Л.Мөнхбаясгалан: Газрын доорх цэнгэг усыг уул уурхайд ашиглахыг хатуу хориглоно

Aдмин / Улстөр

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан ахлаж ажилласан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалантай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хуулийн төслөө УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүлэхдээ “Цэнгэг усыг уул уурхайд хэрэглэхийг хориглоно” гэсэн нь уул уурхайн хийгээд байгаль орчны салбарыхны анхаарлыг татаад байгаа билээ.


-Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Хуулийн төсөлд оруулсан гол өөрчлөлт юу вэ?

-Усны тухай хууль 2012 оноос хойш огт шинэчлэгдээгүй байсан. Энэ хугацаанд бусад хуулийн дагуу л болж 12 удаа нэмэлт, өөрчлөлт орж үндсэн үзэл баримтлалаа алдсан. Хэрэв дэлхийн гуравдугаар дайн болно гэвэл гарцаагүй усны төлөөх дайн болох нь тодорхой болж усны геополитик өнгөрсөн хугацаанд нэлээд эрчтэй явж ирлээ. Гэтэл манай улсад усанд хандах хандлага огтхон ч өөрчлөгдсөнгүй. Монголчууд “Хар ус харамладаггүй” гэдэг ойлголтоор өнө удаан явж иржээ. Харин энэ удаа Усны тухай хуулийн 70 гаруй хувийг шинэчлэн найрууллаа. Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд үндсэн үзэл баримтлалаа чиглүүлсэн. Тухайлбал, “Ус бол стратегийн үнэт баялаг, төрийн нийтийн өмч” гэсэн томьёололд бүх зүйл заалтыг зангидаж усны үнэ цэнийг өргөхийг хичээлээ. Өнгөрсөн 30 жил бид уул уурхайг л нэгдүгээрт тавьж байсан бол Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө хүнээ эхэнд тавьсан. Манай хуулиар монгол хүн стандартын эрүүл ахуйд нийцсэн усаар хангагдах эрхээ баталгаажуулна. Учир нь өнөөгийн байдлаар Монгол Улсын 330 сумаас 238 сум нь усны хайгуул хийгээгүй учраас стандартад нийцсэн цэвэр усаар хангагдаж чадахгүй байна. Одоогоор нэн яаралтай ундны усны хайгуул хийх шаардлагатай есөн аймгийн 56 сум бий. Зарим нь усны нөөц шавхагдсан байхад зарим нь хэт өндөр эрдэсжилт, хүнцэл ихтэй ус ууж байгаа.

Эдгээр сумын 70 гаруй хувь нь 5000-гаас дээш иргэнтэй. Гэтэл энэ хайгуулыг мөнгө байхгүй гээд хийдэггүй. Бараг 900 мянган иргэнээ харсаар байтал эрүүл ахуйн стандартад нийцээгүй ус уулгаж хавдраар өвдүүлсээр байх уу. Ийм төр байж болох уу. Энэ бол төрийн эс үйлдэхүй. Дээрх есөн аймгийн 56 сум жил бүр усыг минь хайж олж өгөөч гэж төсөв батлагдах үеэр гуйдаг. Тэр мөнгө нь 95-хан тэрбум төгрөг. Хэдэн их наядын хулгай ярьдаг хэрнээ усанд тавих мөнгө байхгүй гэнэ. Энэ хэвээрээ цаашаа үргэлжилж болохгүй. Тийм учраас Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга улсын төсөвт дарамт учруулахгүйгээр өөрсдөө мөнгөө олоод өөрсдөдөө эргүүлээд зарцуулах зохицуулалтыг хийж чадсанаараа онцлог. Хэрэв манай хуулийн өсөл батлагдвал бид энэ мөнгийг ганцхан жилийн дотор л тавиад өгч чадна.

-Хаанаас, яаж мөнгө олно гэсэн үг вэ?

