Нялх, бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлын эрт илрүүлэг хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чухал алхам болж байна

Aдмин / Боловсрол

Хүүхэд бүрийн өсөлт, хөгжлийн явц харилцан адилгүй байдаг. Хүүхдийн хөдөлгөөн, хэл яриа, танин мэдэхүй, бусадтай харилцах чадварын хөгжил насанд нь тохирсон үе шатнаас мэдэгдэхүйц хоцорч буй шинж ажиглагдвал мэргэжлийн эмчид хандаж, хөгжлийн үнэлгээ хийлгэх нь чухал.

Хөгжлийн хоцрогдол нь төрөлхийн болон олдмол олон хүчин зүйлтэй холбоотой байж болох бөгөөд эрт илрүүлж, шаардлагатай тусламжийг цаг тухайд нь үзүүлэх нь хүүхдийн цаашдын хөгжил, суралцах чадвар, нийгмийн оролцоог дэмжих боломжийг нэмэгдүүлдэг.

Гэвч эцэг эхчүүдийн мэдлэг, мэдээлэл дутмаг, хөгжлийн онцлогийг анзааралгүй өнгөрөөх, мэргэжлийн байгууллагад хандахыг хойшлуулах зэрэг асуудал хэвээр байсаар байгаа аж. Тиймээс хүүхдийн хөгжлийг эрт үеэс нь тогтмол үнэлж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг уялдуулах нь нэн чухал юм.

Энэ чиглэлээр Япон Улсын Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлж буй “Тэгш, хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд “Нялх, бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх нь” сэдэвт сургалт 2026 оны 10 сарын 16, 17-ны өдрүүдэд Цус сэлбэлт судлалын үндэсний төвд амжилттай болж өндөрлөлөө.

Уг төсөл нийслэлийн гурван дүүрэг болон Баянхонгор, Сэлэнгэ аймагт (2024-2027 он) хэрэгжиж байгаа бөгөөд 10 өрхийн эрүүл мэндийн төв, 10 цэцэрлэгийг хамрагдаж буй юм.

Энэ удаагийн сургалтад Монгол Улсын хүний гавьяат эмч, Хүүхэд, нярайн зөвлөх, Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Баясгалантай “Тав хүртэлх насны хүүхдийн хөгжлийн үе шатууд, хөгжлийн хоцрогдол, түүний шалтгаан, шинж тэмдгүүд, авах арга хэмжээ” сэдвээр лекц уншив. Тэрбээр хүүхдийн тархины хөгжил амьдралын эхний гурван жилд идэвхтэй явагддагийг онцолсон юм.

Мөн Анагаах ухааны доктор, клиникийн профессор, Монгол Улсын хүний гавьяат их эмч, зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч Л.Тунгалаг “Хүүхдийн хөгжлийн хоцрогдолд хүргэдэг зарим эмгэгүүд” сэдвээр лекц уншив.

Тэрбээр “Бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг оношлоход эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн өмнөх боловсролын багш, эмчийн үүрэг чухал болохыг дурдав. Өрх, сумын хүүхдийн эмч хүүхдийн хөгжлийг үнэлж, шаардлагатай бол нэмэлт үзлэг, шинжилгээнд хамруулна.

No description available.

Хөгжлийн хоцрогдлын үнэлгээ нь сэтгэл судлал, генетик, хэлний эмгэг судлал, физик эмчилгээ, хоол тэжээл гэх мэт зүйлс дээр суурилдаг бөгөөд оношлоход цаг хугацаа шаардагдана” гэв.

Энэ удаагийн давтан сургалтын онцлог нь өмнөх агуулгыг бататгахаас гадна шинэ сэдвүүдийг нэмж, хөтөлбөрөө өргөжүүлсэн явдал байв. Тухайлбал, аутизмын хүрээний эмгэгийн эрт илрүүлэгт ашигладаг M-CHAT ((Бага насны хүүхдийн аутизмыг илрүүлэх өөрчилсөн хяналтын хуудас) үнэлгээний аргачлал, нялх, бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэхийн зэрэгцээ хөгжлийн онцлогтой хүүхдийн өсөлт, хөгжилд аавын оролцооны ач холбогдлыг тусгажээ. Мөн эмч, эмнэлгийн ажилтнууд эцэг эхчүүдтэй харилцахдаа сэтгэл зүйн ямар хүчин зүйлсийг анхаарах, тэдэнд хэрхэн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх талаар нэмэлт хичээлүүдийг оруулсан байна.

