Ваар дүүрэн өрөм, шар тос зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох цоо шинэ олдворууд олджээ

Aдмин / Боловсрол

Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ.

image

Уг судалгааны баг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшийг авран хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлыг хийжээ. Эдгээр тоногдсон булшны шороо, ухсан нүхийг нягтлан шалгах явцад Эзэнт гүрний үед холбогдох судалгаа болон үзмэрийн маш өндөр ач холбогдолтой олон тооны олдворууд илэрчээ.

Эдгээрийн дотор 700 - 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй олдворууд юм.

Түүнчлэн алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулсан байна.

image

Алтан нар, сарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурханы дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэгнүүд, бүсний алтан чимэглэл, дотроо торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны хэсгүүд, ширэн гутлын хэсгүүд, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарнууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл гэх мэт хэдэн зуун олдворууд бий.

Тус судалгааны багийг Монголын талаас Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк нар удирдан ажиллаж байна.

Энэхүү өв соёлын олдворууд нь Монголын эзэнт гүрний ялгуусан их түүхийн гэрч болон эдүгээ болоод ирээдүй хойч үеийнхний гэгээн мэлмий, гэрэлт ойг мөнхөд мялааж, үндэсний бахархал, өв соёлоо дээдлэх үзэл төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа судалгааны багийнхан хэлж байв.

Шинэ нээлтийн олдворуудыг олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал маргааш буюу 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цагаас Монголын Үндэсний музейд болно. Уг хэвлэлийн бага хурлаар нээлт болж буй шинэ ховор олдворуудыг сэтгүүлчдэд дэлгэн үзүүлэх аж.

Эх сурвалж: Монголын Үндэсний музей


Сэтгэгдэл

Зочин [103.10.22.85] 2019-08-18 07:18:51

Яах гэж тэр 800 жилиын өмнөх хүмүүс бүр газрыг цэвдэгт нь хүртэл ухаж хадгалдаг байнаа. Өнөө Чингис нь дайраад хүрээд ирэхэнр эзэд нь энэ тосуудаа дараа авна гэж нуугаад өөрсөдөө алуулсан баых .Ямар гэвч эзнд нь үрэгдэж тос нь үлджээ

Зочин [66.181.161.94] 2019-08-17 22:16:42

Morgoj baina

Зочин [103.57.92.242] 2019-08-16 17:29:14

Saihan ymaa yag 800n jil mun uu baarnii hiits n arai l orcjin ueiinh ymaaa tee

Зочин [66.181.161.78] 2019-08-16 17:41:01

Өөрөө судлаад үзэхгүй юу даа заавал сөрөг юм бичиж санаа чинь амардаг юмуу

Зочин [119.40.99.30] 2019-08-16 13:15:27

Гоё ваар байна

зочин [202.179.31.8] 2019-08-16 12:51:14

Бүр шүлс гооччихлоо идэх юмсаан.

Зочин [211.36.159.251] 2019-08-16 12:37:42

Gaihaltai

Зочин [139.5.217.66] 2019-08-16 12:17:09

800 жил хөлдүүгээр хадгалагсан ваар дүүрэн өрөм, шар ьос үнэхээр гайхамшигтай


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.