Намрын чуулганыг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх төслийг дэмжлээ

НАМРЫН ЧУУЛГАНЫГ ЕСДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.27/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн олонхи нь “Төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Энэхүү төсөлд Төсвийн хүрээний мэдэгдлийг дөрвөн үе шаттай хэлэлцдэг дэг бий болгож, Төрийн аудитын төв байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар сонсож, бүх Байнгын хороо дэлгэрэнгүй, нарийвчилсан байдлаар хэлэлцэн санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх. Тус хороод эдгээр санал, дүгнэлтийг хамтарсан хэлбэрээр хэлэлцэх зохицуулалтыг тусгасан байна.
Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэн батлах үе шатыг цаг хугацаа, агуулгын хувьд өөрчлөх хүрээнд төсвийн төслийг жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр өргөн барьж арваннэгдүгээр сарын 15-нд батлахаар хуульчилсан боловч УИХ-ын намрын чуулган аравдугаар сард эхэлж байгаа нь төсвийн талаар УИХ-ын гишүүд намын бүлэг, холбогдох талуудын бүрэн танилцах, мэдээлэлтэй байх, үр дүнтэй ажиллах боломжийг хязгаарлаж байна гэж энэхүү төслийг санаачлагчид үзжээ. Иймд УИХ-ын намрын чуулганыг есдүгээр сарын 15-нд эхлүүлж, Төсвийн төслийг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ. Ингэхдээ Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалтыг хэлэлцүүлгийг тусдаа үе шат болгон 5 үе шаттайгаар хэлэлцдэг байх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуульд оруулахаар тусгасан байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг /хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.
Сэтгэгдэл