ТОЙМ: Шинээр сонгогдсон гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн ДОЛОО ХОНОГ

Ц.Анударь / Улстөр

Өнгөрсөн долоо хоногт улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ШИНЭЭР СОНГОГДСОН ГИШҮҮД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигч Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авлаа.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Энэ удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудад нийцүүлэн амжилттай зохион байгууллаа. Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг нэгтгэн, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргалаа” хэмээн тэмдэглэв.

Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолын дагуу тойрог тус бүрээр гишүүдийн нэрсийг дуудаж, үнэмлэх болон СЕХ-ны тогтоолыг гардуулан өглөө.

2020.06.29

АЙМАГ, СУМЫН ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ БАРИМТАЛЖ НААДАМЛАНА

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. Аймаг, сумын баяр наадмыг долоодугаар сарын 11-12-ны өдрүүдэд Үндэсний Их баяр наадамтай нэгэн зэрэг хийхээр товлосон. Нийслэлд зохион байгуулдаг Үндэсний их баяр наадмыг хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр "XIII зуун цогцолбор" газарт хийж, теле хэлбэрээр үзэгчдэд үзүүлэхээр болсон бол орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй зохион байгуулахыг ҮИБНЗБХ-оос аймаг, сумын засаг дарга нарт зөвшөөрлөө. Энэ дагуу тухайн орон нутгийн удирдлагууд нутгийн баяр наадмаа зохион байгуулахдаа улс орон даяар сахин мөрдөж байгаа КОВИД19-ийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллахыг үүрэг болгов.

2020-06-29

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮЕ ШАТТАЙ НЭЭХИЙГ ЗӨВШӨӨРӨВ

Улсын Онцгой комиссын 2020 оны XXV ээлжит хурал болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны долоодугаар сарын 15-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэж, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав. Нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн засаг дарга нарт зөвшөөрлөө. Иймд хүүхдэд компьютер тоглоомоос бусад тоглоомын үйлчилгээ үзүүлдэг хүүхдийн тоглоомын газар, сургалт, амралтын зуслан, кино театр, үзвэр үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, театр, чуулга, ресторан, уушийн газар, караоке, шашин номын газруудыг халдвар хамгааллын шаардлагыг хангасан тохиолдолд үйл ажиллагаагаа нээх боломжтой болж байна.

2020-06-30

УЛСЫН ИХ ХУРЛЫН НАЙМ ДАХЬ СОНГУУЛИАР ШИНЭЭР СОНГОГДСОН ГИШҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЖ, БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Улсын Их Их Хурлын Анхдугаар чуулган Төрийн ордны “Их Хуралдай” танхимд нээлтээ хийлээ.

Анхдугаар чуулганд Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар сонгогчдын итгэл хүлээж Улсын Их Хурлын гишүүнээр шинээр сонгогдсон 75 гишүүн хүрэлцэн ирж, чуулганы нэгдсэн хуралдааны танхимд суудлаа эзэлсэн байв. Энэ удаагийн сонгуулиар МАН 62, АН 11, “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв хүн электорат” эвслээс 1, бие даан нэр дэвшигч 1 гишүүн сонгогчдын олонхын санал авч ялалт байгуулсан тул тэдэнд Сонгуулийн ерөнхий хороо гишүүний үнэмлэх олгосон юм.

Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулиар 32 гишүүн сонгогчдын итгэл хүлээж анх удаа сонгогдсон бол өмнө нь УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан зургаан хүн дахин сонгогдсон. Харин 2016-2020 оны Улсын Их Хурлын гишүүдээс 38 нь улиран сонгогдоод байна.

2020-06-30

УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ ТОГТООЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын бүрэлдэхүүнийг байгуулахаар тогтоолд тусгажээ. Энэ тогтоолыг 2020 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2020-07-01

У.ХҮРЭЛСҮХИЙГ МОНГОЛ УЛСЫН 31 ДЭХ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛЛОО

УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулганд оролцсон 71 гишүүний 70 нь дэмжиж, нийт 98.5 хувийн саналаар тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо. Ингэснээр У.Хүрэлсүх нь Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд болж байна.



Сэтгэгдэл

Hun [71.229.165.236] 2020-07-05 16:40:44

Delgersaikhaniigaa avaach ee

зочин [202.179.27.58] 2020-07-05 01:43:33

ТА 2017 ОНЫ ЕРОНХИЙЛОГЧИЙН СОНГУУЛИЙН УЕЭР ШАДАР САЙД БАЙХ ДАА М.ЭНХБОЛДИЙГ ЭРЛИЙЗ МОРЬТОЙ ЗУУРЛЭЖ КЕРО ИНТЕРЬАЙМЕНТИЙН БААТАРТАЙ УТсААР ЯРЬСАН БАЙДАГ Энэ жил Баатараар наадам удирдуулж байгаа,Юаттулгын эхэмшилд наадам зохион байгуулах гэж байгаа,Анужинг гишуун болгосон нь та бугдийг шинэ манан уусгэж байна гэж ойлгож бна.Ард тумэн наадам хийж хэрэггуй гэж узэж байхад Баттулга Занданшатар та 3 заавал баяр хийх гээд байдаг нь ямар учиртайм бэ. Ард тумэнтэйгээ гэсэн яасан бэ????? Ирэх жил Баттулгыг огцорхийг мэдээд обьектийг нь тохижуулж боондоо очиж тансаглаж байх гэж уу??? Хурэлсухээ эр хун хэлсэн дээ эр морь харайсандаа гэж уг байдаг шуу. 10 сард ард тумнээр дун тавиулаад холгуй болвло.Баттулга чамайг бодох чанартай хун биш шуу бох хун хунийг яаж унагахийг л боддог болхоос оровдохийг боддоггуй юм шуу байнга санаж яв!!!!!!!!!!!!!!

Зочин [66.181.161.115] 2020-07-05 04:58:30

Erliuz mori goe hellee haha

зочин [103.57.95.37] 2020-07-04 12:37:31

шоронгоос нэг хэрэгтэн монгол улсын их хуралд дэвшив.гэж бичих ёстой.энэ бол дэлхийн түүхэнд бгаагүй амжилт.дэлхийн улс орнууд баяр хүргэж юуны магад.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.