FIBA 3х3: Монголын эмэгтэй сагсчид түүх бүтээж, дэлхийн дэд аварга боллоо

Монгол Улсад сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд оролцсон Монгол Улсын эмэгтэй сагсчид багийн спортод шинэ түүх бүтээж, мөнгөн медалийн эзэд, дэлхийн дэд аварга болов.
Тэд хэсгийн шатанд Бразилын хүчирхэг багийг 16:14-өөр хожсон ч хоёр дахь тоглолтдоо Испанид 22:10-аар хожигдсон юм. Улмаар олимпын аварга Германыг 18:14-өөр, Европын хүчтэй багуудын нэг Украиныг 18:16-ээр хожсоноор хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч, шөвгийн 16-д үлдсэн.
Хасагдах шатанд дэлхийн чансааг тэргүүлэгч Хятадын шигшээг 21:19-өөр хожсоноор шилдэг найман багийн нэг болсон. Харин дунд шөвөгт сагсан бөмбөгийн эх орон Америкийн шигшээ 18:15-аар, хагас шигшээд Польшийг 18:17-гоор хожиж финалын шатанд анх удаа шалгарсан.
Монгол охид финалд Нидерландын хүчтэй багт 9:15-аар хожигдсоноор мөнгөн медалийн эзэд болсон билээ.
Эмэгтэйчүүдийн ангилалд ДАШТ-ий мөнгөн медальт Нидерланд амжилтаа ахиулж түрүүлсэн бол Канад хүрэл медаль хүртэв. Эрэгтэйчүүдийн төрөлд Испани түрүүлж, Швейцар мөнгө, Сербийн баг хүрэл медалийн тавцанд тус тус зогсов.
Эрэгтэйчүүдийн дэлхийн шигшээд Испани, Швейцар, Сербийн тоглогч багтсан бол эмэгтэй багт Нидерланд, Канадаас гадна Монголын тоглогч О.Хулан нарыг нэрлэсэн.
"Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналыг алтан медаль хүртсэн Нидерланд, Испанийн шигшээ багийн тоглогчдод олгосон. Монгол Улсын тамирчин Б.Ариунцэцэг ДАШТ-ий турш 44 оноо авч, бүх тоглогчийг тэргүүлэв. Тэрбээр нэг онооны довтолгоогоор 21, холын шидэлтээр 18, чөлөөт шидэлтээр таван оноо авчээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.179.197] 2025-06-30 13:26:57
Хаашаа охид вэ? Бүүр хүн огшоогоод хаячих юмаа. ККК
Зочин [202.131.225.53] 2025-06-30 11:28:08
хөөрхөн охидуудад баяр хүргэе үнэхээр бахархам байсан
иргэн [66.181.168.8] 2025-06-30 08:23:16
та нараараа бахархаж байна, баяр хүргеэ, бүх тоглолтууд үнэхээр сэтгэл догдлуулсан гоё байсан.
Зочин [202.126.91.177] 2025-06-30 06:57:54
МАНАЙ ОХИД ҮНЭХЭЭР ОДТОЙ, ТЭНГЭРТЭЙ, ШИЛДЭГ БАЙЛАА. МОНГОЛОО ДЭЛХИЙД МАНДУУЛСАН ОХИДООРОО БАХАРХАЖ, ОМГОРХОН ОГШИЖ, ЯЛАЛТЫН БАЯРХАЛЫГ МЭДЭРЧ, СЭТГЭЛИЙН ЦЭНГЭЛ ЭДЭЛЛЭЭ. МОНГОЛУУДЫГ ТЭНГЭР ТЭТГЭТҮГЭЙ!!!