Мөнгө угаах гэмт хэрэгт тооцогддог түгээмэл 30 хэлбэр

Aдмин / Хууль

ХХ зууны эхэнд АНУ-ын Сан Франциско хотын нэгэн зочид буудлын эзэн халтар мөнгө үйлчлүүлэгчдийн ганган бээлийг бохирдуулж байгааг анзааран угаасан мөнгөөр үйлчилж эхэлснээр “мөнгө угаах” гэдэг үг хэллэг анх үүссэн байдаг. Харин түүний дараагаар гэмт хэрэгт хууль бус мөнгө дагалдах болсныг “мөнгө угаах” хэмээн нэрлэх болжээ. Мөнгө угаах гэмт хэрэг далд санхүүжилтийн эх үүсвэрийг зорилгоо болгон ашиглаж, гурван үе шаттайгаар үйлдэгддэг. Нэгдүгээр үе шат байршуулах буюу placement (зорилготойгоор санхүүгийн системд оруулах), хоёрдугаар үе шат тараах буюу layering (зорилготойгоор өөр хэлбэрт шилжүүлэх), гуравдугаар үе шат нэгтгэх буюу integration (хууль бус замаар бий болгосон хөрөнгөө хууль ёсны хөрөнгө болгон эдийн засгийн системд нэвтрүүлэх) болно. Өөрөөр хэлбэл, эхлээд ямар нэгэн нэршил, хэлбэрийн дор мөнгө хадгалж, цогц арилжаагаар эсвэл шилжүүлгийн аргаар хууль ёсны болгох юм.

Мөнгө угаах нь маш олон янзаар үйлдэгддэг тул энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд нэн хүндрэлтэй байдаг. Ингээд дэлхийн дахинд харьцангуй түгээмэл тохиолддог мөнгө угаах 30 хэлбэрийг танилцуулвал:

