Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр: Цагаан нөмрөгт баатрууддаа баяр хүргэе!

Л.Батцэнгэл / Эрүүл мэнд

Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны гуравдугаар сарын 30-ны өдөр АНУ-д тэмдэглэж эхэлсэн түүхтэй. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш 1990 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ баярыг жил бүр дэлхий даяар албан ёсоор тэмдэглэх өдөр болгон зарласан байдаг. Дэлхийн бүх эмч нар, эрүүл мэндийн байгууллагынхан өнөөдөр юун баярлахтай манатай л байгаа. “COVID-19” гэдэг аюул ч дэлхийн бүх улс орны эмч, эмнэлгийн байгууллагынханд дайн зарлаж байна. Цагаан нөмрөгт баатруудынхаа хүчээр хүн төрөлхтөн энэ цар тахлын ард гарч, амар амгаланг эдлэх өдөр ирэх нь дамжиггүй. Нандин мэргэжлийн эрхэм эзэн болсон дэлхийн бүх эмч нарт баяр хүргэхийн ялдамд монгол эмч нарын өөрсдийнх нь бичсэн сэтгэлийн үгсээс хуваалцъя.

Ирээдүйд мэргэжил минь надаар бахархах өдрийн төлөө хичээн зүтгэнэ

... Цагаан нөмрөг өмсөж, алтан чагнуур зүүж хүн бүхний төлөө өөрийн биеэ дайчлан явдаг энэ миний сонгосон мэргэжил. Энэ мэргэжлийн хамгийн сайхан нь баян ядуу, хөгшин залуу, царай зүс, танил тал хамаарахгүй өвчтний амийг нь аврах ёстой гэдэг сэтгэлээр хандан тэр хүний алтан амийг аварч ахин нэг амьдрал бэлэглэж гэр бүл, үр хүүхэдтэйгээ баяр хөөрөөр бялхаж байхыг нь харах юм. Надад зорилго байна, түүндээ хүрэх төлөвлөгөө байна, төлөвлөгөөг хэрэгжүүлэх хичээл зүтгэл байна. Зорилготой монгол хүн сайхан амьдарч үр хүүхдээ эрүүл саруул нийгэмд хүмүүжүүлэх тэр боломж бий болно. Тэрхүү эрүүл саруул нийгмийг бий болгоход миний сонгосон мэргэжил миний сонирхол хувь нэмрээ оруулбал хүн болсны утга учир гарна. Ирээдүйд мэргэжил надаар бахархах өдрийн төлөө хичээн зүтгэнэ.

Эмч хүн гэдэг нэг ч хүнийг ялгахгүй ариун тангаргийг өргөсөн бурхан билээ

...Би бол эмч. Өдөр бүр “Эмч ээ, эмч ээ намайг авраач, намайг эмчлээд өгөөч” гэж хэлэх олон мянган эмчлүүлэгчдийнхээ төлөө багш нарынхаа зааж сургасан эрдэм мэдлэгийн өчүүхэн хэсгийг ашиглаж яваадаа туйлын сэтгэл хангалуун байдаг юм.

Хэзээ нэгэн өдөр би ч гэсэн хэн нэгэн залуу эмчийн өмнө анхных нь эмчлүүлэгч болж өргөсөн тангаргийн үнэнч сэтгэлийг хүртэж явах хувь заяат хүмүүн билээ. Бид нэг дэлхий, нэг үндэстэн эмч хүн гэдэг нэг ч иргэн, нэг ч үндэстнийг ялгалгүй хүн бүрийн төлөө зүтгэх ариун тангаргийг өргөсөн бурхад билээ.

Эмч хүнд байх хамгийн эрхэм чанар бол ёс суртахуун

...Эмчийн мэргэжлийг эзэмшигчид аль ч улсын их сургуульд дөрвөөс дээш жилээр суралцдаг нь энэ мэргэжил хэр их хариуцлага хүлээдэг, хүнд болохыг харуулдаг гэж бодож байна. Эмч хүн алдах эрхгүй. Гэхдээ би хэзээ ч энэ мэргэжлийг сонгосондоо харамсдаггүй. Хүнд хэцүү цаг их байдаг хэдий ч нэг ч гэсэн хүнд тусалж чадаж байгаа нь надад сайхан мэдрэмж төрүүлдэг. Эмч хүнд зайлшгүй байх эрхэм чанарууд байдаг. Хамгийн гол нь ёс суртахуун юм.