-Маш амархан. Энэ өдрүүдэд бид 2027 оны улсын төсвөө хэлэлцэж байна. Энэ төсөвт уснаас олох мөнгө нь улсын хэмжээнд 97 тэрбум төгрөгөөр төлөвлөгдөж байгаа. Хэрэв манай хууль батлагдвал энэ мөнгө 289 тэрбум төгрөг болно. Учир нь энэ хуулиар усны төлбөрийн хувийн дээд, доод хэмжээг гурав дахин нэмнэ. Гэхдээ бүх усны үнийг нэмэхгүй. Иргэдийн унд, ахуйн хэрэглээний ус, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэр, ус ундаа хийхэд ашиглаж байгаа усны хуучин үнэ нь хэвээрээ, огт нэмэхгүй. Харин уул уурхай, барилга байгууламж, зам тээврийн бүтээн байгууллагад ашиглаж буй усны үнийг гурав дахин нэмж байгаа. Монгол Улсад ашиг олох зорилгоор ус ашиглах үнийг 15 жилийн өмнө экологи, эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон. Инфляци тогтворгүй, төгрөгийн ханш хэд дахин нугарч унасан байхад усны үнэ хэвээрээ л байна. Тиймээс манай багт ажилласан шинжээчид 15 жилийн төгрөгийн ханшны уналтыг үндэслэж усны үнийн дээд, доод хэмжээг шинэчилсэн. Одоо үүнийг баримтлаад дөрвөн жил тутамд усны экологи, эдийн засгийн үнэлгээг өөрчилж УИХ-аар батлуулж байхыг Засгийн газарт үүрэг болгосон. Ингэснээр жилд олох 96 тэрбум төгрөг нь 289 тэрбум төгрөг болж өснө. Тэгэхээр ундны ус нэн яаралтай хэрэгтэй болсон дээрх есөн аймаг 57 сумын усны хайгуулд зарцуулагдах мөнгийг нэг жилийн төсвөөрөө л олж байна гэсэн үг. Ер нь 15 жил үнээ өөрчлөхгүй байж нэмж элдэв тогтоол гаргаад усны үнийг бууруулаад байж таарахгүй. Ер нь манай хуулийн төслийн зарчмыг дурдвал усны үнэ цэнийг нэмэгдүүлсэн, усны нөөцийг хамгаалсан, ашиглагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч болж хариуцлага хүлээнэ. Усны нөөцийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж усыг үр ашигтай хэмнэлттэй, дахин ашиглах боломжийг бий болгосон. Мөн иргэд эрүүл ахуйн стандартад нийцсэн усыг тэгш хүртээмжтэй хэрэглэх зохицуулалтыг тусгасан.

-Уул уурхайн компаниудын усны хэрэглээний асуудал маргаан дагуулдаг. Усны төлбөрийн 50 хувийг буцаагаад усанд нь зарцуулдаг болно гэдэг нь үүнтэй хамаатай юу?

-Манай улс сүүлийн 30 жил уул уурхайг хэрхэн ашигтай явуулах вэ гэдэг бодлогод л хөтлөгдөж ирлээ. Уул уурхайгаас төсвийнхөө 95 хувийг бүрдүүлж байгаа нь үнэн. Гэхдээ томоохон уурхайнууд ашиглаж байгаа усныхаа дөнгөж 13-20 хувьд л мөнгө төлж байгаа. Нарийн тайлбарлаж өгье л дөө. Одоо мөрдөгдөж буй хуулиар ашиглаж байгаа усаа дахин ашиглах технологи нэвтрүүлбэл дахин ашигласан усныхаа хувь хэмжээгээр төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа. Жишээ нь, Оюу толгой усныхаа 87 хувийг дахин ашигладаг учраас усны төлбөрийн 87 хувиас чөлөөлөгдөөд үлдсэн 13 хувиа л төлдөг. Энэ 13 хувь нь л гэхэд жилд 20-25 тэрбум төгрөг болдог. Энэ нь орон нутгийн төсөвт орж Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар 35 хувь нь эргээд усны нөөцийг хамгаалах, хөв цөөрөм байгуулах, булаг шандны эхийг хамгаалахад зарцуулагдах ёстой. Харамсалтай нь зарим орон нутаг 35 хувьдаа хүргэхгүй, хуулиа зөрчдөг. Одоо энэ мөнгийг 35 биш, 50 хувьд хүргэж өөрчиллөө. Тухайлбал, Булган аймаг усаа Эрдэнэт үйлдвэрт өгснийхөө төлбөрт жил бүр 30 тэрбумыг авдаг байсан бол хууль батлагдвал 90 тэрбум болж үүнийхээ 45 тэрбумыг усанд эргүүлээд зарцуулах ёстой болж байна. Ингэвэл усны салбар улсын төсвөөс мөнгө гуйгаад байх шаардлагагүй болж өөрсдөө хайгуулаа хийж, усны нөөцөө хамгаалдаг болно. Манай хуулийн хамгийн том онцлог энэ. Улсын төсөвт дарамт учруулахгүйгээр өөрсдөө мөнгөө олж, чадавхжиж, эдийн засагт том нэмэр оруулж чаддаг болох явдал юм. Бас нэг томоохон өөрчлөлт бол газрын доорх цэнгэг усыг уул уурхайд ашиглахыг хориглоно.

-Ингэж усны төлбөрийг нэмэхээр аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахгүй юу. Бас гүний цэнгэг усыг ашиглахыг хориглохоор уурхайнууд зогсох аюултай биш үү?

