирэх юм билээ. Дэлхийд ган төмөр үйлдвэрлэдэг улсууд хөгжиж байгаа. Тэгэхэд бид халбага, хадаасаа хүртэл гаднаас авч байгаа.

-Төмөрлөгийн үйлдвэр зогсоод байгаа шалтгаанаа дарханчуудад юу гэж тайлбарладаг вэ?

-Хаягдал төмөр байхгүй байна л гэдэг. Одоо энэ үйлдвэр шинэ шатанд гарах болсон. Бэлтгэгдсэн хүмүүс нь бий. Одоо хүртэл түүнийгээ хийж чадахгүй байна. Чадахгүй бол төр аваад тэр зуух энэ тэрийг нь бий болгоод явбал боломжтой юм билээ. Одоогийн удирдлага 30-аад км төмөр зам, 90 гаруй км засмал зам барьсан. Дээр нь цахилгааны шугам татсан. Түүнийгээ улсад 200-аад тэрбум төгрөгөөр өгсөн байна гээд сая Эрдэнэтийг худалдаж авсан схемийг ярьж байх үед дуулдаад байна лээ. Төртэйгөө нийлж, бизнес хийдэг хэсэг хүмүүс яваад байна л даа. Дээр нь “Болд төмөр Ерөө гол” гээд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы компани бас л хүдрээ түүхийгээр нь гаргаж байгаа. Баялгаа сорчилж ашиглаад дуусвал яах вэ. Эртхэн шиг арга хэмжээ авахгүй бол болохгүй нь. Төмрийн хүдрийг эцсийн бүтээгдэхүүн болгосон хойно дарханчуудын амьдрал ахуй ч сайжирна.

-Одоо дарханчуудын хувьд энэ үйлдвэр хэр нээлттэй байдаг вэ?

-Хаалгаар нь орох ч эрхгүй, харуул хамгаалалттай. Төмөрлөгийн үйлдвэрийн хашаа, хоёр уурхайд орох боломж байхгүй. Мэдээлэл өгөхгүй. Бүх юм нууц. Гэрээг нь үзэж харсан хүн алга.

-Дарханы үйлдвэр технологийн парк байгуулах талаар удаан ярьсан. Үр дүн нь хүмүүст мэдрэгдэж байгаа болов уу?

-Ухаан, мэдлэг, сэтгэл дутдаг юм уу. Боломж харагдаад байх юм. Тэгээд энэ хүмүүс нь болгохгүй л юм байна шүү дээ. Сайхан үлгэр яриад л байгаад байна.

-Дархандаа сайхан амьдрах ямар боломж байна гэж харж байгаа вэ?

-Төмөрлөгийн үйлдвэр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, төмрөө боловсруулж чаддаг болсон үед Дарханд өчнөөн ажлын байр бий болж, иргэдийн амьдрал ахуйд сайнаар нөлөөлнө. Үүнийг дагаж жижиг дунд үйлдвэрүүд болон өрхийн үйлдвэрлэл хөгжих боломжтой. Ширэм үйлдвэрлээд гадагшаа гаргавал нэг тонн нь 300 гаруй ам.доллар, ган болговол нэг тонн мянга гаруй ам.доллар. Төмрийн хүдрийг түүхийгээр нь гаргаад байвал улс хөгжихгүй. Нэг бүхэл бүтэн аймаг байтугай улсын эдийн засгийг аваад явчих хэмжээний үйлдвэрийг хөгжүүлэхийн оронд хэдхэн хүн хүдэр зараад баяжиж болохгүй. Арай дэндүү шударга бус явдал.

-Дарханы төмөрлөгийн үйлдвэр олон ажлын байр бий болгож, цөөнгүй өрхийн амьдрал ахуйг авч явсан?

-Одоо энэ хүмүүс Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчин нэртэй ч нийгмийн даатгал нь ч төлөгдөхгүй, сул зогсч байдаг. Мөн цалингаа ч нэмдэггүй, ҮЭ-ийн хороо нь шаардаад, удирдлага нь зугтаад л, зарим нь Солонгос явж ажиллая гэхээр Нийгмийн даатгалын дэвтрийг нь бөглөж өгдөггүй. Зөвхөн төмрийн хүдрийг нь галт тэргээр өдөр шөнөгүй зөөгөөд л байж байна.