ТОЙМ: Улс төрийн үйл явдал - Өнгөрсөн долоо хоногт (2020.02.17-21)

Ц.Анударь / Улстөр

Ээлжит чуулганы хугацаанд БОХХАА-н байнгын хороо 34 хуулийн төслийг хэлэлцэв

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо арван удаа хуралдаж, хуулийн төсөл 34, УИХ-ын тогтоолын төсөл гурвыг хэлэлцэж, яам, агентлаг, байгууллагын тайлан, мэдээлэл хоёрыг сонсож, хууль, Улсын Их Хурлын тогтоол тус тус хоёрыг батлуулсан байна. Байнгын хорооноос төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт долоо, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт дөрөв, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга нэг, зарчмын зөрүүтэй саналын томьёолол арав, Ажлын хэсгийн танилцуулга хоёр, Байнгын хорооны зургаан тогтоол баталжээ.

(2020.02.17)

Г.Занданшатар амны хаалт, ариутгагч бодисын хүрэлцээ хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлийн зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангууд, “Бөмбөгөр” худалдааны төвөөр орж, амны хаалт, ариутгагч бодисын хүрэлцээ хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцав.

image

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Өнгөрөгч амралтын өдрүүдэд Үндэсний статистикийн газар болон бусад холбогдох байгууллагууд зах, худалдааны төвүүдээр судалгаа хийж үзсэн. Супермаркетуудын хувьд үнийн өсөлт харьцангуй бага байсан бол бөөний худалдааны төвүүд дээр өсөлттэй харагдлаа. Зохиомол хомсдол үүсгэж, өргөн хэрэглээний барааны үнийг хөөрөгдөх байдлыг зогсоох талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тодорхой арга хэмжээ авахыг чиглэл болгосон" гэлээ.

(2020.02.17)

Үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, амны хаалт, ариутгах бодис, хүнсний хангамжийн асуудлаар санал солилцов

УИХ-ын дарга Г.Занданшатар үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, амны хаалт, ариутгах бодис, хүнсний хангамжийн асуудлаар ярилцаж, санал солилцов.

image

Дэлхийн зах зээл дээр амны хаалтны түүхий эд болон өргөн хэрэглээний гурил, элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тос, улаан буудайн үнэ нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд энэ нь хүнсний хангамжийн 90 гаруй хувь нь импортоос шууд хамаардаг манай улсын хувьд хүндрэл учруулж магадгүй. Тиймээс валютын ханшийг тогтвортой байлгах талаар анхаарах шаардлагатай гэсэн асуудлыг үйлдвэрлэл эрхлэгчид хөнджээ.Тэд стратегийн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний гаалийн болон бусад төрлийн татвар төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргах шаардлага байгааг УИХ-ын даргад уламжилсан юм. Ингэснээр бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орохгүйн дээр нөөц бүрдүүлэх боломжтой болно гэжээ.

(2020.02.18)

Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх хууль амжилттай хэрэгжиж, иргэд тэтгэврээ хугацаанд нь бүрэн авчээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх тухай УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яам, төрийн өмчит компани, банкуудын удирдлагуудтай уулзаж ярилцсан байна. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэд хэдэн шийдвэр гаргаж, зургаан саяас доош төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх, тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн, зээлийн үлдэгдэл нь нэг сая төгрөгөөс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаас эзэмшүүлэх үйл явц амжилттай үргэлжилж байгааг танилцуулав. Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийг таван жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэй “Эрдэнэс” бондоор солиход үүсэх хүүгийн зөрөөний асуудлыг аль аль талдаа хохиролгүйгээр, хуулийн хүрээнд хэрхэн шийдэх талаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрчээ.

(2020.02.18)

АБГББХ: "COVID-19” вирусын халдварын талаарх цаг үеийн мэдээллийг сонслоо

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ. Үүнд:

  • Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч буй зарим арга хэмжээний талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох
  • АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээх талаар зөвшилцөх
  • Монгол Улс, АНУ-ын cтратегийн түншлэлийг бэхжүүлэх
  • Гадаад харилцааны яамны 2019 оны ажлын тайланг тус тус хэлэлцлээ.

image

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: “Коронавирус тарваган тахлаас мянга дахин илүү аюултай. Иргэд маань ялангуяа онцгой анхаарах ёстой. Монгол Улсын Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч, ЭМЯ, ГХЯ, ОБЕГ гээд хаа сайгүй үүргээ сайн биелүүлж байна. Эрсдлээс сэргийлсэн боломжит бүх арга хэмжээг авлаа. Үүний хүчинд Монгол Улсад коронавирус орж ирээгүй байна гэдэг нь хүнд үед улс орон ажиллаж чаддаг гэдгийг баталж байна. Монгол хамгийн эрсдэлтэй оронд тооцогдож байгаа. Вирусын халдвар агаар дуслын замаар ороод ирэх ийм л зүйлтэй тэмцэж байгаа гэдгийг иргэдэд онцгойлон анхааруулах хэрэгтэй. Хүнээ эрүүл байлгах, эх орондоо коронавирусын халдварыг тархаахгүй байх нь Монгол Улсын дархлаа, эдийн засгийн чадамж нэмэгдэх том боломж. Эдийн засаг асар их хүндрэлүүдийг амсаж байна. Одоо эх орондоо халдварыг оруулахгүй байхад онцгой анхаармаар байна. Одоо “шоу”-ддаг үе биш ээ. Хичээе. Тэр золголтын асуудлыг тэвчье л дээ, хэдүүлээ. Золголтоо интернэтээр хий. Айл хэсэхгүй гэр бүлийнхээ хүрээнд золголтоо хийе. Зуны дэлгэр цагт торгон дээлээ өмсөөд явна биз. Хамгийн гол нь коронавирусыг Монгол оронд оруулахгүй байх нь төрийн хар хайрцагны бодлого гэж ойлгоод тал талдаа хичээж ажиллая” гэв.