-Харин ч эсрэгээрээ аж ахуйн нэгжүүдэд том боломж олгосон хууль болсон. Тэд усаа дахин ашиглавал төлбөрөөс чөлөөлөгдөнө. Бас хөв цөөрөм байгуулбал, алсын зайд ус дамжуулбал, усны шугам сүлжээний ажил хийвэл, газар доор нуур байгуулбал, тэр чинээгээрээ татвараас чөлөөлөгдөөд л байна. Энэ удаагийн хуулиар зөвхөн аж ахуйн нэгж ч биш, хувь хүнийг дэмжлэг урамшуулалд хамруулахаар болсон. Аж ахуйн нэгжүүд уул уурхайн төсөлд орох гэж байгаа бол байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх үүрэгтэй болно. Бас ашиглалтын лиценз авахаасаа өмнө усны дүгнэлтээ авсан байх ёстой. Тухайн газар нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулахад ус байна уу, байвал хүрэлцэх үү, тэр ус нь цэнгэг ус уу, эрдэсжилттэй ус уу гэдэг дээр хайгуул судалгаа эхлээд хийх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний улсын хэмжээний том төсөл малчны худгаас усаа авч байна. Ийм байж ерөөсөө болохгүй. Дэлхийд ийм хачин юм байхгүй. Одоо ингэж ноолуулахаа болих хэрэгтэй шүү дээ. Томоохон уул уурхай эрхэлж буй аж ахуйн нэгжүүд секундэд гэр хорооллын иргэний бүтэн сар хэрэглэх усыг ашигладаг. Тэгсэн атлаа технологио сайжруул гэхээр “үгүй” гэж болохгүй. Монгол Улс ямартаа ч эхлээд цэнгэг усаа хайж олоод хүн ардаа эрүүл усаар хангаадахъя. Энэ бол хамгийн зөв бодлого байх болно.

-Та ер нь яагаад Усны тухай хуулийг шинэчлэхээр зорьсон юм бэ?

-Би говийн бүсээс сонгогдсон гишүүн. Говийн бэр болоод 25 жил болж байна. Говийнхны усаар гачигдахын зовлонг би мэдэхгүй бол хэн мэдэх вэ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар усны өнгөтэй цэнхэр дээл өмсөөд Хэрлэнтооно, Орхон-Онги төслийг хэрэгжүүлнэ, говийг усаар хангана гэж амласан. Тэр амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Бас эрүүл ахуйн стандартад огт нийцээгүй, хорт хавдар үүсгэдэг усыг өдөр тутам ундандаа хэрэглэж буй ард иргэдээ харахаар байж суухын аргагүй байна. Төрийн энэ эс үйлдэхүйг үнэхээр үзэн ядсан. Гадны тусламжийн хэдэн филтер хөдөөнийхөө худгуудад тавьчихаад Үндсэн хуулиндаа “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж суугаа нь үнэхээр ичмээр. Гэтэл одоо миний хийж чадах ажил бол хуульд өөрчлөлт оруулах шүү дээ. Тэгээд л Усны тухай хуулийг өөрчлөхөөр сэтгэл шулуудаж барьж авсан. Бүтэн есөн сар нухлаа. Найман аймгаар явж хэлэлцүүллээ. Төрийн ордонд хоёр удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хорь гаруй сумаар явж хуулиа танилцуулсан. Ингэж байж сая л өргөн барилаа.

-Энэ намар болсон COP17-д та нэлээд идэвхтэй оролцож, бас л усныхаа асуудлыг ярьсан байх аа?

-COP17-д миний ажилласан зорилго тодорхой. Хэрлэнтооно, Онги Цагаан бургастай төсөл, болон “333 нуур” хөтөлбөрт хөрөнгө оруулалт олчих санаатай ажилласан. COP17 бага хурал болоод Монгол Улсын “Усны элч”-ийн хувьд хөрөнгө оруулалт татах, нүүр царай болох үүрэгтэй байсан. Үүргээ биелүүлэх гэж олон хүнтэй уулзаж төсөл хөтөлбөрөө танилцуулсан. Одоо Засгийн газар ажлаа тайлагнах байлгүй дээ. Хувь хүнээр гэрээ байгуулахгүй, зөвхөн Засгийн газар гэрээ байгуулж хэлэлцээр хийдэг.

-Говийг усжуулах төсөл тань юу болж байгаа вэ. Төсөвт тодорхой мөнгө тавиулаад эхлүүлэх шиг болсон доо?

-Амжилттай яваа гэж хэлж болно. Анх 2024 онд сонгогдсон цагаасаа хойш л говийг усжуулах төслөө ярьж таниулсаар одоо ажил хэрэг болж байна. Хэрлэнтооно төслийн ТЭЗҮ дууссан. Өнгөрсөн жил улсын төсөвт зарчмын зөрүүтэй саналаар есөн тэрбум төгрөг тавиулж чадсанаар энэ жил ТЭЗҮ нь дуусч байна. Одоо зураг төсөл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, газар шорооны ажил үлдсэн. Саяхан би Усны агентлаг, Говийг усжуулах нэгж, ТЭЗҮ гүйцэтгэх компанийн эрдэмтэн судлаачидтай Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн 10 сумаар явж усны төслөө, усны хуулиа танилцуулж хэлэлцүүлээд ирлээ. Иргэд сайн ойлголттой болжээ. Энэ янзаараа явж чадвал 2027 онд газар шорооныхоо ажил руу орчихно.

