ТОЙМ: Улсын Их Хурал өнгөрсөн долоо хоногт

Ц.Анударь / Улстөр

Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт 2020 оны нэгдүгээр сарын 06-нд өргөн барилаа.

image

Тэтгэврийн зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараатай арга хэмжээ авч, нэг жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг найман хувиар бууруулж 10 хувьд, нэг жилээс дээш хугацаатай зээлийн хүүг 2.4 хувиар бууруулж 15.6 хувьд хүргэснээс гадна сарын тэтгэврийн 70 хувьд зээл олгох, үлдэх 30 хувийг заавал ахмадуудад үлдээж байхаар шийдвэрлэсэн юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх, цаашид тэтгэвэр барьцаалсан зээл олгохгүй байх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан билээ. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулсан байна. (2020.01.06)

Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2020 оны анхны хуралдаан 2020 оны нэгдүгээр сарын 07-нд болов.Хуралдаан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийнхэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж, тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулжээ. Зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1 298 047 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 31 461 221 га байсан бөгөөд эдгээр газруудын шинээр болон өргөтгөлөөр авснаар 32 759 268 га болж Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20.94 хувийг эзлэнэ гэж төсөлд дурджээ.Ингээд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. (2020.01.07)

image

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлж, шинээр томиллоо

УИХ-ын чуулганы 2020 оны нэгдүгээр сарын 8-ны нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Б.Билэгт, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжив. Монгол Улсын Ерөнхийлөгч Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа Гочоосүрэнгийн Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа Эрдэнэбилэгийн Батболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгосныг дэмжлээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Дугардоржийн Баяндүүрэн, Одонмажигийн Амгаланбаатар нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгосныг мөн дэмжлээ. Нэр дэвшигч Б.Ганбатыг улируулан томилов. (2020.01.08)

image

Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийг төрөөс нэг удаа төлөх дээд хэмжээг зургаан сая төгрөгөөр тогтоов

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны 2020 оны нэгдүгээр сарын 8-ны хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын даргын 2020 оны 10 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, УИХ дахь Монгол ардын намын бүлэг, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг үндэслэн зарчмын асуудлыг төсөлд тусгасан.Тэтгэвэр авагч нарын тэтгэврийн хэмжээ, зээлийн төлбөрийн хугацаанаас хамааран зээлтэй тэтгэвэр авагчдын 2019 оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдлийн дүн харилцан адилгүй байна. Иймд тэтгэврийн зээлтэй иргэдэд тэгш үйлчлэх зорилгоор зээл чөлөөлөх дээд хэмжээг зургаан сая төгрөгөөр тогтоох, түүнээс дээших дүнг иргэн өөрөө хариуцан төлөх зохицуулалтыг төслийн 4.4 дэх хэсэгт тусгалаа. Энэхүү зохицуулалтыг оруулснаар хуулийн зохицуулалт нь зээлтэй тэтгэвэр авагчдын 90.8, зээлийн дүнгийн 75.2 хувийг хамарна. (2020.01.08)

Үндэсний геологийн алба байгуулах Тогтоолын төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.Тогтоолын төсөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба” байгуулахаар тусгажээ.Уг алба нь Монгол орны газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологи, геохими, геофизик зэрэг судалгааны аргуудаар цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэн эрдэс баялгийг нээн илрүүлж, улсын мэдээллийн санд бүртгүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, эрдсийн шинжилгээ хийх, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулна. (2020.01.09)

image

Тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы 2020 оны нэгдүгээр сарын 10-ны хуралдаанаар Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр өргөн барьсан “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг байнгын хороогоор хэлэлцсэн талаар танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар хийсэн юм. Хуулийн төслийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөхийг чуулганд оролцож буй 44 гишүүний 77.3 хувь нь дэмжлээ. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураасан бөгөөд УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр өргөн барьсан “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг 79.5 хувийн саналаар баталлаа. (2020.01.10)


Сэтгэгдэл

За гайгүй ээ [202.126.88.198] 2020-01-13 07:13:50

Алагчилсаны гороо амсанаа таануус


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.