“Hackaton 2025 - Future of Digi Pay” тэмцээний ялагчид 20 сая төгрөг хүртлээ

ХААН Банкны стратегийн бодлого, үнэт зүйлстэй нийцэх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, чадварлаг мэргэжилтнүүдийг дэмжих “Hackaton 2025 - Future of Digi Pay” тэмцээний ялагчид өнөөдөр тодорлоо.
Тэмцээний сүүлийн шатанд CJS, Flow, Erchim Labs, Артемиз, ABBA, Digicoin, 4w багууд шалгарч ХААН Банкны менторуудаас зөвлөгөө авч 72 цагийн турш ХААН театрт байрлан санаагаа хөгжүүлсэн билээ.
Энэ удаагийн тэмцээний ялагчаар Digi Pay апп-аар хийх гүйлгээ бүрээсээ бичил хуримтлал үүсгэх санаа хөгжүүлсэн “Flow” багийн залуус тодорч 20,000,000 төгрөг хүртлээ. Удаах байранд, “Digi City” буюу хадгаламж хийх бүрд оноо цуглуулж, оноо нэмэгдэх хэрээр хотоо хөгжүүлэх санаа дэвшүүлсэн “4W” баг шалгарч, 15,000,000 төгрөг, гуравдугаар байранд найзууд, хамт олон групп үүсгэн хуримтал үүсгэх, хуримтлалаа тогтмол хийх бүрд оноо илүү цуглуулах санаа хөгжүүлсэн “ABBA” баг шалгарч 10,000,000 төгрөгийн эзэд боллоо.
Шилдэг багуудыг тодруулахдаа шүүгчид хөгжүүлсэн санаа шийдлийн шинэлэг байдал, хэрэгжих боломж, техникийн гүйцэтгэл, бизнес болон нийгмийн нөлөө, тайзан дээрх танилцуулга зэргийг цогцоор нь үнэлж шалгаруулсан юм.
Энэ удаагийн “Hackaton 2025” тэмцээнээр онцолж буй Digi Pay аппликэйшний хувьд ХААН Банкны бүх төрлийн картаа холбоод өдөр тутмын амьдралын хэв маягтаа тохирсон санхүүгийн үйлчилгээг тав тухтай, хурдан шуурхай авах боломжтой ухаалаг цахим хэтэвч юм. Digi Pay апп нь 100,000 төгрөгөөс доош дүнтэй гүйлгээнд нууц үг шаардахгүй, харин түүнээс дээш үнийн дүн бүхий гүйлгээнд нууц үг хийхдээ царай таних, хурууны хээ таних зэрэг биометрик ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай. Тус аппликэйшнийг ХААН Банкны IT-гийн чадварлаг залуус хөгжүүлж, жил гаруйн өмнө зах зээлд нэвтрүүлсний дээр өнөөдрийг хүртэл тасралтгүй сайжруулсаар өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх super app болгон хэрэглээнд нэвтрүүлээд буй билээ.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Сэтгэгдэл