Малын хулгайгаас урьдчилан сэргийлэх хуулийг Засгийн газар хэрэгжүүлэх хэрэгтэй

Л.Батцэнгэл / Улстөр

УИХ-ын нэгдсэн чуулганаар Малын хулгайн гэмт хэрэг, ялын бодлогыг чангатгах талаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Би Эрүүгийн хуулин дээр асуулт асуухаас аргагүй байдаг юм. Ер нь бол хэцүү хууль аа. “Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц” гэж үг байдаг. Энэ олон жил Эрүүгийн хуулийн асуудлаар хүмүүсээс гомдол санал сонсож байгаагийн хувьд олон нийтийн дунд яригдаж байгаа зүйлийг асууж, ярьж, анхааруулахаас аргагүй байгаа юм. Тийм учраас асууж ярьж байгаа юм. Тэрнээс биш, энэ чинь нарийн мэргэжил шаардсан зүйл байдаг юм шиг байна л даа. Би одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө гарсан хоёр жишээг хэлье. Нэгдүгээрт, хөдөө очсон чинь нэг хүүхэд угж хөхчихсөн байж байсан. 16-17-той баньд. Яагаад угж хөхөөд байж байгаа юм гэсэн чинь мөрдөнгөөс тураалд орчихоод гарч ирсэн гэж байсан. Их гомдолтой байсан. Нэг хонь хулгайлсан хэрэгт хоёр хүүхэд сэрдэгдэн хоригдсон байгаа юм. Эцгийг нь нуун дарагдуулсан хэргээр барих болсон чинь бамбай булчирхайтай эгч нь араас нь очоод зүрх нь хаагдаад нас барсан. Хонь хулгайлсан нь тогтоогдоогүй. Тэр айлын амьдралд маш их хэцүү байдал бий болсон. Малын хулгайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд ийм доголдол гарч байсан учраас тухайн үед би цагдаагийн байгууллага руу тэр гомдол, саналыг нь бичээд явуулж байсан. Хоёрдахь нь хоёр морь хулгай хийж баригдаад, ногтыг нь эзэнд нь өгсөн. Дараагаар нь таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж мөрдөнд орсон. Сар гаруй суугаад гараад ирэхдээ өөрөө ногтыг нь өгчихөөд “Би хулгай хийгээгүй, өөр хүн хулгай хийсэн” гэж мэдүүлсэн. Тэгээд яасан гэсэн чинь тэр мөрдөнд сууж байсан зуу гаруй бодын хэрэгтэй хүнд нөгөө хоёр морио ацаглачихсан байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан иймэрхүү маягтай хоёр явдал байна. Нэг нь хийгээгүй хэрэг, нөгөөх нь хийсэн хэрэг гардаг. Энэнээс болоод иргэд хохирдог. Малын хулгай гэдэг чинь ийм зүйл. Энэ бол хуультай холбоогүй, үйл ажиллагаатай холбоотой болоод байгаа юм. Тийм учраас мал хулгайлах процессын үйл ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой дотоодын хяналт гээд бүгд иж бүрэн байх ёстой юм шиг байгаа юм. Бид өнөөдөр малын хулгайг ярьж байна. Амьжиргаанаас нь салгаж байна. Хоёрт, би Нямбаатар даргаас асууя. Тэтгэврийн хөгшин зах дээр 50 мянган төгрөгөө алдчихаад уйлаад байна. Цагаан сар болох гэж байхад. Тэр тавин мянган төгрөг малтай адилхан тэр хүний амьжиргаа учраас энэний зүйлчлэл ямар байдаг юм бэ гэж би бас асууя. Малын тухайд ашиг шимийн мал гэж ярьж байна. Бас л орохоос л аргагүй зүйл заалт яах аргагүй мөн. Улсын наадамд түрүүлсэн даага тэр оройдоо алга болсон чинь маргааш нь нядлагдаад хиаман цехэд ороод хиам болчихсон, тийм үү, эзэн нь сэтгэлээр унаад хавдартай хүн байгаад түргэслээ гэж орж ирж байгаа юм. Иймэрхүү маягтай юм орж ирж байгаа юм. Эрүүгийн хуулийн заалт чангарч байгаа нь нэг асуудал юм. Кримонологи гэж бас тусдаа шинжлэх ухаан байгаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн болон тусгай арга хэмжээ, нийтлэг арга хэмжээ гээд тэр аяараа шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан сэргийлэх цогц зүйлийг Эрүүгийн хуульд хийж байж чангатгахгүй бол цагдаагийн байгууллага хулгайтай тэмцээд байна, тэмцээд байна, ганцхан тэрүүгээр ажил явахгүй. Тийм учраас малын хулгайн асуудлыг ээмэгтэй болгох, чиптэй, бүртгэлтэй болгож Малын хулгайгаас урьдчилсан сэргийлэх хуулиа сайжруулах юм биш үү гэхэд Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:

-Лүндээжанцан гишүүн, криминологийн асуудлыг хөндөж ярилаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм уу, гэмт хэргийг таслан зогсоох зөвхөн Эрүүгийн хуулинд зааснаар ялын бодлогыг чангатгах төдийгөөр зогсох зүйл биш ээ. Энэ цогц асуудал. Бид өнгөрсөн чуулганаар Гэмт хэрэг эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг батлан гаргасан. Хууль тогтоомжийг хангуулах үүргийг Засгийн газрын чиг үүрэг. Малын хулгайн гэмт хэрэг өнгөрсөн жилийн эхний 11 сарын байдлаар бараг 1800-гаад бүртгэгдээд байгаа. Гэмт хэргийн урьдчилан сэргийлэх байдлыг хангуулах чиглэлээр Засгийн газар дорвитой ажиллахгүй бол болохгүй. Өнөөдөр бид Малын хулгайн гэмт хэргийн ялыг чангатгаад шийдчихэж байна. Энэ бол зөвхөн л нэг арга хэрэгсэл. Гэмт хэргээс яаж урьдчилан сэргийлэх вэ, хөршийн холбоодыг яаж үүсгэх вэ, аж ахуйн нэгж байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүлээсэн үүргээ яаж биелүүлэх вэ, иргэд гэмт хэргийн мэдээ мэдээллийг цагдаагийн болон холбогдох байгууллагуудад яаж гаргах вэ, гэмт хэрэг үйлдэж болзошгүй хүмүүстэй зөвлөлүүд хэрхэн хамтарч ажиллах вэ гэсэн цогц ажлуудыг хийж байж гэмт хэргийн гаралтыг бууруулах талаархи ажил илүү үр дүнтэй болох байх аа. Тэрнээс биш ялыг нь чангатгаад хэдэн залуус амьдралынхаа сайхан үеийг мөрдөнгийн өрөөнд мөрдөн шалгах цаг хугацаанд захирагдан хоригдсоноор асуудал шийдэгдэхгүй. Сүүлийн үед залуус амар хялбар аргаар амьдрахын тулд малын хулгайд халтирч орж байгаа гэж криминологийн чиглэлийн судлаачид илүү ярьж байгаа. Тийм учраас малын хулгайн гэмт хэрэг дээр Засгийн газар соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаасай гэдгийг энэ дашрамд хэлье гэж хариуллаа.


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.129] 2020-01-10 06:24:48

Лүндээжанцан хэлэхдээ: Малын хулгай чинь манай Увс, Өвөрхангайд бол жирийн л байдаг зүйл шдээ юун сүртэй юм. Манай нутагт өөрөөсөө идэш иддэг айл нэг ч байхгүй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.