ТОЙМ: Улс төр- Өнгөрсөн долоо хоногт (2020.02.10-14)

Ц.Анударь / Улстөр

Улсын Онцгой комиссын хуралдаанаар шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн нөхцөл байдалтай танилцав. Хуралдаанаар Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргаж, Ерөнхийлөгчид танилцууллаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин "УОК-оос Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ийм арга хэмжээг нэг удаа авах нь зүйтэй гэж үзэж байна. Хөл хөдөлгөөнийг хориглох асуудал хамгийн гол нь. Бусад орноос авч болох хамгийн том сургамж бол хөл, хөдөлгөөнийг хорьж чадаагүйтэй холбоотой. Энэ сургамжаас бид суралцах ёстой. Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын уламжлалт сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тавьж, шийдвэрлүүлнэ. Гэр бүлийн гишүүдийн дунд золголтоо хийх нь ойлгомжтой зүйл. Үүнийг хэт туйлшруулж ойлгож болохгүй. Хөл, хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана. УОК-оос Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа” гэжээ.

(2020.02.10)

Ардчилсан нам ташаа мэдээлэлд залруулга хийв

Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тус намаас гаргасан албан ёсны мэдэгдлийг уншиж, танилцууллаа.

"АН болон Хятадын Коммунист намын хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны арваннэгдүгээр сард АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист намын урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд Хятадын Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн болон тус хорооны олон улсын харилцааны газрын дарга албаны бусад хүмүүстэй уулзаж улс хоорондын найрсаг харилцаа болон намуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцсон. Хятадын Коммунист намын зүгээс дэлхийн улс төрийн намуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд идэвхтэй байр сууриа илэрхийлдэг бөгөөд дэлхийн улс төрийн намуудын дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулж ирсэн. Энэхүү зарчмынхаа хүрээнд Монгол Улсын улс төрийн хүчнүүд, улс төрийн намуудтай адил түвшинд харилцан хамтран ажиллаж УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөлөгчдийг солилцох хөтөлбөрийг олон жил хэрэгжүүлж ирсний нэг жишээ нь АН-ын төлөөлөгчдийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал юм.

УИХ-ын сонгууль ойртсон энэ үед АН-ын нэр хүндийг унагах, АН-ын гадаад харилцаа бусад улс орны улс төрийн намуудтай хийж буй хамтын ажиллагаанд сэв сууж болзошгүй гүтгэлийн чанартай мэдээг зарим намын удирдлагууд мөн нэр хаяг тодорхой бус хаягуудаас тарааж байгааг АН-ын гишүүд, дэмжигчид эрс буруушаан эсэргүүцэж байна. АН-ын зүгээс бусад улс орон тэр дундаа Хятадын Коммунист намтай сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратеги түншлэлийн харилцааг намуудын хамтын ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх талаар аливаа уулзалт яриаг хийж байгаа бөгөөд сонгуулийн дэмжлэгийн тухай санхүүжилтийн талаар огтхон ч дурдаагүй яриа хэлэлцээр хийгээгүй цаашид ч ийм агуулга бүхий харилцаа манай намын гадаад бодлогод огтоос үгүйг хариуцлагатайгаар хатуу мэдэгдэж байна.

Цаашид Монгол Улсын нийт ард иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдлэн Монгол Улсын нэр хүндийг эрхэмлэн үзэх, сонгуулийг сурталчилгаа өөрсдийн улс төрийн байр суурийг илэрхийлэхдээ гадаад улсын нэр хүндэд бүдүүлгээр халдах ард түмнээ талцуулах өдөөн турхирах ор үндэсгүй гүтгэн доромжлохоос ангид байж улс төрийн соёлтой, бие биеэ хүндэтгэн үйл ажиллагаагаа явуулахыг АН-ын зүгээс нийт улс төрийн намуудад уриалж байна” гэв.