Эмч гэсэн алдрыг ард түмэн хайрлан хүндэтгэдэг

...Өглөө сэрэхэд танд юу бодогддог бэ? Хүн бүр өөрсдийн амьдралтай холбоотой ямар нэг асуудлыг бодож сэрдэг нь лавтай. Эмч хүн харин ажил мэргэжлийнхээ талаар байнга бодож, санаа зовж байдаг. Эмч хүний ажлын цаг бусад хүмүүсийн ажлын цагийг бодвол давчуу, маш хурдан өнгөрдөг ч гэсэн бид хамгийн сайн сонсогч байснаар ажилдаа төдийгүй гэр бүлдээ хамгийн сайн зөвлөгч болно. Би эмч мэргэжлийг сонгосноор цаг үргэлж суралцсаар, цаг үргэлж өсөж дэвжсээр амьдралынхаа бүхий л цаг хугацаанд ард иргэдийн эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэсээр л байна. Энэ бол миний амьдралын утга учир, миний амьдралын зарчим болсоор байх болно.

Эмчийн ажил дэндүү хүнд, дэндүү сайхныг мэдэрч өсчээ

...Амбулаторийн үзлэгийн өрөө шиг гэрт өссөн болохоор тэр үү бүр багаасаа л эмч болно гэж мөрөөдөж өсчээ. Ээж аав хоёр өдрийн цайндаа ирэхэд л бөмбийтөл хүүхдүүдээ боочихсон ээжүүд манай гэрээр дүүрдэг сэн. Улаан бурхан өвчний дэгдэлт эхэлж, аав ээж хоёр минь томилолт авч сумдаар явахад дүү бид гурав эмээтэйгээ 14, 21 хоногоор үлддэг байж билээ. Тэр л үеэс эмч хүний ажил дэндүү хүнд, дэндүү буянтай ажил болохыг ойлгож өсжээ. Хаа ч явсан хайрлуулж явдаг эмнэлгийн мэргэжилтний ачаа нь хүнд ч алдар нэр нь бас туйлын сайхан. Өвдөж шаналсан олон хүнд тус болохын хэрээр тэдний хайрыг дааж явах буян бас бидэнд ирнэ. Би эмч хүн.

Би эмч хүн сурахын оргил, орой үгүй

.... Тэртээх 15 жилийн өмнө Уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлийг сонгон суралцаж Анагаахын сургуульд зургаан жил суралцаж, эмчийн тангараг өргөх тэр агшинд аавын минь захисан захиас биелэх мэт сэтгэлд минь бууж билээ. Миний мэргэжил бол өвчин эмгэгийг оношилж, эмчлэхээс гадна тухайн хүн бүрийн мөн чанар, сэтгэл зүй, амьдралын буруу хэв маяг, дадал зуршлыг өөрчилж тулгамдсан асуудал бүрийг засаж, залруулах үүрэг бүхий бас нэг сэтгэл зүйн мэргэжилтэн юм. Эмч болохоор сэтгэл шулуудан анагаах эрдэмд шамдаж буй залуучуудад даяаршлын эринд зөвхөн Монголдоо бус хил хязгааргүй ажиллах үүд нээгдэж байгаа нь асар том завшаан.

Тэр эмч нар тэнгэрээс буугаад ирсэн сахиусан тэнгэр шиг харагдаж билээ

... Ээжийн минь бие их өвддөг байсан юм. Ээж минь эмнэлэг дээр олон сайхан эмч нарын алтан гараар хагалгаанд орж эдгэж билээ. Ээжийгээ хагалгаанд ордог тэр нэг өдөр хүүхэд байсан болохоор маш их айж, түгшиж ээжийг минь надаас үүрд аваад одох вий гэсэн бяцхан айдастай сууж байснаа тодоос тод санаж байна. Гэтэл цав цагаан халат өмссөн хөөрхөн ах, эгч нар миний хажуугаар зөрөн өнгөрөхөд сэтгэлд минь яагаад ч юм итгэлийн гал ассан. Тэр эмч нар тэнгэрээс буугаад ирсэн сахиусан тэнгэр шиг харагдаж билээ. Тэндээс би мөрөөдлөө олж, тэрийгээ зорилго болгож хичээж суралцсаар Анагаахын сургуульд орсон юм. Эмч хүн зөвхөн ур чадвартай, хуримтлагдсан туршлагатай өргөн мэдлэгтэй байгаад зогсохгүй эгзэгтэй мөчид зөв зохистой шийдвэр гарган, тэр шийдвэрээ гүйцэтгэх чадвартай зөв хандлагыг бусдад түгээн дэлгэрүүлэгч байх хэрэгтэй. “Эмч ээ, та” гэдэг хоёрхон үгэнд тэр хүн өөрийн хэдэн жил хайрлаж ирсэн сэтгэл зүрх, бие махбодио даатган үлдээдэг юм шиг санагддаг. Олон хүний итгэлийн галыг асаасан эмч байхын төлөө зүтгэнээ би...