  1. Бэлэн мөнгийг хууль бусаар угаах. Өнөөгийн байдлаар бэлэн мөнгөний гүйлгээний тайлангийн тогтолцоо олон улс оронд байдаггүй. Тиймээс гэмт хэргээс олсон мөнгийг дээрх тогтолцоо бүрдээгүй улсад нэвтрүүлж, банк санхүүгийн байгууллагад хадгалснаар мөнгө угаах нөхцөл бүрдэх болжээ. Иймээс улс орнууд хилээр нэвтрүүлэх бэлэн мөнгөний хэмжээг хязгаарлаж, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг.
  2. Их хэмжээний бэлэн мөнгийг банкинд хуваан байршуулан хадгалах замаар мөнгө угаах. Зарим улс бэлэн мөнгөний гүйлгээг хянах хатуу тогтолцоотой бөгөөд тодорхой босгоноос дээш дүнтэй гүйлгээг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий байгууллагад зайлшгүй тайлагнах шаардлагатай байдаг. Иймээс мөнгө угаагч их хэмжээний бэлэн мөнгийг тайлагнах ёстой хэмжээнээс доогуур дүнгээр банкид үе шаттайгаар хуваан байршуулж, хяналтаас зайлсхийж байна.
  3. Бэлэн мөнгөний төвлөрөл ихтэй салбарыг ашиглан мөнгө угаах. Мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж буй этгээд нь бэлэн мөнгөний төвлөрөл ихтэй мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн газар, үнэт эдлэлийн дэлгүүр зэргээр халхавчилж, хуурамч гүйлгээ хийн хууль бусаар олсон мөнгийг хууль ёсны орлого болгон харагдуулах тохиолдол байна.
  4. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг шууд худалдан авах замаар мөнгө угаах. Барилга байгууламж, тансаг зэрэглэлийн машин, эртний эдлэл, урлагийн бүтээл болон бүх төрлийн хувьцаа зэргийг худалдан авч, дамжуулан борлуулж, олсон орлогыг банкинд хадгалснаар хууль ёсны худалдаа болгон харагдуулдаг.
  5. Хувьцаа болон даатгалын салбарын нэргүй өрийн бичиг, фьючерс гэрээг ашиглан мөнгө угаах. Хувьцааны зах зээлийн гүйлгээ өндөр дүнтэй байдаг бөгөөд санхүүгийн арга хэрэгсэл, гүйлгээний төрөл олон янз байдаг тул ихээхэн ярвигтай. Мөнгө угаагч гэмт этгээдүүд дэлхийн хөрөнгийн зах зээлийн хөгжлийг овжиноор ашиглаж, олон улсын санхүүгийн системийг гажуудуулах болсон нь харамсалтай. Мөнгө угаах гэмт хэрэг хувьцаа, өрийн бичиг, фьючерс гэрээний гүйлгээ хэлбэрээр явагдах нь элбэг бөгөөд мөн даатгалын зах зээлээс өндөр дүнтэй даатгал худалдан авч дараа нь буцааснаар бохир мөнгийг хууль ёсны мэт болгож харагдуулдаг байна.
  6. Хилийн чанад дахь санхүүгийн төв, банкны нууц хадгаламж зэргийг ашиглан хувь хүний хөрөнгийн нууцыг хамгаалах нэрийдлээр мөнгө угаах. Зарим улс орон, бүс нутагт нэргүй компани болон хувь хүний хөрөнгийг өндөр нууцлалтай хадгалахыг зөвшөөрдөг. Хууль бусаар олсон орлогыг эдгээр улс болон бүс нутагт нэвтрүүлснээр эх сурвалжийг замхруулахад хялбар болдог.
  7. Үйл ажиллагаа нь тогтворгүй экспорт, импортын компаниар мөнгө угаах. Санхүүгийн бололцоогүй, нэр төдий компанийг ашиглан экспорт, импортын худалдаа хийж буй мэт харагдуулан мөнгө угаах гэмт хэрэг үйлддэг явдал түгээмэл байна.
  8. Авлигаар олсон мөнгөө угаах. Зарим этгээд албан тушаалаа хаших явцдаа эрх мэдлээ ашиглан авлига, хээл хахуулиар хөрөнгөжиж, улсын хөгжилд ихээхэн хохирол учруулдаг. Дараа нь олсон мөнгөөрөө бизнес эрхлэх нэрийдлээр компани байгуулж, хууль бусаар олсон мөнгөө угаадаг байна. Энэ төрлийн мөнгө угаах хэлбэр нэг онцлогтой. Ямар ч бизнес эрхэлсэн эсвэл фьючерс гэрээ, хувьцааны арилжаа нь “ашигтай” байх бөгөөд ашиг олсон ч, алдагдал хүлээсэн ч, “ашигтай ажиллаж” байгаа мэт харагдуулж, бохир мөнгөө тайлбарлах арга хэрэгслээ болгон хяналтаас зугтахыг оролддог.
  9. Ураг төрлөө ашиглан авлигаар олсон мөнгөө угаах. Зарим этгээд албан тушаал хаших явцдаа эрх мэдлээ ашиглан хээл хахуул авч, ураг төрлийн холбоотой этгээдийн нэр дээр бизнес эрхэлдэг. Энэ нь харьцангуй түгээмэл тохиолддог мөнгө угаах арга бөгөөд төрөл садангийн хүнээр зугаа цэнгэлийн газар, ресторан, бизнес эрхлүүлж гэмт хэргээ халхавчилдаг.