Эрт илрүүлгээс цогц тусламж үйлчилгээ рүү

Хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын хийх ажил биш. Хөгжлийн хоцрогдол илэрсэн хүүхдэд эмчийн үзлэг, оношилгоо, хэл засал, боловсролын дэмжлэг болон нийгмийн халамжийн үйлчилгээ шаардлагатай. Иймээс хүүхэд бүрийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг уялдуулах шаардлагатайг төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд харуулж буй юм.

2025 онд зорилтот өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 2,000 гаруй хүүхэд 9, 18, 36 сартайн цогц үзлэгт хамрагдаж, хөгжлийн хоцрогдолтой 52 хүүхэд илэрснээс 42-ыг нь лавлагаа шатлалын эмнэлэгт илгээжээ. Мөн зорилтот 5 салбар комисс 4,773 хүүхдийн асуудлыг хэлэлцэж, 666 хүүхдийг (ГБХНХЯ-ны 2025 оны стасистик) хөгжлийн бэрхшээлтэйд шинээр тогтоосон байна.

Төслийн эрүүл мэндийн ажилтан Ж.Доржханд эмчийн хэлснээр, төслийг эхлүүлэхийн өмнөх суурь судалгаанд эцэг эхчүүдийн 62.1 хувь нь хүүхдээ өрхийн эрүүл мэндийн төвд хөгжлийн эрт илрүүлэгт хамруулж байгаагүй, тэдний 77.8 хувь нь ийм үзлэг байдгийг мэддэггүй байжээ.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтэрт хүүхдийн хөгжлийг үнэлэх асуумж, мэдээлэл байдаг ч эцэг эхчүүд тэр бүр тогтмол ашигладаггүй, хүүхдийнхээ хөгжлийн үзүүлэлтийг бүртгэж, хянадаггүй. Үүний улмаас хүүхэд хоёр, гурван нас хүрсний дараа хэл ярианы хөгжил удаашрах зэрэг шинж илэрч, улмаар мэргэжлийн байгууллагад хандах тохиолдол гардаг ажээ.

Тэрбээр энэ талаар ярихдаа “Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах нь хүүхдийн цаашдын хөгжилд чухал нөлөөтэй” хэмээн онцлов.

Хүүхдийн хөгжлийг нярай үеэс эхлэн тогтмол ажиглаж, ялангуяа 9, 18, 36 сартайд нь хөгжлийн үнэлгээ хийх нь анхаарах шаардлагатай шинжийг эрт илрүүлэх боломж олгодог байна. Үнэлгээгээр эрсдэл илэрсэн тохиолдолд хүүхдэд шууд онош тавих бус, дараагийн шатны мэргэжлийн үзлэг, үнэлгээнд хамруулах нь чухал ажээ.

Сургалтыг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ

Төслийн үр дүнг тогтвортой хадгалж, бусад эрүүл мэндийн байгууллагад нэвтрүүлэхийн тулд эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах дээрх сургалтыг цахим хэлбэрээр үргэлжлүүлэхээр төлөвлөж буй юм байна.

Ж.Доржханд эмчийн мэдээлснээр, сургалтын хөтөлбөрийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим сургалтын системд байршуулж, өрхийн эмч нар мэргэжил дээшлүүлэх сургалтын кредит авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын шилжилт хөдөлгөөн их байдаг тул цахим сургалт нь шинээр ажилд орсон эмч нарт шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмших боломж олгох давуу талтай юм байна.

Түүнчлэн сургалтад хамрагдсан эмч нар эзэмшсэн мэдлэг, туршлагаа бусад өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээж байгаа нь төслийн хамрах хүрээг өргөжүүлэхэд ач холбогдолтой ажээ.

Б.Баясгалантай: Нярайн эрт илрүүлэг, скринингийн үйлчилгээг тогтвортой Description: C:\Users\Erka\OneDrive\Desktop\Баясгалантай.jpgхэрэгжүүлэх нь чухал

Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Баясгалантай “Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй төрөлхийн болон удамшлын зарим эмгэгийг амьдралын эхний өдрүүдэд илрүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх нь цаашид үүсэж болзошгүй хүндрэл, хөгжлийн бэрхшээлийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой.

Тиймээс нярай хүүхдийг төрсний дараах эхний өдрүүдэд эрт илрүүлэг, скрининг шинжилгээнд хамруулах нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээний нэг юм.

