Т.Аубакир: Гурав дахь хүүхэд төрснөөр хүн ам өсөж байна гэж үздэг учраас төрөөс энэ чиглэлд дэмжих бодлого заавал байх ёстой

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакиртай ярилцлаа.


-Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслийн зарим заалт багагүй шүүмжлэл дагууллаа. Тэр дундаа гурав хүртэлх буюу нэг, хоёр хүүхэдтэй өрхийг ялгаварлан гадуурхаж, ипотекийн зээлд хамрагдах боломжийг нь хойшлуулж байна гэсэн шүүмжлэл өрнөсөн. Энэ хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн барьсан салбарын сайдын хувьд үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд дараалал харгалзахгүй хамруулъя гэсэн заалт хуулийн төсөлд орсон. Гэхдээ энэ нь нэг, хоёр хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд хамруулахгүй гэсэн үг огт биш. Олон улсын түвшинд ч, манай улсын хувьд ч хоёр хүүхэдтэй өрхийг хүн амын өсөлтийг хангаж байна гэж үздэггүй. Яагаад гэвэл хоёр хүүхэд нь аав, ээж хоёроо орлож байгаа учраас хүн амын тоо хэвээрээ гэсэн үг. Харин гурав дахь хүүхэд төрснөөр хүн ам өсөж байна гэж үздэг. Тийм учраас Монголын төрөөс гурав дахь хүүхдийг дэмжих бодлого заавал байх ёстой. Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд дараалал харгалзахгүй хамруулна гэж байгаа нь нэг, хоёр хүүхэдтэй айлыг зээлд хамруулахгүй гэсэн үг биш. Бид хүн амаа өсгөхийн тулд олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого хэрэгжүүлэх ёстой. Энэ хүрээнд л уг заалтыг хуулийн төсөлд оруулж ирсэн. Мэдээж хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Цаашид УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллана. Олон нийт, иргэд, төрийн бус байгууллагууд, судлаачидтай хэлэлцэнэ. Аль заалт нь зөв, аль нь буруу байгааг хэлэлцүүлгийн явцад ярилцаж, өөрчлөх боломжтой. Гэхдээ гурав дахь хүүхдийг дэмжих бодлогыг эдийн засгийн хөшүүргээр заавал хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөлд залуу гэр бүлийг 35 хүртэлх насныхан гэж тодорхойлсон байсан. Энэ талаар та тайлбар хэлэхгүй юу?

-Судалгаагаар залуу гэр бүлүүдээс олон хүүхэдтэй болохыг хүсэж байгаа эсэхийг асуухад хамгийн түрүүнд орон сууцны асуудлыг хөнддөг нь тогтоогдсон.

Энэ бол статистик мэдээлэл. Би судалгаанд үндэслэж ярьж байна. Хоёрдугаарт, хүүхэд асрах зардал өндөр байгааг хэлдэг. Тиймээс гэр бүлүүдэд тулгамдаж буй эхний асуудал нь орон сууц юм байна гэж үзсэн. Үүний үндсэн дээр олон хүүхэдтэй гэр бүлийг орон сууцтай болгох бодлого хэрэгжүүлэхээр, залуу гэр бүлийг онцлон авч үзэж байгаа юм. Нөгөөтэйгүүр дэлхийн улс орнууд төрөлтийг дэмжих чиглэлээр янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өнгөрсөн есдүгээр сард ч олон улсын хурлууд болж, тэдгээрийн үеэр төрөлтийг дэмжих олон санал, санаачилга гарч эхэлсэн. Наад зах нь Европын зарим оронд гурван хүүхэдтэй бол нийтийн зогсоолд машинаа үнэгүй байрлуулах боломж олгох гэх мэт эдийн засгийн хөшүүрэг бий болгохоор ажиллаж байна. Манай улсын хувьд хийсэн судалгаагаар орон сууцны асуудал нэгдүгээрт гарч ирсэн. Тиймээс бид энэ асуудлыг эдийн засгийн хөшүүргээр шийдвэрлэхээр хуулийн төсөлдөө тусгасан.

