С.Бямбацогт: Нээлттэй парламентад ард түмнээсээ нуух зүйл гэж байхгүй

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогттой ярилцлаа.


-Намрын чуулган өнгөрсөн сарын 15-нд эхэлснээс хойш сар гаруй хугацаа өнгөрлөө. Мэдээж намрын чуулганаар хэлэлцэх гол асуудал бол ирэх оны төсөв. Түүнээс өмнө ээлжит бус чуулганаар орж ирсэн 2026 оны төсвийн тодотголыг батлах ёстой. Их хурлын даргын хувьд энэ намрын чуулганаар парламент хэрхэн, юуг илүү анхаарч ажиллах шаардлагатай гэж бодож байна вэ?

-Энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, ирэх оны хөгжлийн чиглэл, иргэдийн амьжиргааг дэмжих онц хариуцлагатай цаг үед явагдаж байгаа гэдгийг онцлон хэлье. Ирэх 2027 онд геополитикийн зөрчил мөргөлдөөн үргэлжилж, улс орнуудын эдийн засаг зогсонги байдалд орж, үнийн өсөлтөөс үүдэлтэй хямрал намжих бус харин ч улам даамжирч болзошгүйг олон улсын байгууллагууд сэрэмжлүүлж байгаа. Хэдийгээр гадаад орчин нөхцөл ийм хүндрэлтэй байгаа ч манай улсын эдийн засгийн макро үзүүлэлтүүд өсөлттэй, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын хүлээлт эерэг байгаа. Өнгөрсөн хаврын чуулганаар бидний баталсан татвар, нийгмийн даатгал, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн реформ ирэх оны эхнээс нэг мөр хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал, татварын багц хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 1.3 сая иргэний татварт өгдөг байсан хоёр сая төгрөгийг өөрт нь үлдээж, 1.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой, жижиг дунд аж ахуйн нэгжийн татварын ачааллыг нэг хувь, 10 тэрбум хүртэлх төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжийн татварыг 10-15 хувь болгож бууруулснаар иргэд, бизнес эрхлэгчдийн татварын ачаалал нийтдээ нэг их наяд орчим төгрөгөөр буурна. Энэ онд нүүрсний экспорт анх удаа 100 сая тонн, 2027 онд 110 сая тонн болж нийт экспорт 20 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарсан. Үүний зэрэгцээ гадаад валютын албан нөөц 8.4 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ бол яах аргагүй сайн мэдээ. Одоо гагцхүү уул уурхайн салбарын орлогын энэхүү өсөлтийг айл өрхийн үүдээр оруулж, ард иргэдийн бодит орлого амьжиргааг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжсэн бодлогоо хурдтай ажил хэрэг болгох нь ард иргэдээс УИХ, Засгийн газарт өгсөн гэрийн даалгавар болоод байна.

АРД ТҮМЭН БАЯЛАГТАА ЭЗЭН БОЛОХ ЦАГ БОЛСОН

-Оюу толгойн ордыг ашиглаж эхэлснээс хойш арван долоон жилийн турш "Энэ ордын өгөөжийг монгол хүн бүр хэзээ хүртэх вэ" гэсэн асуулт байнга хариултаа нэхэж ирсэн. Тэгвэл энэ онд Оюу толгойгоос ногдол ашиг авахаар болж байх шиг байна, тийм үү?

-Үе үеийн УИХ, Засгийн газрын тууштай зүтгэлийн үр дүнд монголчууд Оюу толгойн ордоос анх удаагаа ногдол ашиг хүртэх түүхэн боломж бүрдлээ.