Өнөөдөр Улаанбаатар хот болон орон нутгийн төрөх эмнэлгүүдэд мэндэлсэн нярай хүүхдийг төрсний дараах 24-72 цагийн хугацаанд скрининг шинжилгээнд хамруулах боломж бүрдэж байна. Эдгээр шинжилгээ нь зарим төрөлхийн болон бодисын солилцооны эмгэгийг шинж тэмдэг илрэхээс өмнө илрүүлэх, шаардлагатай тохиолдолд нэмэлт шинжилгээгээр оношийг баталгаажуулж, эмчилгээг эрт эхлүүлэхэд чиглэдэг.

Тухайлбал, нярайн өсгийнөөс авсан цусны сорьцод шинжилгээ хийснээр төрөлхийн бамбай булчирхайн дутмагшил, адреногенитал хам шинж болон бодисын солилцооны зарим эмгэгийг илрүүлэх боломжтой.

Эдгээр эмгэгийг эрт оношилж, тохирсон эмчилгээг цаг тухайд нь эхлүүлснээр хүүхдийн бие махбод, мэдрэлийн тогтолцооны хөгжилд учирч болзошгүй сөрөг нөлөөг бууруулах, зарим тохиолдолд хүнд хүндрэл, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Үүнээс гадна нярайн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор төрөлхийн зүрхний гажиг, сонсголын алдагдал, харааны зарим эмгэг болон түнхний үений хөгжлийн дутмагшлыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг хийдэг. Эдгээр нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй өөрчлөлтийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд чиглэж байна.

Төрөлхийн зүрхний гажгийг эрт илрүүлснээр шаардлагатай хүүхдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад шуурхай хамруулж, тохирсон эмчилгээ, мэс заслын тусламжийг цаг тухайд нь үзүүлэх боломж бүрдэнэ. Харин сонсголын скрининг нь сонсголын алдагдлыг эрт илрүүлж, хүүхдийн хэл яриа, харилцааны хөгжлийг дэмжих арга хэмжээг хугацаа алдалгүй эхлүүлэхэд чухал үүрэгтэй.

Мөн харааны улаан рефлексийн үзлэгээр нүдний зарим ноцтой эмгэгийг илрүүлэх боломжтой бол түнхний үений үзлэг болон шаардлагатай дүрс оношилгоо нь түнхний хөгжлийн дутмагшлыг эрт оношилж, тохирсон эмчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлдэг.

Ийнхүү нярай үеэс эхлэн хийх эрт илрүүлэг, скринингийн шинжилгээ нь хүүхдийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай оношилгоо, эмчилгээ болон хөгжлийн дэмжлэгт цаг алдалгүй хамруулахад чухал ач холбогдолтой. Гэхдээ скрининг шинжилгээний үр дүн нь дангаараа эцсийн онош болдоггүй бөгөөд сэжигтэй тохиолдолд нэмэлт шинжилгээ, нарийн мэргэжлийн эмчийн үнэлгээ шаардлагатай.

Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрсдэлийг бууруулах, хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэхэд зөвхөн скрининг шинжилгээгээр хязгаарлах нь хангалтгүй. Илэрсэн өөрчлөлтөд тохирсон эмчилгээ, сэргээн засах тусламж, хөгжлийн дэмжлэгийг цаг тухайд нь үзүүлэхийн зэрэгцээ эцэг эхэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай.

Тиймээс нярайн эрт илрүүлэг, скринингийн үйлчилгээг тогтвортой хэрэгжүүлж, хот, хөдөөгийн бүх хүүхдэд тэгш, хүртээмжтэй хүргэх нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, цаашдын өсөлт хөгжилд нь учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн чухал алхам юм” хэмээн хэллээ.

“Нялх, бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх нь” сэдэвт сургалтад хамрагдсан эмч, мэргэжилтнүүдийн байр суурийг сонирхлоо.

Б.Чимгээ: Өмнө нь ярьж чаддаггүй байсан зарим хүүхдэд ахиц гарсныг эцэг эхчүүд баяртай хүлээн авч байна

Description: C:\Users\Erka\OneDrive\Desktop\Чимгээ.jpg Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын цэцэрлэгийн арга зүйч Б.Чимгээ бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, аутизмын онцлогтой хүүхэдтэй ажиллах арга барилаа сайжруулах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр төслийн хүрээнд эзэмшсэн мэдлэг, туршлагаа ажилдаа хэрэгжүүлж буй талаараа ярилаа. Түүний ажиллаж буй цэцэрлэг уг төсөлд хоёр дахь жилдээ хамрагдаж байгаа аж.