“Эмч ээ” гэж дуудахад сэтгэлд халуун дулаан мэдрэмж төрөхийн зэрэгцээ энэ мэргэжлийн хариуцлагыг мэдрэх шиг болдог

...Аюулт өвчин зовлон гэдэг хар, шар, цагаан арьстан, ази, европ хэмээн хэнийг ч ялгадаггүй гэдгийг өнөөдөр хүн төрөлхтөн ойлгохын дээдээр ойлгож байна. Тэд өрнө, дорнын анагаах ухаан гэж ялгавартай хандаж ирсэн ч аль алиных нь эцсийн зорилго нь хүн гэдэг нэг л зүйлийн төлөө чиглэгддэг гэж бодохоор сайхан санагддаг юм. Миний бие уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй эрүүл энхийн манаанд зүтгэж яваа нэгэн. Уламжлалт анагаах ухаан бол олон зуун жилийн баялаг түүхтэй, судлагдахуунтай анагаах ухаан бөгөөд зөвхөн хүний бие махбодыг эмчлэх бус сэтгэл оюунтай нь цогцлоож илааршуулдаг анагаах ухаан билээ. Нүүдлийн иргэншлээс суурин иргэншлийн үед ч хамт байж чадсан энэ анагаах ухаан ямар цар хүрээний, байр суурьтай, цаг зуурын цар тахал, халдварт өвчний үед ч өөрийн эмчилгээний ид шидийг харуулсаар байгаа нь үнэхээр гайхамшигтай. Буурал түүхийн жимээр буян болж ирсэн энэ анагаах ухааныг ард түмэндээ илүүтэйгээр таниулан түгээх, соён гэгээрүүлэх түүнээс гадна дэлхийд гаргах, гайхуулах нь энэ сайхан мэргэжлийг эзэмшсэн өчүүхэн миний нууцхан мөрөөдөл билээ.

Улсын хаан байсан ч орой дээр нь эмч заларна

...Сургууль төгсөөд дипломоо авсан л бол эмч болно гэж бодсон миний тэнгэрийн бодол ажилдаа орсон эхний долоо хоногоос газарт бууж бүхий л зүйлийг мэдэхгүй, чадахгүй, ойлгохгүй байна гэж сэтгэлээр унаж, ажилдаа хонож өнжин өвчний түүхээ бичиж, үүний сацуу дотор өвчин, онош зүй анатоми, физиологи, өвчний ангилал гээд бүхий л номыг дахин унших шаардлагатай байлаа. Тэр олон номыг хаанаас нь яаж унших учраа олохгүй, тасгийн эрхлэгчдээ өдөр бүхэн дуудагдаж зэмлэл хүртэнэ. Анагаах ухааны доктор, профессор С.Сээсрэгдорж багшийн “Монголын уламжлалт анагаах ухааны өвчнийг анагаах увидас” номонд “Эм бол өвчнийг анагааж биед тусалдаг, харин ийм тустай үйл бүтээгчийг эмч хэмээнэ, Улсын хаан байсан ч орой дээр нь эрхэм эмч байх тул тэнгэр эмч” хэмээн өгүүлсэн байдаг. Тийм ч учраас би энэ сайхан мэргэжилдээ өдөр бүр хариуцлагатай, нямбай, хүнлэг сэтгэлээр хандаж, цаг үргэлж шинэ зүйлийг сурч хичээхийг эрмэлзэж тэмүүлдэг энгийн нэгэн залуу эмч нарын нэг билээ.

УАУТХ-ийн ЭМНЭЛГИЙН ҮЕ ҮЕИЙН НИЙТ ЭМЧ НАРТ

“Дэлхийн эмч нарын” өдрийн мэнд хүргэж хичээнгүйлэн бичлээ” гэцгээжээ.

Эмч нар маань ийм л ариун цагаан бодол сэтгэлтэй, мэргэжилдээ хайртай хүмүүс байдаг аж.