Энэхүү хэлэлцээрийг эхлүүлсэн үе үеийн Засгийн газар, Монголын ард түмэндээ баялгийн үр өгөөжийг авчирсан Н.Учралын Засгийн газарт талархал илэрхийлэх ёстой. Харин Үндсэн хуульд заасан “Байгалийн баялгийн өгөөжийг одоо ба ирээдүйүеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх” заалтыг амь оруулж, хамгийн оновчтой шийдлийг гаргах нь чухал. Энэ ногдол ашгийг хэрхэн хуваарилах, яаж зарцуулахыг Монголын ард түмэн чих тавин хүлээж байна. Тийм болохоор "долоо хэмжиж нэг огтол" гэдэг зарчмаар асуудалд тун няхуур нямбай хандаж, иргэдийнхээ хүлээлтэд бүрэн нийцсэн шийдвэр гаргах нь УИХ-ын гишүүдийн үүрэг гэж үзэж байгаа.

-Эдийн засгийн өсөлт бий ч нийгэмд, иргэн, өрхийн хаалгаар орж ирж байгаа нь бага байна гэж шүүмжилдэг. Нөгөөтэйгүүр үнийн өсөлтөд иргэдийн орлого, амьжиргаа үнэндээ дарлуулж байна. Энэ асуудлыг хэрхэх ёстой гэж та хувьдаа боддог вэ?

-Монголбанк Төв банкны тухай хуульд заасны дагуу үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй. Энэ хүрээнд валютын ханшийг гайгүй бариад байгаа. Харин зоосны нөгөө тал болох үнийн өсөлтийг хазаарлах тал дээр түлхүү анхаарахгүй бол болохгүй. Тэр ч үүднээс ирэх оны Мөнгөний бодлогыг боловсруулсан. Ер нь эдийн засагт асуудал үүсэхээс өмнө түрүүлж алхаж, хүлээлтийг урьдчилж зөв удирдах нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, инфляцийн урьдчилсан таамаглалд суурилсан илүү урьтаж харсан, түрүүлж алхах зарчмыг баримтлах нь зүйтэй. Төсвийн тодотголоор ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл шийдэгдэж байгаа. Цалин тэтгэвэр нэмэх нэг хэрэг, харин тэрхүү нэмэгдсэн орлого нь үнийн өсөлтөд гүйцэгдэж, төгрөг сулрахгүй байх нь анхаарах ёстой асуудал. Би саяхан Монголбанкны удирдлагуудтай уулзахдаа эдийн засгийн өсөлтийг өрхийн хаалгаар оруулж, төгрөгийн үнэ цэнийг хамгаалахад түлхүү анхаараарай гэдгийг сануулж хэлсэн. Иргэд хэрэглээгээ танаж эхэлсэн, эдийн засагт ажлын байр хумигдсан, ирээдүйд орлого нэмэгдэнэ гэсэн итгэлгүй болсон байдалд бодит дүгнэлт хийж үр дүнтэй шийдэл гарган ажиллах ёстой шүү гэдгийг захиж хэлсэн. Мөн Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хорооны нөхдөд ББСБ-ын зээлийн мэдээллийг онцгой анхаарахгүй бол болохгүй нь гэдгийг удаа дараа хэлж байгаа. Тухайлбал, ББСБ-ын иргэдэд олгосон нийт зээлийн үлдэгдэл 7.2 их наяд төгрөг хүрч дөрөв дахин өссөн дүнтэй байна. Монголбанк банкуудын дунджаар 17-18 хувийн хүүтэй иргэдийн зээлийг хязгаарлахын хэрээр иргэд ББСБ-аас болон гар утаснаасаа аппликэйшний дунджаар 44 хувийн буюу банкнаас гурав дахин өндөр хүүтэй зээл авч байгааг засаж иргэдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхэд цаг алдаж болохгүй. Иргэд цалин орлого нь хүрэлцэхгүй болохоор л аргагүйн эрхэнд зээл авч байгаа. Банкны бага хүүтэй зээл олдохгүй болохоор өндөр хүүтэй зээл авч өрийн дарамтад ордог. Тийм болохоор Мөнгөний бодлогыг хойноос нь явж гал унтраадаг байдлаар бус урьтаж харж тосож бэлддэг холын хараатай байлгахад Монголбанк ч, түүнийг хэлэлцэн батлах УИХ ч онцгой анхаарах ёстой болж таарч байна. Нөгөө талаар банкууд гадаад зах зээлээс санхүүжилт татаж, бодит эдийн засгийн салбаруудад хямд хүүтэй зээл олгож ажлын байр нэмэгдүүлэх боломжийг нээх нь зөв. Миний бие УИХ-ын даргын хувьд зээлийн хар жагсаалтын хүнд суртлыг арилгаж зээлээ төлсөн иргэд дахин зээл авах боломж бүрдүүлэхэд онцгой анхаарах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Төр иргэдээ хамгаалах ёстой болохоос өндөр хүүтэй зээл олгогчдын талд үйлчлэх ёсгүй. Төрийн бодлого, хууль шийдвэр бүр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад чиглэх ёстой. Иргэдийнхээ бага хүүтэй зээл авах боломжийг хязгаарлачихаад, өндөр хүүтэй аппликэйшний зээл рүү түлхдэг байж болохгүй.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГААР ТОГТНОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛЫН СУУР НЬ