  10. Бусдыг ашиглан авлигаар олсон мөнгөө угаах. Бусдын компанид өөрөө давуу эрх мэдэлтэй байх эсвэл компани байгуулан бусдаар удирдуулан ажиллах боловч, бодит эрх мэдэл өөрт нь байна. Ингэснээр эдийн засгийн харилцаанаас олох бохир мөнгийг өөрийн ААН-ийн дансанд оруулж, хууль ёсны дагуу татвар төлөн тодорхой хэмжээний мөнгийг өөрийн болгоно.
  11. Хил дамнан мөнгө угаах. Одоогоор хамгийн өргөнөөр ашиглагддаг мөнгө угаах хэлбэр бөгөөд бохир мөнгийг хилийн чанадад гаргаж, хууль бусаар олсон мөнгөө угаадаг байна. Нэгдүгээр төрөл: Худалдааны бус аргаар тухайлбал, албан тушаалтан өөрийн хүүхдийг гадаад сургуульд сургах нэрийдлээр сургалтын төлбөр, даатгалын төлбөр, амьжиргааны зардал зэрэг хэлбэрээр гадаад шилжүүлэг хийнэ. Хоёрдугаар төрөл: Худалдааны арга буюу импортын хэмжээг өндөр, экспортын хэмжээг багаар мэдүүлэх хэлбэр. Тухайлбал, мөнгө угаагч этгээд гадны компанитай хамтран импортоор авах тоног төхөөрөмж болон эд материалыг өндөр дүнгээр мэдүүлж, энэ дундаас “унагасан” мөнгөө гадаадад байршуулна. Гуравдугаар төрөл: Гадаадад компани байгуулж, хөрөнгө оруулалт хэлбэрээр гадагш шилжүүлнэ. Дөрөвдүгээр төрөл: Хууль бусаар гадаад гүйлгээ хийдэг этгээдийг ашиглан гадаад шилжүүлэг хийнэ.
  12. Санхүүгийн салбарын өндөр албан тушаалтанд авлига хээл хахуул өгч, гадаад шилжүүлгээр мөнгө угаах. Хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг тухайлбал, хар тамхи мансууруулах бодис худалддаг гэмт бүлэг санхүүгийн салбарын өндөр албан тушаалтанд хээл хахууль өгч, хяналт шалгалтыг сулруулан бохир мөнгөө гадагш шилжүүлдэг.
  13. Хууль ёсны санхүүгийн системийг ашиглан мөнгө угаах. Банк болон банк бус санхүүгийн байгууллагыг ашиглан бохир мөнгөө угаана. Гэмт этгээд хуурамч баримт бичиг ашиглан банкинд олон данс нээлгээд хууль бусаар олсон орлогоо хадгалах эсхүл бусдад шилжүүлдэг.
  14. Цахим сүлжээгээр мөнгө угаах. Гэмт хэрэгтэн интернэт банкаар дамжуулан шилжүүлэг хийн мөнгө угаадаг. Тухайлбал, цахим сүлжээгээр мөрийтэй тоглож, хар мөнгөө “цагаан” болгодог байна.
  15. Хөрөнгө оруулалтаар дамжуулан мөнгө угаах. Гэмт этгээд хөрөнгө оруулалт нэрийдлээр зочид буудал барих, компани байгуулах, дэлгүүр худалдан авах, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийх зэрэг хэлбэрээр мөнгө угаана. Мөн хилийн чанадад компани байгуулж, хөрөнгө оруулалт хийн хууль бусаар олсон ашгийг хуулийн дагуу болгож харагдуулна.
  16. Экспорт, импортыг ашиглан мөнгө угаах. Сэжигтэн экспорт, импортын үнийн дүнг худал мэдүүлэх эсвэл худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хил дамнуулан бохир мөнгийг шилжүүлдэг.
  17. Аялалын чек ашиглан мөнгө угаах. Гаалийн байгууллага хилээр нэвтрэх иргэдэд тодорхой хэмжээнээс дээш бэлэн мөнгийг мэдүүлэх шаардлага тавьдаг бөгөөд мэдүүлээгүй этгээдийн зөвшөөрөгдсөн хязгаараас давсан мөнгийг хураан авдаг. Харин аялалын чект мөнгөн дүнгийн хязгаар тавьдаггүй бөгөөд гуравдагч этгээдэд шилжүүлэн хэрэглэх боломжтойгоос гадна банкинд бэлэн мөнгө болгон солиулж болдог байна.
  18. Казиногийн чип шууд бусаар солилцож мөнгө угаах. Казиногоос чип авч, мөнгө угаагчид дамжуулна. Ингэснээр чипийг бэлэн мөнгө болгон солих (дийлэнхдээ 5 хувь орчмын шимтгэлтэй) бөгөөд казиногоос мөнгө хожсон болгон харагдуулна. Ингэснээр мөнгөн тэмдэгт дээрх дугаараар мөнгө угаагч этгээдийг шалган тогтоох боломжгүй болдог.
