Хүүхдүүд тамхи татах тохиолдол их болсон нь эцэг, эхийн хараа хяналттай холбоотой гэв

Н.Алтанцэцэг / Хууль

-ЕБС-ийн сурагчдын 63.1 хувь нь 14 нас хүрэхээсээ өмнө тамхи татаж үзжээ-

Манай улс цөөн хүн амтай ч тамхины хэрэглээ өндөртэй 10 орны тоонд багтдаг. Нэг хүнд ногдох тамхины тоогоороо хоёр хөршийнхөө дараа гуравдугаарт ордог. Нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг бол үүнээс Монгол эрчүүдийн 49.1 хувь нь тамхины хамааралтай, харин эмэгтэйчүүдийн 23 хувь нь тамхи татдаг юм байна.

Үүнээс ЕБС-ийн сурагчдын 63.1 хувь нь 14 нас хүрэхээсээ өмнө тамхи татаж үзсэн гэсэн судалгаа байна. Манай улсад тамхинаас үүдэлтэй уушигны хорт хавдраар өвчилсөн хүний тоо 16 мянгад хүрчээ. Энэ нь тамхидалтын хор уршиг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг харуулж байна. Тамхи татдаг хүн хорт хавдар өвчнөөр өвчлөхөөс гадна амны хөндий, улаан хоолойн хорт хавдраар давхар өвчилдөг гэнэ.

Тиймээс ЭМЯ, БСШУСЯ, НЗДТГ, ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах алба, Нийслэлийн Боловсролын газар, JCI МОНГОЛ байгууллага, JCI GRAND салбар байгууллага санаачлан “Хор баяртай” аяныг хэрэгжүүлэхээр болсон байна. Өнгөрсөн сарын 25-наас эхэлсэн "Хор баяртай" тамхинаас татгалзах үндэсний аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдад тамхины хор хөнөөлийг таниулах нөлөөллийн ажлыг өрнүүлж байна.

image

Энэ хүрээнд Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 1,000 орчим хүүхдэд нөлөөллийн сургалт, арга хэмжээ зохион байгууллаа. “Хор баяртай” аянаар нийслэлийн 6-12 дугаар ангийн 6,000 орчим хүүхдэд тамхины хор уршгийг сурталчлан таниулах зорилготой. Энэхүү аян маань 2020 оноос 21 аймагт хэрэгжих юм байна.

Эцэг, эх нь тамхи татдаг бол хүүхэд тамхинд орох магадлал нь хоёр дахин их байдаг

image

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар “Зөв дадлыг хэвшлүүлэх зорилгоор “Хор баяртай” гэдэг тамхинаас татгалзах аяныг зохион байгуулж байгаа. Иргэдийн тамхи татаж байгаа асуудлыг судалж үзэхэд ихэвчлэн сургуульд байхдаа татаж үзсэн байна. Бидний үзэж байгаагаар тамхинд ороход орчин нөлөөлж байна. Эцэг, эх нь тамхи татдаг бол хүүхэд тамхинд орох магадлал нь хоёр дахин их байдаг. Иймд эцэг, эхчүүд өөрөө эхэлж тамхинаасаа гарчихаад дараа нь шаардлага тавих хэрэгтэй. Хүүхдүүдэд тамхи татах нь хортой талаар олон байгууллага ярьдаг. Гэвч үүнийг харж, сонсоод хүүхдүүд тамхи татсаар л байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд тамхи татах нь хортой гэдгийг мэдсээр байж хэрэглээд байгаа нь харамсалтай. Тийм учраас хүүхдүүдийн орчинд чиглэсэн, хүүхдүүдэд нөлөөлөхөөр үйл ажиллагааг явуулах хэрэгтэй” гэлээ.

Хор баяртай аян нэлээд үр дүнтэй ажил болж байгаа

image

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “2018-2019 онуудад хүүхдэд хэрэгцээтэй хөтөлбөр байгаа. Хүүхдийг монгол хүн болгож төлөвшүүлэх, эрүүл ес зүйтэй иргэн болгож төлөвшүүлэх хэд хэдэн хөтөлбөрийг шинээр баталж хэрэгжүүлж байна. Мөн эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг сургалтын төлөвлөгөөнд оруулж, заавал судлах цагаар хөтөлбөрийг шинэчилсэн. Зургаан агуулгатай бөгөөд хорт зуршил гэсэн бие даасан агуулга оруулсан. Энэ нь 4-6 дугаар ангид нэг цагаар орно. Жилийн турш 33-35 цагаар судалж байгаа. Мөн энэ хичээлийн жилд Иргэний боловсролын хичээлийн агуулгыг шинэчилж, Иргэний ёс зүй гэсэн агуулгыг оруулсан. Иргэний ёс зүйн боловсролын хичээл дээр хүүхдүүдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтын агуулгууд бий. Тус хичээлийн цагаар хүүхдүүд энэ талаар судалж байгаа боловч бодит байдал дээр хичээлийн агуулгыг бататгаж, төлөвшилт болгох нь чухал. Тиймээс “Хор баяртай” аяныг нэлээд үр дүнтэй ажил болж байгаа гэж харж байна” гэдгийг онцлон хэлсэн юм.