-Өвөл хаяанд ирлээ. Их хурал, Засгийн газар гээд бүх түвшинд л өвлийн бэлтгэл хангах ажлыг эрчимтэй хийж байна. Ер нь эрчим хүчний асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Нөгөөтэйгүүр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл эрчимтэй явж байгаа юу?

-Өнөөдөр иргэдийн хамгийн их санаа зовниж буй нэг гол асуудал бол таны асуусан өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүчний найдвартай байдал. Эрчим хүчний салбарын доголдлыг гал унтраах байдлаар биш, үндэс сууриар нь шийдвэрлэх цаг болсон. Юуны өмнө түлш шатахууны хангамжаа сайжруулж, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг улам эрчимжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Миний бие Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих асуудлыг 2012 оноос хойш ярьж, 2014 онд төслийн нэгжийг нь байгуулан, 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар төслийн санхүүжилтийг шийдвэрлэснээр өнөөдөр бүтээн байгуулалтын ажил нь 40 хувьд хүрээд байна. Хэрэлдэж талцаж, гацааж түгжсээр суусан бол энэ том төсөл хөдлөөгүй хэвээр л байх байсан. Эрчим хүчний хангамж, аюулгүй байдал бол эдийн засгийн тусгаар тогтнолын суурь нь. Тийм болохоор айл өрх бүр, аж ахуйн нэгж болгон, сум суурин газрууд эрчим хүчний тархмал эх үүсгүүрүүдтэй болсон цагт эрчим хүчний хараат бус байдал бодит болно. Ер нь эрчим хүчний тусгаар тогтнол хаанаас эхэлдэг вэ гэхээр айл өрх, аж ахуйн нэгж, сум суурин газрууд бүгд өөрсдийн хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүч, нарны эх үүсвэрээр шийдэж чадсан цагт хараат байдлаас гарна. Төр үүн дээр нь бодлогоор жаахан дэмжээд, хөнгөлөлттэй зээлээ нэмэгдүүлчихвэл иргэд эрчим хүчний асуудлаа өөрсдөө шийдчихнэ. Ер нь эх үүсвэр цөөн, хэт төвлөрөх тусам л хараат байдал, болзошгүй эрсдэл тэр хэмжээгээр томордог гэдгийг л ойлгочихмоор байгаа юм. Эрчим хүчний тусгаар тогтнолоос л эдийн засгийн тусгаар тогтнол эхэлнэ. Чи бод доо. Өнөөдөр Улаанбаатар хотод 200 гаруй мянган айл өрх гэр хороололд хашаанд амьдарч байна. Утаа гаргаж агаар бохирдуулахгүй халаалтаа цахилгаанаар шийдчихье гэхээр хүчдэл нь хүрдэггүй уначихдаг. Дээр нь хотын хэдэн том цахилгаан станцууд хэзээ ч унтарч мэдэхээр бараг л аваарын байдалтай өндөр ачаалалтай ажиллаж байна. Олон жил яригдсан V, VI цахилгаан станцаа барьсан ч энэ асуудал бүрэн гүйцэд шийдэгдэхгүй. Станцтай боллоо гээд шугам сүлжээгээ шинэчлэхгүй бол бас л бүтэхгүй. Тэгэхээр бид эрчим хүчний асуудал дээр харах өнцгөө өөрчлөх цаг болсон. Агаарын бохирдол, утаа, түлшинд зарцуулж байгаа мөнгөө гэр хорооллын айл өрх бүрийг нарны тархмал эх үүсгүүртэй болоход зарцуулж чадвал богино хугацаанд асуудал бүрмөсөн шийдэгдэнэ. Айлууд яндангаа буулгаж, гал түлж утаа гаргахгүй, гадаа гарч бие засаж хөрс бохирдуулахгүй, дулаан сууцандаа тухтай өвөлжиж, хашаандаа сайхан амьдрах боломж бүрдэнэ. Төр гагцхүү цэвэр бохирынх нь шугамыг гудамж руу нь оруулаад өгөхөд л болчихно. Би яг ийм жишгээр Ховд аймгийн 3500 айл өрхийг цэвэр бохирын шугамд холбож хашаандаа сайхан амьдрах бололцоог нь бодит болгочихсон хүний хувьд ийм итгэлтэй хэлээд байгаа юм. Одоо үүн дээр урт хугацаатай бага хүүтэй ногоон зээлээр нарны эх үүсгүүрээр цахилгаан дулаанаа шийдэх боломжийг нь өгчихвөл хэн ч үнэтэй орон сууцанд орох гэж зүтгээд байхгүй, байрны залиланд өртөж байдгаа тавиад туухгүй. Орчныг нь сайхан бүрдүүлээд өгвөл хашаанд амьдрах шиг сайхан эрх чөлөөтэй амьдрал гэж байхгүй.

