Б.Бат-Ундрал: Эх орноо сурталчлан, дэлхийн одуудтай нэг гараанд уралдаж байгаадаа баяртай байна

М.Амаржаргал / Спорт

“Торгоны зам 2019” автомашин, мотоциклын уралдааны тамирчид өнөөдөр Монгол Улсын хилээр гарч, БНХАУ-ын нутаг дэвсгэрт тэмцээнээ үргэлжлүүлж байна. Мотоциклын төрөлд өчигдрийн байдлаар зургаа дугаартай оролцож буй Австралийн тамирчин Сэм Сандэрланд, Аргентин улсын тамирчин Лучианна Бенавадис, мөн тус улсын тамирчин Кевин Беннавид нар Даланзадгадын барианд тэргүүлэгчээр бичигдэж байгаа юм.

Харин автомашины ангилалд Катарын тамирчин хол тэргүүлж буйгаа дахин баталж, БНХАУ-ын тамирчин Лью Кун удаалсан юм. Тэмцээний багийнхан өнөөдөр өглөө 07:00 цагт БНХАУ-руу хөдөлсөн бөгөөд гараанаас өмнө Монголын багийн тамирчин Б.Бат-Ундралтай цөөн хором ярилцлаа.

image

-Авто раллигийн явц ямар байна. Өнөөдрийг хүртэл хэдэн км зам туулав, бартаа ихтэй байна уу?

-Тэмцээн долдугаар сарын 6-ны өдөр Эрхүү хотоос эхэлж, маргааш өдрөө Эрхүү-Улаан-Үүд чиглэлд уралдсан. ОХУ-д уралдсан эхний өдөр, уралдааны зам миний хувьд нэлээн “чанга” байлаа. Эхний уралдааны зам шавартай, нүх ихтэй, модон дундуур өнгөрсөн бол хоёр дахь өдрийн уралдаан ус, шавар цөөтэй ч гэсэн огцом эргэлт ихтэй байсан. Товчхондоо бол өмнө нь ийм замаар уралдаж үзээгүй. Ямар ч байсан уралдааныхаа 70 хувийг даваад гараад ирсэндээ баяртай байна. Монголдоо орж ирээд дөрөв дэх өдрөө болж байна. Мандалговь-Даланзадгад хүртэлх зам нэлээн элстэй бас нүхтэй тул уралдаанчдын чадварыг шалгасан зам байлаа.

-Уралдааны үеэр гэмтэл авсан гэж дуулсан. Гайгүй юу?

-ОХУ-д уралдаж байхдаа бага зэргийн гэмтэл авсан. Бэртлээ тэмцээний дараа эмчлүүлнэ. Тэр хүртэл тэсэх л хэрэгтэй байна.

-Уралдаанд оноолтоороо хэддүгээр байрт явж байгаа вэ?

-Мотоциклын уралдааны эмэгтэй төрөлд Испани, Орос, Чех, Монгол гээд дөрвөн тамирчин орсон. Орос, Чехийн тамирчид нэлээн хүнд бэртэлтэйгээр уралдаанаас хасагдсан. Одоо уралдаж буй Испанийн тамирчин мундаг тамирчин, дэлхийн олон удаагийн Такарт дээгүүрт бичигдэж байсан туршлагатай тамирчин. Одоогоор нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа. 40 гаруй орны 200 гаруй тамирчин дотор дэлхийн шилдгүүд ер нь олон бий. Монгол оронд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа нь эх орноо сурталчилж байгаагаас гадна, дэлхийн одуудтай нэг замаар, нэг гараанд уралдана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг мэт санагдаж байна.

-Энэ тэмцээнд оролцсоноор маш их туршлага судалж байгаа болов уу?

