Эрүүл мэндийн сайд эмч, жолооч хоёрт баяр хүргэж, гал түймэрт өртсөн айлыг гэртэй болоход туслаарай гэв

Л.Батцэнгэл / Эрүүл мэнд

Өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө 04.30 цагийн үед Баянзүрх дүүргийн XII хороонд “Хүн угаартсан байна” гэх дуудлагаар эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нар очжээ. Гал байшингийн хажуу талын гэр лүү дамжиж, угаартсан иргэд галын аюулд өртсөн байжээ. Дуудлагын эмч мэргэжлийн ур чадвар гарган шуурхай ажиллаж, 2-13 насны таван хүүхэд, хоёр иргэнийг цаг алдалгүй гаргаж, эрдэнэт хүний амь насыг аварсан байна.Тэд угаартсан хүмүүсийг аварч түргэн тусламжийн машиндаа оруулах үед гэр шатаж нурсан аж.

Албан үүргээ гүйцэтгэж явахдаа эрдэнэт хүний амь насыг аварсан хоёрт Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Хүний төлөө” медаль гардуулж, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон бол Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл салбарынхаа хоёр ажилтныг хүлээн авч уулзан, Эрүүл мэндийн яамны жуух бичгээр шагнаж, урамшууллаа.

Түргэн тусламжийн их эмч Э.Одгэрэл болсон явдлын талаар “Өнгөрөгч сарын 19-20-нд шилжих шөнө албан үүргээ гүйцэтгэж дуудлагын дагуу очиход 50 гаруй насны иргэн хашааны гадаа тосож аваад “Байшин шатаж байна, бидэнд туслаач, гал дуудлага өгч туслаач” гэсэн. Бид шуурхай 101 рүү тусламж дуудаад, угаартсан хүмүүс хаана байгааг асуулаа. "Угаартсан иргэд урд талын гэрт бий" гэсэн.

Байшингийн гал гэрийн дээврийн цавгаар дамжин дүрэлзэн шатаж эхэлсэн учраас гэр лүү хурдан гүйж орсон. Хоймрын орон дээр таван хүүхэд, 20, 50 орчим насны хоёр эмэгтэй байлаа. Би гэр шатаж эхэлснийг дуулгаад хүүхдүүдийг ороож машинд оруулсан. Мөн 50 гаруй насны эмэгтэйг аваад гарсан. 28 орчим насны эмэгтэй хүрмээ нөмрөөд бидэнтэй хамт гарсан. Бүгд л өмссөн хувцастайгаа л гарч амжсан. Ингээд хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д хүргэж, 56 настай эмэгтэйг Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэж өгсөн” хэмээн ярьсан.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Хүний төлөө хэмээн тангараг өргөсөн хоёр ажилтнаараа бахархаж байна" хэмээгээд “Та бүхний буян заяа дэлгэрэг. Долоогийн долоон хүний алтан амь аварна гэдэг буянтай үйл хэрэг. Тиймээс миний зүгээс тусалж болох бүх зүйлээр туслахад бэлэн. Та бүхэн ч гэсэн нэгэн халуун ам бүлийг гэртэй болгох хандивын аянаа зохион байгуулаарай” хэмээлээ.

Их эмч Э.Одгэрэл нь 2012 онд “Ач” анагаах ухааны их сургууль төгссөн бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сараас эхлэн Нийслэлийн Түргэн тусламжийн төвд их эмчээр ажиллаж байгаа аж. Жолооч Т.Гүнтэвсүрэн нь тус төвд 2003 оноос хойш ажиллаж буй бөгөөд эрүүл мэндийн салбарт тасралтгүй 23 жил ажиллажээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:20:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:20:49

Зочин [83.23.234.102] 2019-12-10 15:05:59

Fotograf avgai piard vaa

Зочин [103.10.21.77] 2019-12-10 14:29:32

БАЯР ХҮРГЭЕ

Зочин [202.131.236.170] 2019-12-10 13:31:41

Хүний алтан амийг аварсан ачлалт сайхан эмч, жолооч нартаа баяр хүргэж энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

zochin [202.55.188.92] 2019-12-10 13:02:02

Sain uils hiisen emch jolooch 2 too bayr hurgie. terguunii humuusdee salbariin merguunee ugchih bsan yum daa Salbariingaa ner hundiig urgusun sain zaluusdaa amjilt husie


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.