-Энэ өвөл ч гэсэн утааны асуудал яригдах байх. Ер нь бид утаанаасаа яаж салах вэ. Утаагүй түлш гэж ярьдаг. Тодорхой хувиар агаарын бохирдол буурдаг л байх. Гэхдээ утаа бол бодитой байсаар байгаа шүү дээ...?

-Бид утаатай бүтэн 20 жил тэмцлээ. Төр, иргэн, хувийн хэвшлийнхэн тал талдаа хичээж, тодорхой үр дүнд хүрсэн ч одоо бидэнд дараагийн шатны, эцсийн шийдэл хэрэгтэй байна. Өнөөдөр манай иргэд, бизнес эрхлэгчид пассив хаус, нарны эрчим хүч, ухаалаг халаагуур, бие даасан дэд бүтэц гээд олон дэвшилтэт технологийг нэвтрүүлж, бодит гарц гаргалгааг хэдийнэ бий болгосон. Тиймээс одоо хүчээ тарамдуулж, цаг алдах шаардлагагүй. Хийж бүтээж, зөв шийдэл гаргаж чадаж байгаа хувийн хэвшлийнхэнтэйгээ төр хамтран ажиллахад л болчихно. Гал түлэхгүй, гадаа бие засахгүй, үнс нурам, утаа униараар орчноо бохирдуулахгүйгээр “Хашаандаа сайхан амьдрах” иргэдийн хүсэл эрмэлзлийг боомилсон хууль эрх зүйн орчин, амьдралд нийцдэггүй журам, шат шатны хүнд суртлыг халж, иргэдэд хэрэгтэй, хэрэгжих боломжтой шийдлүүдийг хамтдаа гаргана. УИХ-ын гишүүд, иргэд, эрдэмтэн судлаачид, инженерүүдтэйгээ хамтран ажиллаж, иргэнд ээлтэй, амьдралд хэрэгжих бодит шийдлүүдийг хамтдаа ажил хэрэг болгоно. Гал түлэхгүй, утаа гаргахгүй хашаандаа сайхан амьдрах боломж иргэдэд бүрэн бий. Тиймээс УИХ-ын гишүүд, иргэд, хувийн хэвшилтэйгээ хамтран агаар, хөрсний бохирдлоос салж, айл өрхүүдийг утаагүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлөөр хангах хууль эрх зүйн болон ногоон санхүүжилтийн бодлого боловсруулах Ажлын хэсэг байгуулсан.