-Энэхүү хуулийн төсөл уих-аар батлагдлаа гэхэд амьдрал дээр хэрэгжиж чадах уу. Ер нь хуулийн хэрэгжилт сул байгааг тал талдаа ярьдаг шүү дээ. Тухайлбал, ахмад настны тухай хууль болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх эрх зүйн зохицуулалт огт хэрэгжихгүй байна гэж байгаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Өмнө нь ч бидний оролцсон, санаачилсан хуулиуд батлагдсан. Жишээлбэл, Ахмад настны тухай хууль байна. УИХ-ын гишүүн асан Ш.Адьшаа ч энэ хуулийн хэрэгжилт муу байгааг ярьдаг. Аймаг, орон нутгийн удирдлагууд хуулиар хүлээсэн үүрэгтэй. Ахмад настнуудын төлөө хийх ажил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь хэмжээ зэрэг тодорхой шаардлагууд хуульд бий. Гэвч хэрэгжилтийн асуудал дээр анхаарах шаардлагатай байна. Монгол Улсад хууль дутаагүй. Харин хэрэгжилтийг нь хангах механизм хэрэгтэй. Засгийн газраас энэ чиглэлд шаардлага тавьж, хуулиар хүлээсэн үүргийг нь холбогдох байгууллагуудаар биелүүлэх ёстой. Би сайдаар ажиллах хугацаандаа энэ хууль батлагдвал аймаг бүрд гэр бүлийн боловсрол олгох механизмыг бодитоор ажиллуулж эхэлнэ. Аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга нарыг оролцуулж, гэр бүлийн боловсролыг ямар хуваарь, ямар арга хэлбэрээр олгохыг тодорхой болгоно. Эрүүл мэндийн яамтай хамтран гэр бүлийн эрүүл мэндийн боловсролыг хэрхэн олгохоо ярилцана. Боловсролын сайдтай хамтран хүүхдийн хүмүүжил, боловсролын асуудлыг хэрхэн хөндөхөө тодорхойлно. Иргэд хууль зүйн зөвлөгөөг хэрхэн авах боломжтой байхыг ч анхаарна. Мөн эдийн засагчдыг оролцуулж, гэр бүлийн санхүүгээ хэрхэн зөв удирдах талаар сургалт, зөвлөгөө өгнө. Нөхөр, эхнэр хоёр нийлээд сард нэг, гурван эсвэл дөрвөн сая төгрөгийн орлоготой байлаа гэхэд орлогоо хэрхэн хуваарилах, хэдий хэмжээний мөнгийг хадгалах талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Жишээлбэл, сарын орлогоосоо 1.5 сая төгрөгийг хадгаламждаа хийх боломжтой эсэхийг тооцож, санхүүгээ төлөвлөж сурах нь чухал. Монголчуудын хувьд олсон орлогоосоо хуримтлал үүсгэх, хадгаламжтай байх соёл хангалттай төлөвшөөгүй байна. Тиймээс гэр бүлийн санхүүгийн боловсролыг ч бодитоор олгох шаардлагатай.Монголчууд цалингаасаа илүү хэрэглээтэй амьдардаг шүү дээ. Шинэ утасны загвар гарангуутаа л бүгдээрээ уралдаад шинэ утастай болдог. Гэтэл нөгөө талдаа хуримтлал үүсгэх соёл дэлхийн улс орнуудад бий. Тиймээс санхүүгийн боловсролоос эхлээд гэр бүлийн эрүүл мэндийн боловсрол хүртэл олгодог тогтолцоог би сайдаар ажиллах хугацаандаа өөрөө манлайлж хэрэгжүүлнэ.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаас үүдэлтэй төсөв, хөрөнгийн тухайд нэлээн шүүмжлэл гарсан. Ер нь салбарын яам энэ асуудалд ямар бодлого гарган ажиллаж байгаа вэ?

-Бид өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт зохион байгуулж, тэдний эрх ашгийн асуудлыг хөндөж ажиллаж байна. Саяхан Сэлэнгэ, Өмнөговь, Дархан-Уул аймагт уулзалт хийсэн. Энэ арваннэгдүгээр сард Ховд аймагт уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэн хуулиар олгогдсон эрхээ, авах ёстой асаргааны тэтгэмж, тэтгэврээ мэддэггүй. Тиймээс энэ талаар мэдээлэл өгөх, эрхийг нь таниулах ажлыг тасралтгүй явуулж байгаа юм. Нэг удаа сургалт зохион байгуулаад орхих биш, тогтмол хийх ёстой. Тэгж байж хүмүүст мэдлэг нь үлдэж, амьдралд нь хэвшинэ. Нэг удаа сургалт хийчихээд Монгол Улсын бүх гэр бүл боловсролтой болчихлоо гэж үзэж болохгүй. Бидний зорилго бол үүнийг дадал хэвшил болгох юм.

