Х.Болдбаатар: Залуу байхад наадмын урьд шөнө догдлоод унтаж чаддаггүй байлаа

М.Амаржаргал / Спорт

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам гуравхан хоногийн дараа болох гэж байна. Улсын мэргэн Х.Болдбаатартай ярилцлаа.

-Монгол түмний наадам Урианхай сурын харваагаар эхэллээ. Та хэд дахь жилдээ төрийнхөө наадамд сум тавьж байна?

-Уламжлал ёсоороо Урианхай сурын харваагаар баяр наадам эхэлж байна. Миний хувьд төрийнхөө наадамд 2001 оноос хойш оролцож эхэлсэн.

-Бэлтгэл сургуулилалт хэр хангагдав. Хаана бэлтгэлээ хийдэг вэ?

-“Монде” группийн “Монде” багийн 40-өөд харваач багаараа “Цонжин болдог”-т бэлтгэлд гардаг юм. Сүүлийн дөрвөн жил “Боорчийн өргөө” гэдэг амралтын газарт бэлтгэлдээ гарч байна. Манай залуучуудын бэлтгэл сургуулилалт давгүй шүү. Өнгөрсөн долоо хоногт Налайхын наадамд зорилго байдлаар оролцоход түрүү болон 2, 3 дугаар байрыг нь эзэллээ.

image

-Та хэдэн оны наадмаар Улсын мэргэн гэх эрхэм хүндтэй цолны болзлыг хангаж байв. Дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-2003 онд спортын мастер болоод 2006 оны наадмаар Халх сурын харваанд түрүүлж Улсын мэргэний болзол хангаж байлаа. Тэгш ой давхацсан сайхан жил аз од гийсэн гэх үү дээ. Тэр үед “Түрүүлнэ” гэсэн бодол миний зүүдэнд байгаагүй. Өөрийгөө эхний тав дотор орох болов уу гэж бодож байсан. Яагаад гэхээр хаврын нээлтийн харваанаас авахуулаад сайн байсан. Тухайн жилдээ Улсын аваргад түрүүлээд, нэрэмжит харваануудад байранд ороод л яваад байлаа. Ер нь харваа тогтчихсон байсан үе л дээ. Улсын мэргэн цолтой харваачидтай ойртохоос ч айдаг, хэрэв надтай мэндэлбэл “Энэ мэргэн надтай мэндэллээ” гээд баярлаад л явдаг үедээ төрийнхөө наадамд түрүүлж эрхэм цолыг авч байлаа. Жанчивын Баттөмөр мэргэнтэй 34 оноогоор тэнцэж дахин харвасан. Ж.Баттөмөр мэргэн маань эхний сумаа давуулаад би дагуул сумаа тавиад оночихсон. Ингээд л энэ том цол чинь надад ирсэн юм даа.

-Улсынхаа баяр наадамд түрүүлчхээд төрийнхөө тэргүүнээс цол тэмдгээ авахаар наадамчин олонтойгоо мэндчилэх тэр агшин сайхан байх шүү?

-Түрүүлчхээд та хэд шиг баахан сэтгүүлчдэд амаа асуулгаж байгаад л Төв Цэнгэлдэх рүү орсон. Шагнал гардуулах ёслол тавын даваа дуусахаар л болдог юм билээ. 2003 онд спортын мастер цолоо авахдаа төрийн тэргүүний суудаг индрийн дор зогсоод үзчихсэн байсан. Харин дээшээ гарах их сонин мэдрэмж байна лээ шүү. Шагналаа авах тэр мөчид түмэн олон уухайлаад эхлэхээр ямар ч монгол хүн огшихоор, төрийнхөө тэргүүнээс медаль, мөнгөн тэмдэгт цолоо авчхаад гэртээ харихаар явж байсан тэр үе хамгийн жаргалтай дурсамжуудын нэг болжээ.

-Нум сум харвахад цаг агаарын ямар орчин их нөлөөлдөг байх. Салхитай, бороотой үед харваачид ямар техник ашигладаг вэ?

-Ямар ч зүйлд таатай орчин бүрдэж байж гоё болдог. Улсын чанартай тэмцээний үеэр цаг агаар тохиромжгүй байвал 2-3 цаг хойшлуулах тохиолдол байна. Гэхдээ харваачид цаг агаар ямар байсан ч харвах л ёстой. Харин төрийн баяр наадам тогтсон графиктай байдаг учраас цаг агаарын ямар нэгэн үзэгдлийн үед хойшлуулдаггүй. Баяр наадмын харваа зогсох ёсгүй. Халуунд ч, хүйтэнд ч нум сумаа өөрийнхөө хэрэглээнд тааруулах ёстой. Сумаа хамгийн хатуу гэгддэг хус модоор хийдэг, нумандаа дандаа байгалийн гаралтай түүхий эд ашигладаг. Тухайлбал, үхэр, янгирын эвэр, бод малын шөрмөс, хус, хулс мод зэргийг хамгийн уян хатан цавуугаар нааж урлаж байна. Өнөөдөр Монголд нум, сум хийдэг 10 гаруйхан хүн байна. Шинээр хийсэн нумыг хамгийн багадаа зургаан сар хатааж байгаад харваачдад өгдөг. Нумыг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийдэг учраас нар гарч халахаар зөөлрөөд л байна. Сэрүү, сүүдэр газар байлгаад байвал чангараад л байдаг. Бороо хуртай өдөр бүр л чангараад хатуураад л байдаг юм. Тиймээс энэ бүхнийг тухайн харваач тооцоолохоос гадна салхины хурд, чиглэлийг мэдэрнэ.

image

-Та нумаа хэдэн жил барьж байгаа вэ. Энэ нумаараа харваж төрийнхөө наадамд түрүүлж байсан уу?

