MEDEE.MN -7 ХОНОГИЙН ТОЙМ

Д.Тулга / Улстөр

MEDEE.MN САЙТ ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ ХҮРГЭЖ БАЙНА

УЛС ТӨР

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлсэн.

“Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг хууль зүйн зөрчил маргаангүй, нийгмийн зөвшилцөл, ойлголцолд тулгуурлан явуулах шаардлагыг үл хэрэгсэж, ард түмний хүсэмжлэл, хүлээлтэд дөрөөлөн дутуу дулимаг, өмнөх алдааг давтсан байдлаар явуулж байгаад санаа зовниж байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баяр наадмын өмнө яаран сандран хэлэлцэх бус наадмын дараа нухацтайгаар хэлэлцэх шаардлагатай байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх чуулганд биечлэн оролцож, саналаа тусгайлан илэрхийлнэ.

Зохих арга хэмжээг авч, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх Улсын Их Хурлын чуулганыг баяр наадмын дараа товлож, мэдэгдэнэ үү” гэжээ.

Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татлаа

image

Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын Хонгконг хотод суух Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татах шийдвэр гаргалаа.

Хууль бус бараа тээвэрлэлт, наймаа болон хэрэг зөрчилд нэр холбогдсон боловч одоо Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа албан тушаалтнуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эгүүлэн татах, төрийн албанаас нэн даруй халах, хариуцлага хүлээлгэхийг Засгийн газраас чиглэл болгосон.

Энэ дагуу түүнийг эгүүлэн татаж байгаа юм. Тодруулбал С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны есдүгээр сард ХБНГУ-ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байсан юм.

“ЖАСТ”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг ил болголоо

“Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн улсад учруулсан хохирлыг төлүүлэх ажлын хэсэг байгуулсан талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

Тэрбээр, ажлын хэсэгт 7-8 хүнийг томилж, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой Төрийн өмчийн хороог хохирогчоор оролцуулж байгаа юм байна. Ингээд хууль хяналт, прокурор, Эрүүгийн цагдаагийн газарт дахин хандана гэдгийг хэллээ.

180 орчим обьект байгаа бөгөөд мөнгөн дүнгээр 98 тэрбум төгрөгийн хөрөнгө байна

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн Стандарт банкинд төлсөн 40 сая америк долларын хэрхэн төлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа талаараа мэдээлж, Ш.Батхүүтэй холбоотой 52 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байгаа талаар мэдээллийг АТГ-аас албан бичгээр ирүүлсэн талаар хэлж байв.

Тэгвэл өнөөдөр Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдтэй холбоотой 180 орчим обьект байгаа бөгөөд мөнгөн дүнгээр 98 тэрбум төгрөгийн хөрөнгө байна гэдгийг мэдээллээ.

Нийт 185 эд хөрөнгө байгаа бөгөөд ихэнх шатахуун түгээх станц нь одоо хүртэл ажиллаж байгаа хэр нь ямар ч мөнгө байхгүй гээд л сууж байна гэв.

УИХ-ын хаврын чуулганыг хааж, ээлжит бус чуулганыг зарлав

УИХ-ын хаврын чуулган ажлын 66 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн хуралдаан 24 удаа 117 цаг хуралдан 118 асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргасан байна. Байнгын хороод 74, дэд хороод 3, түр хороо 9, нийт 86 удаа, 134 цаг хуралдаж, 182 асуудал хэлэлцжээ.

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган хааснаас хойш бие даасан 14, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 74, хүчингүй болгох тухай 10 буюу нийт 99 хууль, Улсын Их Хурлын 44 тогтоол баталсан байна.

Ээлжит бус чуулган өнгөрөгч бямба гаригаас эхлэн есдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэн 14 асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Монголчуудын тусламж эзэддээ хүрлээ

ОХУ-ын Өмнөд Сибирийн Эрхүү муж орчимд 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас тус мужийн 55 тосгон, суурин газар үерт автаж их хэмжээний хохирол учраад байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр 4200 гаруй айл үерт нэрвэгдэн, 1200 байшин, 13 гүүр нурсан.

Одоогийн байдлаар үерийн бүсээс 1100 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа боловч 9000 гаруй хүн, түүний дотор 2300 орчим хүүхэд үерийн бүсэд байгаа. Өнөөдрийн байдлаар амиа алдагсдын тоо хүүхэд том хүн нийлээд 18-д хүрсэн билээ. Эртнээс найрамдалын харилцаатай Монголын ард түмэн Эрхүү муж дахь үерт автагсдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор мөнгө, нэн шаардлагатай зүйлс, хоол хүнс, дулаан хувцас хэрэгсэл, эм, эмийн бүтээгдэхүүн цуглуулж эхэлсэн.

НИЙГЭМ

Ерөнхий сайдын ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессийн Шангри-Ла зочид буудлын ёслолын танхимд эхэлсэн. Энэхүү арга хэмжээнд Ази, номхон далайн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож, өөрийн орны сайн туршлагаа ярьж, хэлэлцүүлсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [64.119.25.220] 2019-07-06 02:01:12

зөн билгийн тулааны гар уу даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.