Ер нь байнгын анхаарал тавьж, зууралдаж, асууж лавлаж, ярьж хөөцөлдөж байж явах ажил байна шүү. Олон жил яригдаж араас нь тууштай явах хүн байхгүйд л учир байсан юм билээ.

-Та харин байнга л усны тухай хэлж ярьж байгаа анзаарагддаг?

-Одоо бүр ч их ярина. Уйгагүй араас нь хөөцөлдөнө. Асар их хүч хөдөлмөр, оюун санаа зарцуулж энэ хүргэчихээд хаяна гэж байхгүй. Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловрсуулж, УИХ-ын 15 гишүүнийг ахалж ажилласан маань усны эрх зүйг ойлгоход маш том сургууль боллоо.

-Саяхан та “Нээлттэй парламент” танхимд ажиллаж иргэдтэй уулзсан. Уулзалтаар хүмүүс ямар асуудлыг илүүтэй хөндөж байна вэ?

-Би хөдөөнөөс сонгогдсон гишүүн болохоор байнга орон нутагт ажилладаг. Харин энэ удаа хотын иргэдтэй уулзлаа. Хөдөөгийн гишүүн хотод гэдэг шиг л юм боллоо. Иргэд юмны үнэ өссөн, шатахуун хомсодсон, шударга ёс алдагдсан тухай их ярилаа. Бас надтай уулзаж байгаа болохоор тэгсэн үү, усны тухай хүн бүр ярьсан. Иргэдийн яриаг тухай бүрд нь тэмдэглэж авсан, эргэж хариу өгнө өө.

-Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрүүдэд зарцуулахаар оруулж ирснээ Засгийн газар татаад авчихлаа. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний хувьд Оюу толгойгоос орж ирэх мөнгийг томоохон бүтээн байгуулалтад оруулахыг дэмжиж байсан. Гэхдээ энэ нь хууль зөрчиж байсан, тэр хуулиа өөрчилнө гээд нэг удаагийн хуулийн саналтай орж ирсэн байсан л даа. Гэвч Засгийн газар буцаагаад татчихлаа. Улс төрийн уран шоглоом байсан уу, яг юу болсон нь мөдхөн тодорхой болно доо.

-Хаврын морин уралдааныг сэргээх асуудлаар хуулийн төсөл өргөн барьсан гишүүдийн дунд та байсан. Энэ асуудал нэлээд маргаантай зүйл. Чухам яагаад ийм хуулийн төсөл өргөн барьсан юм бэ?

-Олон шалтгаан байна. Нэгдүгээрт, би үндэсний үзэлтэй хүн. Хурдан морины уралдаан гэдэг бол манай улсын өв соёл, бусдаас ялгарах дангааршил минь. Монгол Улс төрийн сүлдэндээ ч морио залсан улс. Тиймээс монгол хүнийг мориноос нь буулгах гэсэн, өв соёлын минь эсрэг аливаа үйлдэл бүхний эсрэг явна. Хоёрдугаарт, би өөрөө хурдан морь унаж өссөн. Ер нь хүүхэд багаасаа хурдан морь унах нь өлчиржиж, биеэ даах чадвартай болж, хамгийн гол нь жинхэнэ монгол хүн болж өсдөг. Хөдөө ч явж үзээгүй, морины уяаг алсаас ч болов хараагүй хүмүүс элдэв юм ярих хэрэггүй. Гуравдугаарт, бидний өргөн барьсан хуулиар хаврын морин уралдаанд морь унах хүүхдийн насыг 14 наснаас дээш гэж зааж өгсөн. Мөн цаг агаарын байдлыг харгалзан хаврын тэргүүн сарын шинийн 15 хавьд уралдуулж байхаар зохицуулсан. Унаач хүүхэд хамгаалалтын хувцас бүрэн өмсөнө. Хаврын морин уралдаанд дээд насны гурван морь л уралдана. Ер нь хаврын морин уралдааныг хуулиар зохицуулаагүй байсныг ингэж хуульчлаад өгөхөөр эрсдэл багасах эерэг талтай. Тэгэхгүй бол одоо нууж уралдуулаад улам л хүүхэд, уяач хоёрт аюултай байдал бий болгоод байна. Энэ бүхнийг зохицуулах гэсэн санаагаар гишүүдийнхээ хамт хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Т.Дарханхөвсгөл


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.