Харвардын Их Сургууль: Коронавирусын халдвар 16-18 сар үргэлжилнэ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 оронд халдвар бүртгэгдээд байна. Коронавируст халдварын хоёр дахь давалгаа 10-45 насны хүмүүсийг хамарч байна гэж ДЭМБ мэдэгдлээ.

Гуравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 465 915 хүн халдвар авч, 21 031 хүн нас бараад байна. Халдварын тархалт маш эрчимтэй явагдаж байна. Сүүлийн хоёр өдрийн дотор 100 мянган тохиолдол шинээр нэмэгдэж, дэлхийн хэмжээнд нийт хагас сая хүн халдвар аваад байгаа юм.

Дэлхийн улс орнууд одоо л арга хэмжээ авахгүй бол сая сая хүний амь насаа алдах эрсдэлтэй байна гэж ДЭМБ үзэж байна.

НҮБ коронавирусний халдварын тархалтаас ядуу буурай орнуудад учрах эрсдэлийг бууруулах зорилгоор 2 тэрбум ам.долларын төсөвтэй хүмүүнлэгийн арга хэмжээг эхлүүллээ.

Коронавирусний эсрэг тэмцэх үйл ажиллагаа бол сонголтын асуудал биш заавал биелүүлэх хэрэгжүүлэх үүрэг гэж ДЭМБ-ын удирдлага хэлсэн байна. Улс орнууд дангаараа ялалт байгуулахгүй, мэдлэг туршлагаа хуваалцах, эв нэгдэлтэй байх нь чухал байгааг сануулж байна.

Коронавирус агаар дусал, ахуйн хавьтал, эд юмсад хүрэлцэх үед дамжин халдварлаж байгаа. Тиймээс хүний гар хүрч байгаа бүх зүйлсийг арчиж, цэвэрлэх, ариутгах хэрэгтэйг мэргэжилтэн сайтар санууллаа.

Сүүлийн 24 цагт АНУ-д халдварын тоо эрчимтэй нэмэгдэж, БНХАУ, Итали улсын урд бичигдэж байна. Итали, Испани улсад нас баралт тус тус 700 давжээ.Испанийн Мадрид хотод спорт цогцолбороо цогцос хадгалах байр болгон ашиглаж эхэлжээ.

Харвардын Их Сургуулийн эрдэмтэд коронавирусын халдвар 16-18 сар үргэлжилнэ гэсэн судалгаа гаргажээ. Иймээс энэ халдварыг буурч багасгаж байгаа гэж бодож болохгүй гэдгийг эрдэмтэд сануулж байна.