-Төсвийн тодотгол батлагдаж байж, цалин тэтгэвэр нэмэх асуудал яригдана гэж байсан. Тодотголоо баталчихсан уу. нөгөөтэйгүүр цалин, тэтгэвэр нэмэх асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн баасан гарагт төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийсэн. Энэ долоо хоногтоо эцэслэн батлах ёстой. 2026 оны төсвийн тодотгол батлагдсаны дараа хийх ажил их байна. Хуулийн хугацаануудыг хүлээх шаардлагатай. Тухайлбал, Ерөнхийлөгч хориг тавих эсэхээ шийдвэрлэх 10 хоногийн хугацаа, УИХ-ын дарга хуульд гарын үсэг зурах гурван хоногийн хугацаа, мөн Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтлэхтэй холбоотой 10 хоногийн хугацаа бий. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас хууль хүчин төгөлдөр болмогц хийх тооцоолол, бүртгэл, мэдээллийн системийн бэлтгэл ажлыг хангаад байна. Арваннэгдүгээр сард тэтгэвэр нэмэгдүүлэхэд 98 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг Сангийн яаманд шилжүүлж, цааш нь орон нутаг, сумдын холбогдох байгууллагуудаар дамжуулан тэтгэврийн мөнгийг иргэдийн дансанд шилжүүлэх ёстой. Тэтгэвэр хэдээр нэмэгдсэн талаарх мэдээллийг ч хүргэнэ. Товчхондоо, төсвийн тодотгол хууль ёсоор хэрэгжиж эхэлмэгц тэтгэврийг нэмэгдүүлэхэд шаардлагатай бэлтгэлээ хангасан.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэн үү?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэж байгаа шүү. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан. Үүнд 2027 оны улсын төсвөөс 84.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан зарчмын зөрүүтэй санал гаргасан. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Гэхдээ нэмэгдүүлэхээр болбол санхүүжилтийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдэг асуудал бий. Ж.Баясгалан гишүүн өргөн хэрэглээний барааны нөөц бүрдүүлэхээр төлөвлөсөн 150 тэрбум төгрөгөөс 31 тэрбум төгрөгийг шилжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 128 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргасан. Үүнээс шалтгаалан 2027 онд дахин 280 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай болох асуудал ч яригдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг би сайдаар ажиллаж эхэлснээсээ хойш анхаарч ирсэн. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлснээр улс төрийн оноо авах тухай асуудал биш. Мэргэжлийн яамны хувьд бид энэ ажлыг чимээгүй, бодитоор хийж явах ёстой. Сангийн яамнаас бүх яаманд төсвийн хязгаар тогтоож өгдөг. Тэр хүрээнд урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардлаа төлөвлөх шаардлагатай. Харин бид тогтоосон хязгаараас 240 орчим тэрбум төгрөгөөр давуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр ажилласан. Ж.Баясгалан гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргасныг би буруу гэж байгаа юм биш. Нэмэгдүүлэх боломж, эх үүсвэр байвал цаашид ч нэмэгдүүлээд явна. Ингээд 2026 оны төсвийн тодотголд нэмэгдэл туссан бөгөөд 2027 оны улсын төсөвт мөн 10 хувийн нэмэгдэл орж ирсэн.

-Суурь тэтгэврээ хэрхэн нэмэгдүүлэх гэж байгаа юм бэ?

-Манай улс анх удаа суурь тэтгэвэр гэдэг ойлголтыг нэвтрүүлж, олон давхар тэтгэврийн тогтолцоо бүрдэж эхэллээ. Энэ нь таны төлсөн нийгмийн даатгалын шимтгэл биш, улсын төсвөөс шууд олгож байгаа тэтгэвэр юм. Суурь тэтгэвэр авагчдад тавигдах гол шалгуур нь тэтгэврийн насанд хүрсэн байх явдал юм. Жишээлбэл, цэргийн тэтгэвэрт гарсан хүмүүс 55-60 наснаас арай эрт буюу 40 гаргаад л тэтгэвэр авагч болдог. Эдгээр тэтгэвэр авагчид 55-60 нас хүрч байж суурь тэтгэвэр авна. Суурь тэтгэврийн үндсэн концепц нь энэ. Ахмад насанд хүрсэн, тэтгэврийн орлого багатай иргэдэд дэмжлэг үзүүлэх нэг хэлбэр гэж ойлгож болно. Ер бол бид тэтгэврийг гурван чиглэлээр нэмэгдүүлнэ. Нэгдүгээрт, суурь тэтгэвэр олгоно. Хоёрдугаарт, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс инфляцитай уялдуулан тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ. Гуравдугаарт, итгэлцүүрийн асуудлыг шийдвэрлэнэ. Тодруулбал, 2014 оноос өмнө тэтгэвэрт гарсан 141 мянган иргэний тэтгэврийг итгэлцүүрээр нэмэгдүүлж, тухайн үеийн тэтгэврийн хэмжээг шинэчлэн тооцохоор ажиллаж байна. Өмнө нь 1.3–1.404 сая төгрөгөөр тооцож байсан тэтгэврийг 2.4 сая төгрөг болгож оруулж ирж байгаа. Ингэснээр тэтгэврийн хэмжээг нь бууруулсан гэж яригдаж байсан 141 мянган иргэний тэтгэврийн асуудлыг шийдвэрлэнэ. Ингээд суурь тэтгэвэр, инфляцийн нэмэгдэл, итгэлцүүр гэсэн гурван чиглэлээр тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх юм. Хувь тэнцүүлэн тогтоолгосон тэтгэвэр ч нэмэгдэнэ.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Э.МӨНХТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.