  19. Үнэт эдлэлийг “бага үнээр худалдан авч, өндөр үнээр худалдах” зэргээр хуурамчаар наймаалцаж, мөнгө угаах. Эртний болон үнэт эдлэл, үнэ бүхий хадгалсан эд зүйлийг “бага үнээр худалдан авч, өндөр дүнгээр үнэлэн худалдах” хэлбэрээр мөнгийг хууль ёсны дагуу солилцоо болгон дансанд хийн мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэх болсон. Энэ төрлийн мөнгө угаах арга дийлэнхдээ авлигын шинжтэй байдаг.
  20. Сангаар дамжуулан мөнгө угаах. Цөөнгүй улс төрч, аж ахуйн нэгж, консорциум сан байгуулан хуурамчаар хандив өгөн татвараас зайлсхийдэг. Эсвэл гамшиг тохиолдсон нэрийдлээр өөрийн сан болон хувь хүний дансанд хандив цуглуулан хувьдаа ашигладаг. Мөнгө угаагч буяны сангуудыг ашиглан харилцан мөнгө шилжүүлэн улс дамнан мөнгө угаах тохиолдол их гардаг.
  21. Олон улсын шилжүүлэг байнга хийх (хуучин дансаа устгадаг), шууд улс дамнуулан зөөвөрлөх хэлбэрийн мөнгө угаах. Тодорхой хугацаанд хадгалж болдог шилжүүлгийн баримтыг ашиглан мөнгө угаана. Транзит хийх эсвэл гаалийн байгууллагад шалгуулахгүй нэвтрэх эрх бүхий этгээдийг ашиглан мөнгийг гадагш зөөвөрлөнө. Ингэхдээ ихэвчлэн 100-тын ам.долларын дэвсгэртийг ашигладаг.
  22. Бусдын хувийн мэдээллийг ашиглан мөнгө угаах. Мөнгө угаагч бусдын хувийн мэдээллийг ашиглан нууцаар данс нээн бохир мөнгийг тараан байршуулж, бусдын хараанд өртөхгүй байх боломжоо бүрдүүлдэг. Гэхдээ хувийн мэдээллээ алдсан этгээд банкны үйлчилгээ авахдаа данстай гэдгээ мэдэх эрсдэлтэй тул мөнгө угаагч бусдын хувийн мэдээллийг ашиглан дансаа гадаад улсад нээлгэдэг. Иймд хувь хүн өөрийн хувийн нууцыг алдагдахаас сэргийлж байх хэрэгтэй.
  23. Валютын харилцах данс ашиглан мөнгө угаах. Бага мөнгөн дүнгээр олон удаа хадгаламжид орлого хийж, гадаад улсад очин валютаар зарлагадан авна. Үүнийг “шоргоолжоор тоосго зөөлгөх” хэмээн нэрлэдэг бөгөөд бусдын хувийн мэдээллийг ашиглан данс нээлгэх аргатай хослуулан үйлддэг.
  24. Улс дамнасан гүйлгээгээр мөнгө угаах. Бодит бүтээгдэхүүнгүй үйлдвэрлэл үйлчилгээнд ихэвчлэн үйлдэгдэнэ. Гүйлгээний мөнгөн дүнг хуурамчаар үйлдэн хууль ёсны дагуу гадаад дахь брокерын дансанд шилжүүлнэ. Гадаад дахь дансаар мөнгөө хуваарилан анхны гүйлгээний мөнгөн дүнгээ засах, брокерын хөлс болон угаах мөнгөө гарган авна.
  25. Зөвшөөрөлгүй валют арилжаа эрхэлж мөнгө угаах. Үнэт эдлэлийн дэлгүүрт хууль бусаар валютын арилжаа эрхлэхээс гадна, бэлэн мөнгөөр нэр тэмдэглэдэггүй гадаадын чек авч хэрэглэгчдэд тараан, гадаадын дансанд хадгалуулна.
  26. Үндэстэн дамнасан аж ахуйн нэгжийн санхүүжилтийг ашиглан мөнгө угаах. Ихэвчлэн банк санхүү, даатгалын салбарт үйлдэгдэх бөгөөд их хэмжээний бэлэн мөнгийг гадагш зөөвөрлөдөг.
  27. Бусдын нэрийг ашиглан үл хөдлөх хөрөнгө худалдан авах замаар мөнгө угаах. Бусдын нэрийг ашиглан үл хөдлөх хөрөнгө худалдан авна. Гүйцэтгэгч зах зээлийн үнээс 30-50 хувийн хөнгөлөлттэйгээр худалдан авч, бэлнээр тооцоог хийсэн болгон харагдуулна. Барилга ашиглалтад орохоос өмнө зах зээлийн үнийг 100 хувиар тооцон буцаалт хийнэ.
  28. Хуурамч зээлээр мөнгө угаах. Авлига, хээл хахуулиар үйлдэгдэнэ. Урт хугацааны вексель болон чекийг ашиглан зээлийн хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлэн өгөх болон банкинд бэлэн мөнгө болгон хөрвүүлэн авна.
  29. Хуурамч дэвсгэртээр мөнгө угаах. Хуурамч дэвсгэрт ашиглан олон удаа бага дүнтэй худалдан авалт хийнэ.
  30. Дэлгүүрийн бэлгийн картыг ашиглан мөнгө угаах. Танил талаа ашиглан ямар нэгэн их дэлгүүрийн бэлгийн картыг их хэмжээгээр худалдан авч, аль нэг компанийн ажилчдад баяр болон тэмдэглэлт өдрөөр хангамж болгон тараах замаар үйлддэг. Бэлгийн картыг бэлэн мөнгөөр сольж болдоггүй онцлогтой.