12-13 насны хүүхдүүд тамхи татаж байгаа

image

Сонгинохайрхан дүүргийн 76 сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Нямаа-Од:Тамхины хор хөнөөлийн талаар мэдэж байгаа хирнээ хэрэглэдэг. Мөн манайх тамхины тухай хуулиа мөрдөж ажиллахгүй байна. Манай сургуулийн хүүхдүүдийн 30 хувь нь тамхи хэрэглэдэг. Мөн 12-13 насны хүүхдүүд тамхи татаж байгаа бол ахлах ангийн охидууд тамхи татаж байна. Сургуулийн орчинд тамхи татдаг асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Багш сурган хүмүүжүүлэгч нар анхааралдаа авч, тамхины хор хөнөөлийн талаар мэдээлэл зөвлөгөө өгдөг. Гэвч сургуулийн хүүхдүүд нууцаар байшингийн буланд очиж татаж байна. Иймээс эцэг эхчүүд ч гэсэн анхаарах хэрэгтэй.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ дэргэд тамхи татахгүй зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй

image

67 дугаар сургуулийн сурагч Э.Пүрэвбазар “Олон жил тамхи татсан томчууд тамхи татахгүй байж чадахгүй, уур нь хүрээд байдаг болчихдог юм шиг санагддаг. Тамхи татаж байгаа ихэнх хүнийг анзаарахад маш их ханиалгадгаас гадна шүлс, цэрээ энд тэндгүй хаядаг. Энэ нь хүүхдүүд бидэнд их муухай сэтгэгдэл төрүүлдэг. Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдийнхээ дэргэд тамхи татахгүй зөв үлгэр дуурайлал үзүүлж чадвал хүүхдүүд ч том болоод тамхи татахгүй байх гэж бодож байна. Харин хүүхдүүд өөрсдөө тамхи татдаг найз нөхдөдөө шаардлага тавьж, гол нь өөрөө уруу татагдаж болохгүй” гэдгийг онцлон хэлж байв.

Хүүхдүүд тамхи татах тохиолдол их болсон нь эцэг, эхийн хараа хяналттай холбоотой

image

Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуулийн 7а ангийн сурагч Б.Удвал “Тамхи, архи ууж байгаа хүмүүс эх дэлхийд асар их хэмжээний хохирол учруулж байгаа. Сүүлийн үед сургуулийн сурагч ч архи, тамхийг ихээр хэрэглэх болсон тухай би олон сонссон. Иймд би хүүхдүүдийг утаат тамхинаас татгалзахыг уриалж байна. Бид өөрсдөө өөрийнхөө эрүүл мэндэд хариуцлагатай хандах хэрэгтэй. Мөн эцэг, эхчүүд ч хүүхдээ тамхи татуулахгүй байх тал дээр анхаараасай. Учир нь эцэг, эхчүүд өглөө ажилдаа гарч, орой л гэртээ ирцгээдэг. Харин энэ хооронд хүүхдээ юу хийж, хаагуур явж байгааг тэр бүр анзаардаггүй юм болов уу. Хүүхдүүд тамхи татах тохиолдол их болсон нь эцэг, эхийн хараа хяналттай ч холбоотой байх” гэв.

Бидний үеийнхэн тамхи татаж байгаа нь нийгмийн гажуудал

image

Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б. Эрмүүн: Тамхинд мянга гаруй химийн хор байдаг гэж үздэг. Харин мэдэгдэхгүй хэчнээн хор байгааг бид мэдэхгүй байгаа. Сургуулийн орчинд насанд хүрсэн хүмүүс тамхи маш их татаж явдаг. Тамхи татаж байгаа хүний хажууд байгаа хүн 80 хувь хорддог гэсэн. Тамхи татаж байгаа хүмүүс тамхи татдаг цэг рүү орж татдаггүй. Мөн тамхи татсаны дараа шүлсээ их хаядаг. Харин тамхины хог болон шүлсийг нь ТҮЦ-ийн цэвэрлэгч нар хусаж цэвэрлэдэг. Түүнийг харахаар сэтгэл зовдог. Бидний үеийнхэн тамхи татаж байгаа нь нийгмийн гажуудал гэж үздэг” гэлээ.


Сэтгэгдэл

Эцэг, эхийн хараа хяналт [192.82.75.162] 2019-12-12 12:57:27

Асуудлыг "Эцэг, эхийн хараа хяналт" гэж их сайхан тайлбарлав. Үнэн хэрэгтээ сургууль болгоны ойролцоо түүц, дэлгүүрүүд тамхи зардаг. Бүүр ШИРХЭГЛЭЖ зардаг л байхгүй юу. Асуудлаа судлаагүй шоудахаа болих хэрэгтэй мэдээ зохиогч.

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:16:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:16:08


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.