“Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал” боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт эхэллээ

Олон улсын хот төлөвлөлтийн жишгийн дагуу “Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал” боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зургаадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зарлалаа.
Хүннү хот нь бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэх, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий нийслэл Улаанбаатар хотын дагуул хот болон хөгжих юм.
“Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал”-ыг боловсруулахдаа тогтвортой хөгжлийн зарчимд суурилсан, орчин үеийн ухаалаг, ногоон технологийг нэвтрүүлсэн, Монгол Улсын түүхэн өв, соёлыг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хослуулсан, хүн төвтэй, амьдрахад таатай орчин бүхий хот байхаар төлөвлөнө.
Энэхүү сонгон шалгаруулалтад дотоодын болон олон улсын зураг төслийн байгууллага, баг, хувь хүн нээлттэй оролцох боломжтой бөгөөд шилдэг таван байрыг шалгаруулна. Тус үзэл баримтлалыг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг олон нийтэд нээлттэй байдлаар зарлаж дотоод, гадаадын экспертүүдээр бүрдүүлэх юм.
“Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал” боловсруулах сонгон шалгаруулалтад оролцоход:
Эхний алхам: Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын оролцох багуудын бүртгэл 2025 оны долоодугаар сарын 3-ны өдрөөс 2025 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 12:00 цагт дуусна. Тус хугацаанд бүртгэлээ баталгаажуулснаар үзэл баримтлал боловсруулах ажлын даалгавар болон төлөвлөлтөд ашиглах материалуудыг татаж авна.
Хоёрдугаар алхам: Оролцох эрх авснаар үзэл баримтлалыг боловсруулж эхлэх бөгөөд 2025 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 12:00 цаг хүртэл боловсруулсан материалыг зургийн даалгаварт заасан шаардлагын дагуу цахимаар хүлээн авна.
Гуравдугаар алхам: Сонгон шалгаруулалтын үнэлгээг гурван үе шаттай явуулж нийлбэр дүнгээр шилдэг бүтээлүүдийг шалгаруулж олон нийтэд нээлттэй хот төлөвлөлтийн үзэсгэлэнг зохион байгуулна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл
Зочин [192.82.92.42] 2025-06-28 19:05:24
Нийслэлээ хогийн сав болгочихоод еер хот байгуулах талаар ярьсаар!!!
Зочин [120.17.77.156] 2025-06-28 14:22:00
Ehnii zurag tusliin shalgarch bairqnd orson mungiig n uguugui bolhoor gadniihan oroh bolwuu? Mgl zasag arai l yumda, shagnaliin mungiig n uguugui bgdashde