(2020.02.19)

УОК: Сар шинийн баяраар улс, хот хоорондын тээврийг бүрэн зогсоолоо

Шадар сайд Ө.Энхтүвшин: “БНХАУ-д өргөн дэлгэр тэмдэглэдэг хаврын баярын үеэр халдварын голомт болох Ухань хотоос таван сая орчим хүн БНХАУ-ын хэмжээнд 84 сая орчим хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь уг вирусын халдвар тус улсын бүх муж төдийгүй дэлхий дахинаа тархаж, 14 хоногийн хугацаанд өвчлөл 34 дахин нэмэгдэх шалтгаан болсон гэж үзжээ. Хэд хоногийн дараа Цагаан сар болох гэж байна. Нийт 13 аймгийн онцгой комиссын дарга нараас Цагаан сарын битүүний өдрөөс шинийн гурваныг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос ирэх, аймгаас гарах хөдөлгөөнийг зогсоох тухай санал тавьсан. Энэ асуудлыг УОК-ын хуралдаанаар хэлэлцлээ.2020 оны хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас хоёрдугаар сарын 27-ны 08.00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргалаа” гэв.

Тодруулбал, энэ хугацаанд автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбаатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг хааж буй бөгөөд нислэг хамаарахгүй юм.

(2020.02.20)

“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ”-нд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын их хурал “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан билээ. Энэхүү хуульд “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд буй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалсан үнэт цаас гаргах замаар Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр заасан юм. “Эрдэнэс Монгол” ХХК дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд богино хугацаанд шуурхай ажиллаж, “Эрдэнэс” бондыг дотоодын санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд арилжаалж, үнэт цаасаар босгосон хөрөнгийг Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөхөд зарцуулж байгаа юм.

(2020.02.21)


Сэтгэгдэл

Зочин [98.234.112.193] 2020-02-23 08:05:27

Тэтгэврийн зээл олгож байна гээд өндөр настнуудаа олноор банкинд очерлуулж байгаад короновирусын халдвар тарааж аюул болох вий дээ шадар сайд минь ээ. Хэлсэн ярьсандаа байвал яасиймбдээ. Олныг хамруулсан үйл ажиллагаа мөнөөс мөндөө энэ зээл олголт. Аюулын харанга монгол улсад тун ойрхон байгаа шүү. Хэнэггүй муухай монгол зангаа хэзээ болих вэ монголчуудаа.

Зочин [68.146.199.167] 2020-02-23 05:20:34

Ter surjigneed bsan Enxtuvshin Xurelsux,Eruul mendiin said nar xaana bnaa!!! Solongosoos virus nevtrex zam chuluutei bna shdee novshnuudaa!!!

Зочин [59.153.114.192] 2020-02-22 12:05:29

30 жил хог түүж хоолны шавхаруу идэж монгол оронд минь ямарч халдварт өвчин эмгэг тарааж байгаагүй орон гэргүй архчин гэж хэлж доромжилуулж байсан бгаа хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлах ёстой.30 жил монгол төрийн толгойд хорт хавдар болтол монгол төрийг булшилсан новшнуудаас төр улсаа цэвэрлэж авах цаг дор монголчууд тулж ирсэн бөлгөө

Зочин [64.119.24.82] 2020-02-23 16:22:48

Яг үнэн. Тэд минь эх орон ард түмнийхээ өмнөөс хятад барааны хог хаягдлыг түүж цэвэрлэн, хээрээр гэр хэцээр дэр хийсэн хүмүүс. Гэргүй гуйлгачин тэнэмэл амьдралаар явахдаа түмэн олондоо гай болоогүй ирсэн. Одоо харин эдгээр хүмүүсийг коронавирусээс яаж хамгаалах вэ гэж бас бодох хэрэгтэй шүү. Хөл хорио цээрийн бодлого хэрэгжүүлэх үед гэр оронгүй улсуудаа яаж өвчин тараахгүй байх бодлогод тусгах вэ. Тэднийг хог түүж хамаагүй болохгүй тийм цаг ирж байгааг хэлж ярихгүй бол халдвар тусаж үхэх эрсдэл, цаашлаад халдвар тараах нууц замыг таслах ур ухаан аль алийг өгөх буй.

Зочин [64.53.234.130] 2020-02-22 06:26:46

Novshnuudaa solongosiin nislegiig zogsoogoochee

Zochin [139.5.219.123] 2020-02-22 05:39:10

Mongolin aluurchidin namiin balgar heden hun uheh ve utaagui tvlsh geed baahan hun uhsen bisde

Зочин [202.9.47.1] 2020-02-22 00:08:53

hurelsuh gej hun bn uu


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.