Тэрбээр төслийн хүрээнд хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, аутизмын онцлогтой хүүхэдтэй хэрхэн ажиллах, анхан болон дунд шатанд ямар арга хэмжээ авах талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлснээ онцоллоо.

Мөн Б.Чимгээ арга зүйч сурч мэдсэн зүйлээ цэцэрлэгийнхээ багш нар болон эцэг эхчүүдэд түгээн дэлгэрүүлж, хүүхэд бүрийн хөгжлийн онцлогийг анзааран, шаардлагатай тохиолдолд дараагийн шатны эмч, мэргэжилтэнд хандахад нь дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа ажээ.

Тэрбээр “Манай цэцэрлэгийн хувьд гурван настай хүүхдүүдийг хөгжлийн эрт илрүүлэгт бүрэн хамруулсан. Ингэснээр хүүхэд бүрийн хөгжлийн түвшнийг тодорхойлж, ямар чиглэлд илүү анхаарах шаардлагатайг мэдэх боломжтой болсон” гэж ярив.

Б.Чимгээ хүүхдийн хөгжлийн үнэлгээний үндсэн дээр эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж байгаа аж. Хүүхдийн хөгжлийн онцлог, тулгамдаж буй асуудлыг эрт мэдсэнээр багш, эцэг эх, эмч нар тухайн хүүхдэд ямар дэмжлэг хэрэгтэйг илүү сайн ойлгож, шаардлагатай үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах боломж бүрддэг байна.

No description available.

Тэрбээр мөн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын урьдчилсан дүнгээр тус аймаг хүүхдийн хөгжлийн эрт илрүүлгийн хамрагдалтаар улсын хэмжээнд хоёрдугаарт яваа талаар дурдсан юм.

Б.Чимгээ арга зүйч эцэг, эхчүүдэд хандаж хүүхэдтэйгээ өдөр бүр ярилцаж, хамт тоглож, үлгэр уншиж өгөхийг зөвлөлөө. Тэрбээр “Хүүхэд цэцэрлэгтээ өдөрт найм, арван цагийг өнгөрүүллээ ч гэртээ байх хугацаандаа ээж, аавтайгаа ярилцаж, тоглож, үлгэр сонсож, харилцан ойлголцох хэрэгтэй. Эцэг эхчүүд өдөр бүр багахан хугацааг ч болов хүүхдэдээ зориулж, юу хийсэн, юу мэдэрсэн талаар нь ярилцаж хэвшээсэй гэж хүсдэг” хэмээн хэлсэн юм.

Мөн хүүхдийг саатуулах зорилгоор гар утас өгөх нь хүүхэдтэйгээ харилцах, ярилцах боломжийг багасгаж болзошгүйг санууллаа. Түүний ажиллаж буй цэцэрлэг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвтэй хамтран хэл засалчийн сургалт, дэмжлэгт хүүхдүүдээ хамруулж байгаа бөгөөд үүний үр дүнд өмнө нь ярьж чаддаггүй байсан зарим хүүхдэд ахиц гарсныг эцэг эхчүүд баяртай хүлээн авч байгаа аж.

Б.Чимгээгийн хувьд эмч, мэргэжилтнүүдэд зориулсан давтан сургалтад хоёр дахь жилдээ хамрагдаж буй бөгөөд сурсан мэдлэг, туршлагаа бусад цэцэрлэг, сургуулийн эмч, багш нартай хуваалцан, өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж буй юм байна. Тэрбээр энэ ажлыг зөвхөн төслийн хугацаанд бус, цаашид тогтвортой үргэлжлүүлэх нь чухлыг онцолсон юм.

Э.Гүнжинлхам: Хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлснээр хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой

Description: C:\Users\Erka\OneDrive\Desktop\Гүнжинлхам.jpgБаянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, оношилгоо, тусламж үйлчилгээнд холбон зуучлах ажилд ахиц гарч байгаа талаар “Энх бүрд” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Э.Гүнжинлхам ярив. Тус аймагт уг төсөл 2024 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хоёр өрхийн эрүүл мэндийн төв хамрагдаж байгаа ажээ.

Төслийн хүрээнд эмч, мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн эмч нарын сургалтад хамруулж, ажлын байран дээр нь дадлагажуулснаар хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг илрүүлэх, шаардлагатай тохиолдолд дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх боломж сайжирчээ.

Тэрбээр “Төслийн гол ач холбогдол нь хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг аль болох эрт илрүүлж, хүндрэхээс нь өмнө шаардлагатай арга хэмжээг авахад оршиж байна” хэмээн онцоллоо.

