Ц.Мөнх-Эрдэнэ: Эх орныхоо нэрийг дуудуулах болгондоо түүх соёл, өвөг дээдсээрээ бахархдаг

Б.Мөнхцацрал / Энтертайнмент

Уран сийлбэрч хүний ур ухаан, авьяас чадвараас бүтсэн Монголын өв соёл, түүхийг харуулсан бүтээл дэлхийн анхаарлыг татаж эхэлсэн таатай мэдээг бид дуулах боллоо. Тэр дундаа мөс, элсээр хийсэн бүтээлүүд хүн бүрийн сонирхлыг татах нь гарцаагүй. Тэгвэл энэ төрөлд Олон Улсын томоохон уралдаан тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, амжилт гаргаж яваа залуу уран бүтээлч СТА Ц.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

- Юуны өмнө Олон Улсын нэр хүндтэй уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Уралдааны сонин сайхнаасаа манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Зургадугаар сарын 4-6-ны өдрүүдэд Латви улсад зохион байгуулагдсан 13 дахь удаагийн элсэн баримлын тэмцээнд эх орноо төлөөлөн “Ятга” нэртэй бүтээлээрээ оролцоод гуравдугаар байранд шалгарлаа. Мөн дараа нь Швед улсын Калмар хотод болсон долоо дахь удаагийн уралдаанд “Бид нэг баг” нэртэй чөлөөт, хошин бүтээлээр эхнэр Э.Ууганцэцэгийн хамт оролцож тэргүүн байрт шалгараад эх орондоо ирлээ.

image

-Уран баримал, сийлбэрийг хэзээнээс урлаж эхэлсэн бэ. Гэр бүлийн хүн нь мөн уран бүтээлийн хамтрагч юм байна?

- Тэгэлгүй яахав. Эхнэр бид хоёр Дүрслэх урлагийн дээд сургуульд хамтдаа суралцаж төгссөн. Манай эхнэр монгол зургийн анги, би өөрөө уран сийлбэрийн ангийг 2004 онд төгссөн. Тэр цагаас хойш хамтдаа чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. Олон Улсын тэмцээнд 2007 оноос хойш буюу Харбины Олон улсын тэмцээнд сүүлийн 12 жилийн турш тасралтгүй оролцож байна. Мөс, цас, элс, модоор бүтээлээ хийдэг.

image

- Аливаа уран бүтээлчийн бүтээлд өнгө аяс, онцлог гэж бий. Таны бүтээлүүдээс үзэгчид юуг олж хараасай гэж хүсдэг вэ?

- Олон Улсын тэмцээн, уралдаанд ерөнхий сэдвийг цаанаас нь өгдөг. Сэдвийн дагуу оролцдог гэсэн үг л дээ. Мэдээж улсынхаа нэрийг гаргаж байгаа учир үндэсний хэв маягийг уран бүтээлдээ тусгаж өгөх нь гарцаагүй. Шинэ уран бүтээл хийж, бүтээлийнхээ санааг олохдоо түүх, туульс, домог судлах шаардлага гардаг. Түүх соёлоо харуулсан бүтээл хийхээр урамтай, бас их урам итгэл хайрлаад байх шиг болдог юм. Тэгээд ч түрүүлсэн тохиолдол цөөнгүй бий. Эх орныхоо нэрийг дуудуулах болгондоо түүх соёл, өвөг дээдсээрээ бахархдаг, Ямар сайхан түүхтэй өв соёлтой улс юм бэ бид чинь.

image

- Томоохон уран бүтээлүүдээсээ дурдахгүй юу?

- Хөвсгөлийн “Мөсний баяр”-ыг гурван жил зохион байгуулсан. Мөн Баянхонгор, Өмнөговь аймгийн цэцэрлэгт хүрээлэнд байдаг үлэг гүрвэлийн баримлуудыг дээд үеийн ах нартайгаа хамтарч хийсэн. Миний хувьд ихэвчлэн тэмцээн, уралдаан тэр дундаа Олон Улсад зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнд оролцож эх орноо сурталчлахыг зорьдог.

- Чөлөөт уран бүтээлч тэр дундаа уран барималч, сийлбэрчдийг төр засгаас хэр дэмждэг вэ. Таны хувьд Олон Улсын тэмцээн, уралдаанд оролцож эх орныхоо нэрийг багагүй гаргаж байгаа шүү дээ?

- Одоогоор чөлөөт уран бүтээлчдийг төр засгаас дэмжээд байгаа зүйл алга. Өөрсдийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөж л оролцдог.

- Ойрын үед ямар тэмцээн уралдаанд оролцохоор төлөвлөж байна?

- Ирэх аравдугаар сард АНУ-д болох “Halloween”ын баярын үеэр хулуугаар сийлбэр хийх төлөвлөгөөтэй байгаа.

- Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

- Баярлалаа.


Сэтгэгдэл

Duuk [66.181.161.113] 2019-08-07 21:59:45

You are best of world

Зочин [202.179.24.21] 2019-08-02 08:00:57

Bayar hurgie hiih ajiltai hiisen buteesnee baharhaj amidrah bur saihan ulsaas zaluu uran buteelchidee sain demjeed uguh heregtei


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.