-Ажлын хэсгийн гол зорилго нь юу бол...?

-Ажлын хэсгийн гол зорилго нь гал түлж утаа гаргахгүй, гадаа бие засаж хөрс бохирдуулдаггүй, эрчим хүч дулааны хэмнэлттэй ая тухтай амины орон сууцанд ипотекийн зээл олгох. Ерөөсөө айл өрхүүд нарны эрчим хүчээр цахилгаан дулаанаа шийдвэрлэхэд зориулсан хүү багатай ногоон зээлийн дэмжлэг, хүртээмжийг нэмэгдүүлэх явдал. Иргэдийг хашаандаа тав тухтай, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлж дорвитой үр дүн гаргаж ажиллахыг зорьж байгаа.

АРД ТҮМНЭЭСЭЭ СОНГОГДСОН УЛСЫН ИХ ХУРАЛД АРД ТҮМНЭЭСЭЭ НУУХ ЗҮЙЛ ГЭЖ БАЙХ ЁСГҮЙ

-Таны хувьд Их хурлын даргаар сонгогдон ажиллаад хоёр дахь чуулганаа эхлүүлж байх шиг байна. УИХ-ын даргын хувьд ажиллах хугацаандаа юунд илүү анхаарах вэ?

-Парламент бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. Тийм учраас иргэддээ үргэлж ээлтэй, нээлттэй байж, тэдний үгийг сонсож, дуу хоолойг нь төрийн бодлого шийдвэрт тусгадаг байх нь бидний хамгийн анхдагч бөгөөд эрхэм үүрэг юм. Парламентын баталж буй хууль болгон, гаргаж буй шийдвэр бүхэн ам ажлын зөрүүгүй, иргэдийн оролцоо, иргэдийн хяналт дор байх нь иргэдийнхээ төрд итгэх итгэлийг нэмэгдүүлж, шударга ёс оршин тогтнох эрүүл хөрсийг бүрдүүлнэ гэж боддог. Миний бие УИХ-ын даргаар сонгогдсон эхний өдрөөсөө л хууль тогтоох дээд байгууллагыг илүү нээлттэй, иргэдэд ээлтэй, ил тод болгож, гишүүдийн ёс зүй, сахилга бат, хариуцлагыг эрс дээшлүүлэх зорилтыг тэргүүн зэрэгт тавин ажиллаж байна. “Нээлттэй парламент” гэдэг нь зөвхөн индэр дээрээс тунхагладаг уриа лоозон, хоосон нэршил биш ээ. Энэ бол иргэн, төр хоёрыг холбосон итгэлцлийн амьд гүүр байх ёстой. Энэ зарчмын хүрээнд зургадугаар сарын 30-нд “Нээлттэй парламент” танхимаа албан ёсоор нээсэн. Өмнө нь иргэд Төрийн ордонд орж, сонгосон гишүүнтэйгээ уулзахын тулд шалган нэвтрүүлэх, зөвшөөрөл авах гээд шат дамжлага, хүндрэл бэрхшээлтэй нүүр тулдаг байв. Тэгвэл өнөөдөр иргэд маань өөрсдийн сонгосон төлөөлөлтэйгөө болон УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүдтэй ямар нэгэн саадгүй, чөлөөтэй уулздаг танхимтай боллоо. Бид өнгөрсөн хаврын чуулганаар гишүүдийн ирц, санал хураалтын үр дүнг бүрэн цахимжуулж, олон нийтэд нээлттэй болгосон. УИХ-ын гишүүн хэзээ, хэдэн цагт ажилдаа ирсэн, хэн нь хоцорч, хэн нь тасалж эсвэл томилолттой байгааг, мөн хэрхэн санал өгснийг иргэд бодит цагийн горимоор шууд хянах боломжтой болсон. Түүнчлэн санал хураалтын оролцоо, хуулийн хувийн хэрэг, гишүүдийн тайлан, асуулт, асуулга, хяналтын сонсголын мэдээлэл зэрэг хуулийн хүрээнд ил байх бүхий л мэдээллийг иргэддээ нээлттэй болголоо. Иргэний хяналт бол парламентын ажлыг хүндрүүлэх ачаа биш, алдаагаа илрүүлж засах хамгаалалт юм.