Төсөл хэрэгжихээс өмнө 9, 18, 36 сартай хүүхдийн хөгжлийг үнэлэх үзлэгт хамрагдалт харилцан адилгүй байжээ. Ялангуяа цэцэрлэгт хамрагдсан, 36 сартай хүүхдүүд өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлэх нь харьцангуй бага байсан байна.

Төлийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн төв болон цэцэрлэгийн эмч нар хамтран ажиллаж, эцэг эхчүүдийг цэцэрлэг дээр нь урьж, хүүхдэд хөгжлийн үнэлгээ хийх зохион байгуулалт бий болгосноор үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх боломж бүрджээ.

Мөн эмч, мэргэжилтнүүдийг компьютер, хэмжилтийн хэрэгсэл, хүүхдийн хөгжлийг үнэлэх тоглоом, хэрэглэгдэхүүнээр хангасан байна. Өмнө нь үзлэгийн хэрэглэгдэхүүн дутмаг байснаас хүүхдийн хөгжлийг үнэлэхэд хүндрэл гардаг байсан бол одоо үзлэгийн материал, асуумжаа урьдчилан бэлтгэх нөхцөл сайжирчээ.

Э.Гүнжинлхам эмч хүүхдийн хөгжлийн хувьд эхийн жирэмсний үеийн эрүүл мэнд, нийгэм, амьжиргааны нөхцөл, хүүхдийн асаргаа болон орчны нөлөө зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатайг онцолсон юм. Түүнчлэн бага насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээнд анхаарч, хүүхэдтэйгээ ярилцах, хамт тоглох, үлгэр уншиж өгөх зэргээр хөгжлийг нь дэмжих хэрэгтэйг санууллаа.

Тэрбээр төслийн хугацаа дууссан ч хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх ажлыг зогсоохгүй, бий болсон мэдлэг, туршлага, ажлын орчиндоо тулгуурлан үргэлжлүүлэх шаардлагатайг онцолсон юм.

Х.Хишигбаяр: Эрт илрүүлэг тогтмолжсоноор хүүхдийг шаардлагатай тусламжид холбон зуучлах ажил үр дүнтэй болсон

Description: C:\Users\Erka\OneDrive\Desktop\Хишигбаяр.jpgСэлэнгэ аймгийн өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Х.Хишигбаяр 2024 оноос эхлэн төслийн хүрээнд ажиллаж байгаа аж. Түүний ажиллаж буй байгууллага хүүхдийн хөгжлийн эрт илрүүлгийг тогтмолжуулж, цэцэрлэг болон эцэг эхчүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлжээ.

Өмнө нь 9, 18, 36 сартай хүүхдийн хөгжлийн үнэлгээг тогтмол зохион байгуулах, хамрагдалтыг хянах ажил хангалтгүй байсан бол одоо тухайн жилд үзлэгт хамрагдах ёстой хүүхдийн тоог урьдчилан тооцож, бүртгэл, хяналтын файл хөтөлдөг болжээ. Ингэснээр хамрагдалтыг улирал, хагас жил, жилийн эцсээр нэгтгэн тайлагнах боломж бүрдсэн байна.

Х.Хишигбаярын хэлснээр, эхэндээ зарим эцэг эх хүүхдийнхээ хөгжлийн асуудлыг хүлээн зөвшөөрөх, мэргэжлийн байгууллагад хандах тал дээр эргэлздэг байжээ. Харин мэдээлэл, сургалтад хамрагдсанаар хүүхдийнхээ хөгжлийг анхааралтай ажиглах, шаардлагатай үед эмчид үзүүлэх хандлага нь сайжирсан байна.

Тэрбээр “Хүүхдийг хөгжлийн хоцрогдолтой гэж шууд дүгнэх бус, анхан шатны үнэлгээгээр анхаарах шаардлагатай шинж тэмдэг илэрвэл эцэг эхэд нь зөвлөгөө өгч, дараагийн шатны мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөдөг. Үүний дагуу зарим эцэг эх хүүхдээ Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон холбогдох мэргэжлийн байгууллагад үзүүлж, шаардлагатай тусламж авч байна” хэмээн ярив.

Х.Хишигбаяр мөн хүүхдийн хөгжлийг эрт анзаарч, шаардлагатай тусламжид холбон зуучилсны үр дүнд өдөр тутмын оролцоонд нь ахиц гарсан нэгэн жишээг хуваалцлаа.