-Төрийнхөө наадамд түрүүлэхдээ өөр нум барьж байсан. Миний барьж буй нумыг 2009 онд Баян-Өлгий аймгийн гоц харваач нагац дүү Б.Бумцэнд маань хийж өгсөн юм. Төрийн алтан шар зурхай дээр 10 дахь жилдээ энэ нумаараа харваж байна. Нумыг гамтай, өөртөө тохируулаад хэрэглээд байвал 10-20 жил харваж болно. Харин хичнээн сайн нумыг гамгүй, хөшөөд байвал сар болохгүй хугарч эвдэрнэ л дээ. Өнгөрсөн жилийн наадмаар энэ нумаараа тавдугаар байрт орсон.

-Энэ жилийн наадмаар энэ нумаараа харвах уу?

-Энэ жилийн наадмаар энэ нумаа өнжөөж байгаа. Урианхай сурын харваанд энэ нумаараа харвалаа. Халх сурын харваандаа өнгөрсөн жил шинэ хийлгэсэн нумаараа харвана. Өнгөрсөн жил харвах гэсэн хаталт гүйцээгүй юм шиг санагдаад байхаар нь өнжөөсөн. Нэг нумыг олон жил хэрэглэхээр уян зөөлөн болоод миний техникт таарахгүй болж байна. Миний хувьд хатуухан нумаар харвах гээд байдаг талтай. Энэ нумаа биенийхээ нэг хэсэг шиг л мэдэрдэг болчихсон байна. Нэг татаж үзээд л нумаа ямар байгааг мэднэ. Шинэ нумандаа хуучин нум шигээ дасаагүй л байна. Гэхдээ яахав шинэ юм гэсэндээ хатуу л байна. Наадмаар хуучин нумаа гэртээ орхиод ирнэ дээ. Сурын талбайд аваад ирвэл хуучныгаа бариад л босчихно. /инээв. Сурв/

-Жил жилийн наадмын өглөө нэг л сайхан, сэтгэлд дотно байдаг. Та наадмын өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

-Нум харваж эхэлсэн эхний жилүүдэд наадмын өглөө “Наадам болох гэж байна. Би яах бол, яанаа” гээд түгшээд л урьд шөнө нь унтаж чадахгүй дэвэгнээд их сандарна. Сүүлийн жилүүдэд өөрийгөө жаахан амраадаг болсон. Наадмын өглөө гэрээс сурын зурхай хүртлээ наадам болоогүй юм шиг байдалтайгаар ирэхийг боддог. Талбай дээрээ ирснийхээ дараа огшиж баярлахгүй бол хэцүү, хэцүү. Эхний өдрөө сайн харвал омогшоод д харина даа.

image

-Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа.

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Монгол түмэн минь сайхан наадаарай.


Сэтгэгдэл

Зочин [98.253.30.34] 2019-07-11 12:09:20

sumo chin bish iymuu.

Зочин [202.9.43.193] 2019-07-11 11:02:13

харваж үзэх юмсан хичээллэж үзэх юмсан гэж бодоол яваад байдаг яваад байдаг амждаггүй ээ

би [202.9.43.46] 2019-07-10 20:59:18

харваад л байдаг, харваад л байдаг. ердөө ойлгоддоггүй. би ойлгохгүй байхад тэнд суусан жуулчид л ойлгов гэж...

уншигч [202.179.24.183] 2019-07-09 12:42:35

харваанд нь амжилт хүсье

Zochin [172.58.45.187] 2019-07-08 13:55:29

Halh harvaa ugui bolj bait harvaa uzhiimdaa hoorhii. Arga ch ugui dee deedes n zaahgui yum chine tsogt huntaij shig harvadag bailaa hoorhii

Зочин [64.119.17.107] 2019-07-08 12:35:25

яг анх болзоонд явж байгаа юм шиг үү

iii [66.181.161.77] 2019-07-08 11:55:03

iiiyukyu

feff [66.181.161.77] 2019-07-08 11:53:59

<h1>HI</h1>

fef [66.181.161.77] 2019-07-08 11:53:20

ef

Зочин [202.179.31.110] 2019-07-08 10:26:39

Баярлах ёстой хоёрхон баярын нэг нь юмаа, үмхий амласан сда минь дуугаа тат хужаа юмуу эсвэл.харь увс юмуу чи

Зочин [202.9.42.137] 2019-07-08 09:55:21

Хээ мон балай баярлах донтой ард тумэр шуу


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.