Маргаашнаас ихэнх нутгаар цас орно

Өнөөдөр, маргааш буюу энэ сарын 12, 13-нд нутгийн хойд хэсгээр, энэ сарын 14-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурч ихэнх нутгаар сэрүүснэ.
Тодруулбал, маргааш буюу энэ сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Сэтгэгдэл