Нэгэн хүүхэд цэцэрлэг дээрээ бусадтай төдийлөн харилцахгүй, ихэвчлэн буланд сууж, тоглоомд оролцдоггүй байжээ. Багш нар энэ байдлыг анзаарч, эцэг эхэд нь зөвлөгөө өгсний дараа хүүхдийг мэргэжлийн байгууллагад үзүүлж, шаардлагатай тусламжид хамруулж, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр ажилласанбайна.

Үүний дараа хүүхэд бусадтай харилцах, найзуудтайгаа тоглох, тоглоомоо хуваалцах зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанд илүү оролцдог болжээ. Мөн өмнө нь зөвхөн гэрээсээ авчирсан хоол иддэг байсан хүүхдийн цэцэрлэгийн орчинд хооллох байдалд ч ахиц гарсан байна.

Энэ жишээ нь эрт илрүүлэг, эцэг эхтэй зөвлөлдөх, мэргэжлийн тусламжид холбон зуучлах үйл явцын ач холбогдлыг харуулжээ. Гэхдээ тэрбээр хүүхэд бүрийн хөгжлийн хэрэгцээ өөр тул ижил арга хэмжээ бүх хүүхдэд ижил үр дүн үзүүлнэ гэж ойлгож болохгүйг хэлсэн юм.

Х.Хишигбаяр хүүхдийн хөгжлийг дэмжихэд гэр бүлийн оролцоо чухал болохыг онцолж, хүүхдийн хүссэн зүйлийг үг хэлүүлэхгүйгээр тааж ойлгон, хэрэгцээг нь шууд хангах нь хэл яриагаар хүсэлтээ илэрхийлэх боломжийг багасгаж болзошгүйг хэллээ. Иймээс тэрбээр хүүхэдтэйгээ ярилцах, асуулт асуух, үлгэр уншиж өгөх, хамт тоглох, хүсэл бодлоо илэрхийлэх боломж олгох хэрэгтэйг онцолсон юм.

Х.Лашын: Эрт илрүүлэг хүүхдийг дараагийн шатны тусламжид чиглүүлэх боломжийг нэмэгдүүлж байна

Description: C:\Users\Erka\OneDrive\Desktop\Лашын.jpg Чингэлтэй дүүргийн Энэрэнгүй ҮйлсӨрхийн Эрүүл Мэндийн Төвийн эмч Х.Лашын хүүхдийн хөгжлийн эрт илрүүлгийг тогтмол зохион байгуулснаар хөгжлийн онцлог илэрсэн хүүхдүүдийг илүү эрт анзаарч, шаардлагатай мэргэжлийн тусламж үйлчилгээнд чиглүүлэх боломж нэмэгдсэн талаар ярив.

Тус өрхийн эрүүл мэндийн төвүүд 9, 18, 36 сартай хүүхдийн хөгжлийн үнэлгээг тогтмол хийж, сар бүр үзлэгийн мэдээг нэгтгэн гаргадаг болжээ.

Эмч Х.Лашын “Өмнө нь хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг ийм байдлаар тогтмол илрүүлдэггүй байсан. Харин одоо эрт илрүүлэг хийж эхэлснээр хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийг илүү олноор илрүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээнд чиглүүлэн ажиллаж байна” хэмээн хэлсэн юм.

Х.Лашын хүүхдийн хөгжлийн хоцрогдол нь жирэмсэн үеийн нөхцөл байдал, дутуу төрөлт, хромосомын болон бодисын солилцооны эмгэг зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой байж болохыг онцоллоо.

Мөн тэрээр хүүхэдтэйгээ ярилцах, тоглох, бусадтай хамтран үйл ажиллагаанд оролцох боломжийг бүрдүүлэх нь хэл яриа, нийгмийн харилцааны чадварыг дэмжихэд чухал болохыг хэлсэн юм.

Эмч Х.Лашын эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ өдөр бүр ярилцах, ном үлгэр уншиж өгөх, хөдөлгөөнтэй тоглоом тоглох, дэлгэцийн хэрэглээг зохицуулах, бусад хүүхэдтэй тоглох боломж олгохыг зөвлөв.

Үүний зэрэгцээ хүүхдийн хэл яриа, хөдөлгөөн, харилцаа болон бусад хөгжлийн үзүүлэлтэд санаа зовох зүйл ажиглагдвал өрхийн эмчид хандаж, мэргэжлийн үнэлгээ хийлгэх шаардлагатайг мөн санууллаа.

No description available.

No description available.

No description available.

No description available.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.