(2020.02.11)

ЗАСГИЙН ГАЗАР: Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ

Дэлхийн улс орнууд болон хөрш БНХАУ-д Шинэ коронавирусын тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газарт чиглэл болгосон байна. Энэ дагуу Засгийн газар Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ. Иргэд зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд, аль болох цомхон тэмдэглэх нь нээлттэй. Гагцхүү золгуут хийхээр айл хэсэхгүй, олноороо нэг дор цугларахгүй байж, болзошгүй эрсдэлээс өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахыг уриалав. Засгийн газар өмнө нь Цагаан сарын баяраар бөхийн барилдаан зохиох, төрийн, нутгийн зөвлөл, байгууллагуудын золголт зэргийг хориглосон шийдвэр гаргаад байсан юм. Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-наас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшгийн зарлан мэдээлэх дохиог иргэдэд хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг нэн даруй дамжуулах, хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлах, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн нөөцийг нэмэх зэрэг арга хэмжээ авдаг байна. Мөн Цагаан сарын баярт зориулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, телевиз, радиогоор зар сурталчилгаа явуулахыг хориглосон. Засгийн газар баярын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгохтой холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй байна. (2020.02.12)

Монгол Улс, БНХАУ хооронд агаар, төмөр замаар зорчих хөдөлгөөнийг зогсоов

Өчигдрөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоолоо. Энэ нь БНХАУ-аас ирэх болон тус улсад зорчихыг бүрэн хориглож байна гэсэн үг юм. Гэхдээ бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хэвийн үргэлжилнэ. БНХАУ-д зайлшгүй шаардлагаар зорчихоор галт тэрэг, онгоцны тасалбар захиалсан бол “МИАТ”, “Улаанбаатар төмөр зам” компани мөнгийг нь ямар нэгэн шимтгэлгүйгээр буцаан олгоно. Засгийн газрын тогтоолын дагуу 2020 оны хоёрдугаар сарын 01-нээс хойш БНХАУ-ын иргэд болон тус улсаар дамжин Монгол Улсад зорчих иргэдийг нэвтрүүлээгүй байна. Засгийн газар БНХАУ-д байгаа Монгол иргэдээ 2020 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр хүртэл бүх боомтоор, мөн өдрөөс хойш зөвхөн Замын-Үүд болон Буят-Ухаа боомтоор хүлээн авсан. Хилээр зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоосноос хойш БНХАУ-д байгаа Монгол иргэдийг тусгай нислэгээр авчрах шаардлага гарч болзошгүй. Энэ тохиолдолд шаардагдах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах бөгөөд ирсэн тохиолдолд тусгаарлана гэжээ.

(2020.02.13)

УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Элчин сайд, цаг гарган хүлээн авч уулзаж буй УИХ-ын даргад талархал илэрхийлээд БНХАУ Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли Жаньшугийн мэндчилгээг уламжиллаа. Сүүлийн жилүүдэд БНХАУ, Монгол Улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, амжилттай хөгжиж ирснийг тэрбээр тэмдэглээд БНХАУ үүнд ихээхэн сэтгэл хангалуун байгааг дуулгав.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж Монголын зүйр үг бий. Энэ цаг үед Монгол Улс, төр засаг, түүний дотор Улсын Их Хурал халдварт вирусээс иргэдээ болон дэлхий дахиныг хамгаалах, учирсан хор уршгийг богино хугацаанд даван туулахаар тэмцэж буй БНХАУ-ын ард иргэдтэй эв санааны нэгдэлтэй байна. Хүн төрөлхтний өмнө тулгарч буй энэхүү сорилт, бэрхшээлийг бид хамтдаа давж гарах болно. Тэр дундаа БНХАУ сорилт, бэрхшээлийг богино хугацаанд амжилттай давна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Түүнчлэн “ДЭМБ-аас манай улсыг эрсдэл өндөртэй орны тоонд оруулж, бэлэн байдалд байхыг сануулсан. Тиймээс өчигдөр Засгийн газар хуралдаж Монгол Улс, БНХАУ-ын хоорондох бүх боомтуудаар ирэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна. Энэ талаар “Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийн дагуу Хятадын талд албан ёсоор мэдэгдэж байгаа болно. Өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг зөвөөр ойлгоно гэдэгт итгэж байна” гэв.

(2020.02.14)


Сэтгэгдэл

зочин [103.212.118.152] 2020-02-16 01:33:21

бас зам тээврийн сайд ухааны юмаа хажуудаа суулгаад ирээрэй

Зочин [202.9.46.204] 2020-02-15 13:54:13

Дарханы замаар торийн 3 ондор гээд бгаа хумуус машинаа унаад оороо бариад дархан хуртэл ирээд уздээ яаж улс орныг ингэж удиржаж ажлаа хийдэг улс бэ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.