-Ярилцлагынхаа эхэнд асууж байсан. Энэ намрын чуулганаар ирэх оны төсвөөс өөр ямар эрх зүйн өөрчлөлтөд анхаарч ажиллах вэ?

-Энэ намрын чуулганаар Орон сууцны залилангаас иргэдээ хамгаалах, Төрийн худалдан авах ажиллагааны тухай, Нийтийн өмчийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах, Эдийн засгийн тусгай бүсийн тухай, Ашигт малтмалын тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Дулаан хангамжийн тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт гэх мэт төслүүдийг хэлэлцэхээр тооцож эрэмбэлсэн. Бидний өмнө хийх ажил их, цаг хугацаа харин хязгаартай байна. Энэ намрын чуулганы бас нэгэн онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм. Нийгмийн сүлжээнд ардчилал, шударга ёсыг уландаа гишгэж, хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэл өдөр алгасалгүй шахам цацагдаж байгаа нь харамсалтай. Олон нийтийн сэтгэл зүйг айдас түгшүүрт автуулж, хагалан талцуулж байгаад Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг энэ намрын чуулганы нээлтийн үеэр би сануулж хэлж байсныг та санаж байгаа байх. Энэ үгээ дахин сануулъя. Засгийн газар Хууль бус хөрөнгө хураах хуулийг есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн боловч өнөө хэр өргөн бариагүй л байна. Энэхүү хуулийн төслийг УИХ хүлээн авсан даруйдаа хэлэлцэнэ гэсэн миний байр суурь хэвээрээ байгаа гэдгийг дахин хэлье.

ЭХ ОРНООСОО ХОЛ СУУГАА ИРГЭДИЙНХЭЭ ЭРХИЙГ ХАМГААЛАХ НЬ ТӨРИЙН ҮҮРЭГ

-УИХ-ын даргын хувиар анхны гадаад айлчлалаа та Европоос эхэлсэн. Эдгээр айлчлалын үр дүн, зорилго болон энэ парламентын гадаад харилцаанд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Чуулганы завсарлагаанаар УИХ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж УИХ-ын даргын хувиар гадаад албан ёсны айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад 24 жилийн дараа хийсэн. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт нэг тэрбум хүртэлх еврогийн санхүүжилт авах талаар бодит үр дүнд хүргэхээр тохиролцсон. Люксембургийн Их Гүнт Улсын тухайд манай улсад зүрх судасны өвчлөлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлэээр нийтдээ 60 гаруй сая еврогийн тусламж үзүүлсний үр дүнд зүрх судасны шалтгаант нас баралт тав дахин буурсан маш сайн үр дүн гарсан байна. Өнгөрсөн сард тус улсын 22.5 сая еврогийн тусламжаар Зүрх судасны төв байгуулах ажил эхэлсэн. Европын холбоог үндэслэгч улсын хувьд тус улс Европт ажиллаж амьдарч буй 65 мянган монгол иргэний эрх ашгийг хамгаалах, монгол иргэдийн Европт зорчих визийг хөнгөвчлөх тал дээр анхаарал хандуулна гэсэнд талархалтай байгаа. Мөн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга 23 жилийн дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр улсын парламент хоорондын харилцааг шинэ түвшинд хүргэлээ. Хэлэлцээний үеэр УИХ-ын Тамгын газар болон БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газар хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, 2028 он хүртэл хэрэгжүүлэх хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан ажил хэрэг болгохоор тохиролцлоо. Хоёр улсын хооронд улирлын онцлог үл харгалзан тогтмол шууд нислэгийн боломжийг бүрдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих асуудлаар санал солилцсон. Түүнчлэн эдийн засгийн чөлөөт бүс, аж үйлдвэрийн паркуудыг амжилттай хөгжүүлсэн Вьетнамын туршлагаас суралцах, малын гаралтай түүхий эд болон дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн салбарт Вьетнамын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг ярилцсан байгаа. Ойрын үед тодорхой үр дүн гарах байх аа.