-Үнэхээр гайхалтай санагдаж байгаа. Өмнө нь ингэж уралдаж байгаагүй тул сэтгэл өндөр байна. Миний “нүд нээгдэж” байна. Багууд техник хэрэгсэл болоод бусад бэлтгэлээ хэрхэн базааж байгааг харлаа. Тамирчдын ур чадвар гайхалтай байгааг ч мөн харж, үлгэр дууриал авч байна. Тэмцээний зохион байгуулалт ч үнэхээр сайн байна.

image

-Өдрөөс өдөрт бариа дөхсөөр байна. Сэтгэлзүй хэр их өөрчлөгдөж байна?

-Өнөөдөр БНХАУ-ын нутаг руу орно. Уралдах замын ихэнх нь элсэн манхан. Бидэнд элсэн манхан дундуур уралдаж байсан туршлага бага. Ямартай ч замаа заавал дуусгах зорилго тавьсан. Нийт 5000 км замын ихэнхийг нь туулчихлаа. Одоо дөрвөн өдөр уралдвал Дэлхийн цомын тэмцээнийг анх удаа дуусгана гэж бодоод мөрөөдөөд байж байна. Үүний хажуугаар энэ хүртэл явж чадсандаа өөртөө баярлаж, бас өөрөөрөө бахархаж байна. Цаашдаа ч хичээнэ. Монгол Улсын нэр, олон хүний итгэл сэтгэл байна. Олон ч хүн ивээн тэтгэсэн. Энэ уралдаанд оролцоход ч гэсэн тамирчдаас их зардал шаарддаг.

-Харин техникийн хувьд хэр байв?

-Мотоцикл маань сайн байгаа. Ямартай ч бартаа таарахад даваад л гарч байна. Техник сайн болохоор сэтгэл хангалуун, бүр ч итгэлтэй байгаа. Уг уралдаанд орохоос сарын өмнө бага зэрэг бэртэл авсан байсан. Тэр маань сэдрээд биеийн бэлтгэл тиймэрхүү ч гэсэн энэ хүртэл яваад ирчихлээ.

-Тэмцээний зохион байгуулалт ямар санагдаж байна?

-Гурван улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж байгаагаас энэ тэмцээн маш сүрлэг, нэр хүндтэй томоохон уралдаан гэдэг нь харагдаж байгаа байх. Бид өмнө нь Монголд олон улсын тэмцээнд оролцож байхад уралдааны замд мал сүрэг бэлчиж байвал тойроод гардаг байлаа. Энэ удаагийн тэмцээн бол бүх зүйлийг төлөвлөсөн, хамгаалалт сайн, аргагүй л олон улсын тэмцээн гэдэг нь харагдаж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Зэвсэгт хүчний баг бие бүрэлдэхүүн, тэмцээний зохион байгуулалтад оролцсон бүх хүмүүстээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

image


Сэтгэгдэл

Цэнгэл [103.212.116.130] 2019-07-14 05:47:25

Чи мундаг шүү! Зоригтой дайчин хүн юм. Дэлхийд нэртэй олон нисгэгчидтэй эн тэнцүү уралдаж бна. Тэр бүр эмэгтэй хүн оролцоод байдаггүй хүнд тэмцээнд амжилттай явж бна. Ямар нэгэн байдлаар гарсаар байгаад хоер л эмэгтэй үлдсэний нэг нь Бат-Ундрал. Бахархаж бна. Чаид улам их амжилт хүсэе! Дэлхийд нэртэй нисгэгч болоорой!

irgen [202.70.34.115] 2019-07-14 02:36:46

bayar hurgey, AMJILT HUSEY.....URAGSHAA CHI BOL MONGOL BSGUI SHOOOOOOOOOOO..............

Зочин [64.119.19.194] 2019-07-13 22:21:22

Nuguu hulgui boldog .hen hen bilee 2 xvvxedtei nuhur haachiv .americt l kevtej bdg suragtai ted demjeech oorsdoo bolhoor sonin hevlel geel vxex gd bdg

Bolor [202.9.43.65] 2019-07-13 14:46:28

Бүр атаархаад хэрэг алга бүсгүй минь урагшаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.