Үнэн баталгаатай мэдээлэлд тулгуурлаж хяналт тавих үүргээ хэрэгжүүлье

Aдмин / Хууль

1992 онд баталсан Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “төрийн өмч” гэдгийг “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөн найруулсан юм. Гэтэл нийгмийн зарим хэсгээс Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд байгалийн баялаг, иргэдэд өмчлүүлснээс бусад газрыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, бусад улсын компаниудад өмчлүүлэх, эзэмшүүлэхээр болчихлоо хэмээн шүүмжлэх болсон.

Энэ нь сонгуулийн үеэр тодорхой зорилго бүхий нэр дэвшигчид иргэд олон нийтийг төөрөгдүүлж, сурталчилгаандаа буруу ашигласан мэдээлэл байв. Иймээс энэ талаар дараах мэдээллийг хүргэхийг зорилоо...

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар,түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц,ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заажээ.

Хууль тогтоогчдын тайлбар...

Тэгвэл Хууль тогтоогчдын зүгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6.2-т оруулсан заалтыг иргэдэд илүү ойлгомжтой хэлбэрээр тайлбарласан байна.

Уг тайлбарт, Үндсэн хуулийн 6.2 буюу Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэсэн заалтыг энэ удаагийн өөрчлөлтөөр илүү дэлгэрүүлэв. Бүр тодруулбал, “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” хэмээн заасан юм. Үүнд орсон хамгийн том Үндэсний баялгийн санд баялгаас төрд ногдох хувийг хуримтлуулан өнөөгийн болон ирээдүйн иргэдэд тэгш хуваарилах зарчим. Ингэснээр байгалийн баялгийг нэгдмэл бодлогогүйгээр ашиглаж ирсэн дутагдлыг арилгаж, цаашид төрөөс тодорхойлсон урт хугацааны хөгжлийн бодлогыг баримтлах юм. Мөн байгалийн баялгийг ашиглахдаа эко системд эрсдэл учруулахгүй байлгах шаардлагыг Үндсэн хуулийн хэмжээнд баталгаажууллаа гэсэн байдаг.

Монгол Улсын газрыг өмчлөгч нь Монгол Улсын иргэн ба Монгол улсын төр гэсэн хоёр субьект л бий

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6.2-т “төрийн нийтийн өмч” гэсэн заалтыг “газар, түүний хэвлийн баялгаа харийнханд өмчлүүлэх үүд хаалгыг нээсэн” заалт болсон” гэж нэлээдгүй маргасан. Энэ талаар “ Үндсэн хууль болон өнөөдрийн мөрдөж байгаа бусад хуулиар газрыг Монгол улсын иргэн болон төр өмчлөх эрхтэй. Харин эзэмшиж, ашиглах эрхийг гадаадын иргэн аж ахуйн нэгжүүдэд тодорхой хугацаагаар өгөх боломжтой” гэж заасныг ялгаж салгаж ойлгох хэрэгтэйг Удирдлагын академийн багш доктор н.Сүнжид хэлж байв.

Мөн тэрээр,“Үндсэн хуулинд Монгол улсын газрыг өмчлөгч нь Монгол улсын иргэн ба Монгол улсын төр гэсэн хоёр субьект л бий. Энэ бол ямар нэгэн “ба” “бөгөөд” гэсэн юм байхгүй ганц заалт чинь энэ шүү дээ. Бусад гадаадын иргэн харьяалалгүй хүн аж ахуйн нэгжид болзол журмын дагуу ашиглуулж болно гэдгийг 6.5-аараа заачихсан байгаа.

Үндсэн хуулийн 6.5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж зааснаас өөр эдгээр этгээдэд газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх ямар ч утга агуулга байхгүй. Гадаадад газар нутгаа өгөх гээд байна гэдэг энэ асуудал бол сонгуулийн үеэр тодорхой зорилго бүхий нэр дэвшигчид нийгмийн анхаарлыг татах үүднээс уриа, сурталчилгаандаа дээрх буруу ташаа мэдээллийг өгснөөс үүдэлтэй гэж харж буйгаа тайлбарласан юм.

Газрыг гадаадын иргэнд өмчлүүлэхээр болчихлоо гээд байгаа нь ор үндэсгүй зүйл

Үндсэн хуулийн 6.3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно... Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно” гэсэн заалт хүчин төгөлдөр үйлчилж байхад газрыг гадаадын иргэнд өмчлүүлэхээр болчихлоо гээд байгаа нь ор үндэсгүй зүйл юм.

Иргэд олон нийт үнэн баталгаатай мэдээлэлд тулгуурлаж хяналт тавих үүргээ хэрэгжүүлэх хэрэгтэй

Энэ талаар Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Бямбажаргал хэлэхдээ:

“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан 6.2-ын үзэл санааг хэрэгжүүлэх үүднээс Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Ашигт малтмалын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна. Мөн баялгийн сангийн тухай хуулиудыг шинээр батлах шаардлагатай. Одоогоор эдгээр хуулиудаас нэг ч хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй. Тиймээс “Гадаадын иргэнд газар өмчлүүлж болно. Монголын газар нутгаас зарж байна гэдэг нь ор үндэслэлгүй зүйл” юм. Үүнийг хууль зүйн үүднээс юу гэж харж болох вэ гэхээр үндсэн хуулийн 6.2-т төрийн өмч гэж байсны өмнө төрийн нийтийн өмч болгосноороо Монгол улсын газрыг зарж болж байна. Зарж байна гэж тархи угаасан мэдээллийг нийгэмд чиглэн явуулах зорилго нь юу байв гэдэг талаас нь харах шаардлагатай. Миний хувьд баталгаатайгаар юуг хэлж чадах вэ гэвэл 6.2-ын дагуу орсон үзэл санаа одоогоор хууль тогтоомж болж хэрэгжиж эхлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэг ч хууль тогтоомжид одоогоор нэмэлт өөрчлөлт ороогүй байна” гэжээ.

Иргэд олон нийт газар нутгийнхаа бүрэн бүтэн байдалд анхаарал хандуулж байгаа нь сайшаалтай хэрэг боловч үнэн баталгаатай мэдээлэлд тулгуурлаж хяналт тавих үүргээ хэрэгжүүлэх хэрэгтэйг хуульчид санууллаа.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2020-08-05 07:10:32

6.2 оо бүүр хасвал таарна тэр үед нууж байгаад баталсан тул бослогоор буцаан хасч болно.

Зочин [66.181.181.196] 2020-08-05 01:00:01

Б.Дэлгэрмаа эхлээд балайраа биз дээ

Зочин [103.10.21.39] 2020-08-05 00:41:18

За ашгүй дээ Ингэж нэг санаа амрах гэж....тв 9 монгол коммент мөн гадаа автобусны буудал дээр наасан ухуулах хуудас зарим хуульч судлаачидын ярьсан хэлсэн үг ард иргэдийг сандраасан ...АЛИБАБА сайтад МОНГОЛ УЛСАД гаэар зарна гэсэн зар гарчээ гэж мэдээлсэн...Харин 100 жилээр гадныханд түр гэрээгээр эзэмшүүлж болно гэсэн санаа наана чинь байна уу даа

Зочин [176.63.23.193] 2020-08-05 00:34:13

Масс маш буруу ойлголттой харагдаад байгаа. Амархан тархи нь угаагдах юм. 6.2 гэдгээс болоод газаргүй болох нь гээд л балайраад


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.