-Таны урилгаар Австралийн холбооны Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ талаар та ярихгүй юу?

-Ирэх онд Монгол Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосон түүхт 55 жилийн ой тохионо. Ноён Милтон Дик ардчиллын өлгий нутагт айлчилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Сүүлийн жилүүдэд Монгол Австралийн хооронд улс төр, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа тун эрчимтэй өрнөж байгаа. Манай олон иргэн тус улсад боловсрол эзэмшиж өдгөө Австралид 28 мянга гаруй монгол хүн оршин сууж байна. Тиймээс хэлэлцээрийн үеэр хэд хэдэн асуудлыг хөндөж санал солилцсон. Тухайлбал, Австралид зорчих монгол иргэдийн визийг хөнгөвчилж, Сидней хотод консулын үйлчилгээ нээх асуудлыг хэлэлцлээ. Зам, тээврийн хөгжлийн сайд байхдаа үндсийг нь тавьж эхлүүлсэн хоёр орны агаарын тээврийн хэлэлцээрийг ойрын үед байгуулж Монгол, Австралийн хооронд шууд нислэгтэй болох тухай тохиролцлоо. Парламентын түвшинд улс төрийн итгэлцлийг улам бэхжүүлж иргэддээ ил тод, ээлтэй, нээлттэй парламентыг төлөвшүүлэхэд тус улсын сайн туршлагыг нутагшуулах асуудлаар хэлэлцлээ. Австралийн парламентын баталсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрхийг хамгаалах, Залилангаас урьдчилан сэргийлэх хуулиудаас туршлага судлахаар болсон. Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойш 17 жилийн дараа анх удаа Монгол Улс ногдол ашиг хүртэх болсон сайн үр дүнг цаашид тогтвортой хадгалах асуудлыг хэлэлцлээ. Монгол Австралийн хооронд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг ойрын үед байгуулах талаар ч санал солилцсон байгаа.

-Дэлхийн 23 орны 88 эмэгтэй парламентын гишүүн Монгол Улсад чуулж байна. Энэ талаар та УИХ-ын даргын байр сууриа илэрхийлэхгүй юу?

-“Шийдвэр гаргах явцад төлөөллөөс нөлөөлөлд хүрэх нь” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулган Улаанбаатар хотноо боллоо. Энэ удаагийн чуулганаар эмэгтэйчүүдийн төлөөллийг бодит нөлөөлөл, үр дүнтэй шийдвэр гаргалт болгон төлөвшүүлэх асуудлыг хэлэлцсэн. Монгол Улс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдний манлайлал, санаачилгыг бодит шийдвэр, бодит үр дүн болгоход анхаарч ажиллаж байна.Төлөөлөл бол боломж, харин нөлөөлөл бол ард иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах хариуцлага юм. Ардчилал, сайн засаглал, хүний эрх, хүртээмжтэй хөгжлийг бэхжүүлэхэд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал чухал хувь нэмэр оруулсаар байх болно гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Э.МӨНХТҮВШИН


Сэтгэгдэл

Яг уу? [202.126.89.209] 2026-10-15 11:34:53

Туйлын нээлттэй байдаг уу? Энэ даргын үед нэг иймэрхүү, өөр дарга гараад ирэхлээр шаал өөр болчих вий дээ. Харж л байя.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.