Үүнээс гадна хууль ёсны орлоготой нийлүүлэх, давхар нэхэмжлэх болон зээлийн карт ашиглах, валютын арилжаа, цахим сүлжээ, итгэлцлийн хэлбэрээр мөнгө угаах зэрэг энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх тохиолдол элбэг байна. Үүнээс гадна хуульч, нотариат, нягтлан болон бусад мэргэжлийн хүнийг ашиглан мөнгө угаах, мөн санхүүгийн байгууллагыг ашиглах, ядуу буурай орны засгийн газрын төслөөр мөнгө угаах гэмт хэрэг дэлхий дахинд түгээмэл үйлдэгдэж, санхүүгийн дэг журмыг алдагдуулан улс орны хөгжилд ихээхэн хохирол учруулж байна.

Мөнгө угаах гэмт хэрэг дэлхий нийтийг хамарсан, улам нарийн зохион байгуулалтын шинжтэй болж байгаа хэдий ч нөгөө талдаа олон улсын хууль сахиулах байгууллага, холбоодын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны уялдаа холбоо сайжирч энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, тодорхойлох арга техник мөн хөгжиж байна.

Иймд аливаа иргэн, аж ахуйн нэгж санаатай болон санамсаргүй байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох эрсдэл өндөр байгааг анхаарч, санхүүгийн үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу, мэргэжлийн ёс зүйтэй явуулах нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл

Нэг зүйл мартжээ. Эргэж бодохлээр ... [202.131.225.53] 2020-08-06 09:04:36

Ёстой уйлмаар!!!

Авилгал манайд байхгүй. Бид чинь талархснаа л үзүүлж байгаа юм. Кх! [202.131.225.53] 2020-08-06 09:00:26

Кх! Монголд авилгал байхгүй. Зүгээр л төрийн үйлчилгээг Танд түргэн шуурхай, баталгаатай хүргэж өгсний төлөө хүмүүс талархаж "Их баярлалаа!" гээд сэтгэл ханамжийн дурсгалын зүйл бэлэглэдэг юм. Кх-кх!!! Тэгэхгүй бол "итали ажил хаялт" гэж сонссон уу? Бүх юмыг яг номоор нь хууль ёсны дагуу хийхлээр маш уддаг, эцсийн үр өгөөж нь харагддаггүй. Тэгээд л үүнийг "ажил хаялт" гэдэг юм байнлээ. Манайх бол түшмэдүүд ажилдаа ёстой эзэн ёсоор хандаж үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээх энүүхэнд. Кха! Кха! Кха!

Дэбил [66.181.161.89] 2020-08-06 05:37:39

Би мөнгийг савандаад угаачихдаг. Энэ бол бас нэг түгээмэл угаалт шүү.

Зочин [172.58.140.163] 2020-08-06 03:22:12

Teneguuded zoriulav gej todotgooroi!

Зочин [202.126.89.145] 2020-08-06 03:02:53

улс төрчид, бизнесменүүдээс мөнгө угаагаагүй хүн алга.

М [66.181.168.8] 2020-08-06 00:45:20

Битгий ийм худлаа юм нийтэлж бай


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.