Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Увс аймагт ажиллав

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.19/ Увс аймагт ажиллах үеэрээ тус аймаг дахь Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Тус төв нь энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр үүсгэн байгуулагдаж, оюуны олон талт чадвартай иргэдийг бэлтгэн, насан туршийн чанартай боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төв нь нэг ээлжиндээ 1216 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд одоогоор 23 төрлийн дугуйлан хичээллэж байна. Тухайлбал, ой тогтоолт, түргэн бодолт, шатар, даам, компьютер, англи, орос хэл, уран зураг, уран баримал, сонгодог бүжиг, монгол бүжиг, цэнгээнт бүжиг, акробат, дуу, төгөлдөр хуур, хийл, морин хуур, гитар, үкүлэлэ хөгжим, аман хуур, бокс, таэквондо зэрэг олон төрлийн сургалтад хамрагдах боломжтой байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус төвийн бүжгийн заал, сэтгэх чадвар, шатар, даам, уран зураг, уран баримал, орос хэл, гитар, морин хуур, дууны зэрэг ангиудаар зочилж, суралцагчдад багшаа хүндэлж, үгийг нь сайн сонсохыг захилаа. Мөн тус төвийн уран зураг, уран баримлын ангийн суралцагчдын бүтээлийг үнэлж, багшийн чадвар, сургалтын чанар сайн байгааг сайшаалаа.

Увс аймгийн 346 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.19/ Увс аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг 346 ээжид “Эхийн алдар” одонг нь гардуулав.

Тодруулбал, Увс аймгаас энэ жил “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 44, Хоёрдугаар зэргийн одонг 302 ээж тус тус хүртлээ. Эдгээр ээжүүдийн дотор энэ жил одонгоо зэрэг гардан авч буй эгч дүүс, Увс аймгийн Завхан сумын иргэн Төмөрийн Энхээ, Төмөрийн Отгоо, мөн Ихрүүдийн баяраар буюу тавдугаар сарын нэгний өдөр ихэр хүүхэд төрүүлсэн Улаангом сумын иргэн Мажигсүрэнгийн Оюун нар байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭЭЖҮҮДЭД ХАНДАН ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Монголын сайхан ээжүүд ээ,

Хайр энэрлийн эх ундарга болсон эхчүүд ээ,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, бидний хамгийн үнэт баялаг болсон хүүхдүүдийг эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй, зөв хандлагатай иргэн болгон төлөвшүүлэх хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одонг Хүүхдийн баяраар гардуулж чадаагүй ч нэг сарын өмнөөс засаг захиргааны түвшинд үе шаттайгаар зохион байгуулж эхлээд байна.

Өнөөдөр миний бие Увс аймагт хүрэлцэн ирж, “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг нийт 346 ээжид гардууллаа. Эдгээр ээжүүдийн дотроос энэ жил одонгоо зэрэг гардан авч буй эгч дүүс, Увс аймгийн Завхан сумын иргэн Төмөрийн Энхээ, Төмөрийн Отгоо, мөн Ихрүүдийн баяраар буюу тавдугаар сарын 1-ний өдөр ихэр хүүхэд төрүүлсэн Улаангом сумын иргэн Мажигсүрэнгийн Оюун нарыг онцлон тэмдэглэж, баяр хүргэе!

Та бүхний энхрий бяцхан үрсээ эрүүл саруул, эрдэм боловсролтой, ажилч хичээнгүй, ээж аавдаа энэрэлтэй, эх орондоо хайртай монгол хүн болгон өсгөх ариун, гэгээн үйлсэд нь амжилт хүсье.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд хүртээдэг “Эхийн алдар” одон бол хэзээнээсээ эх хүнийг эрхэмлэн хүндэтгэж ирсэн монгол ардын уламжлалт сэтгэлгээний нэг хэлбэр, хүн ам цөөтэй Монгол Улсын төрийн бодлогын нэгээхэн хэсэг билээ.

Хүн бүрийн сэтгэлд хамгаас дотно, эрхэм нандин эрдэнэ нь болсон ЭЭЖ хүний ач, гавьяаг магтан дуулсан бүтээл олон хэдий ч үр хүүхдээ өсгөн бойжуулахад нь даацтай дэмжлэг үзүүлсэн төрийн бодлого хангалтгүй гэдэгтэй Та бүхэн санал нийлэх байх.

Тийм ч учраас миний бие хүүхэд хамгаалал, эхчүүд, эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг монголын төр үргэлж анхааралдаа байлгахад чиглэсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг санаачилсан.

Цаашид ч санаачилж, Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно. Эхчүүдийг дэмжинэ гэдэг монголын ирээдүй болсон хүүхэд багачуудаа хамгаалж байгаа хэрэг юм.

Өнөөдөр одонгоо гардан авсан Та бүхэнд болон Увс аймгийн нийт ээжүүд, охид эмэгтэйчүүддээ халуун баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болтугай” гэлээ.


2020 онд улсын хэмжээнд 10,677 ээжид “Эхийн алдар” одон хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг тавдугаар сарын 29-ний өдөр гарсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу нийслэлийн есөн дүүрэг, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан, Увс аймгийн ээжүүд “Эхийн алдар” одонгоо гардан аваад байна.


Сэтгэгдэл

зочин [122.201.19.99] 2020-09-21 13:03:13

Хүрэлсүх -Баттулга хоёрын хоршил үнэхээр ард түмэнийг хошигруулж дууслаа энэ хоёроос нэг салж монгол амарна шүү

Зочин [103.26.194.37] 2020-09-20 23:00:28

Хийж чаддаг юм нь өөр байхгүй шүү дэ

Зочин [64.119.23.230] 2020-09-20 23:00:13

Хүүк хулгайч чинь их хурлын сонгуулиар яасан бандаашандаа тавиад гэртээ сууж байсануу

Зочин [42.72.155.207] 2020-09-20 18:33:02

Энэ 1 хийх ажилгүй юм, түмэн амьтан чирээд төрийн мөнгөөр сонгуулийн сурталчилгаагаа хийгээд, баруун, солгойгүй одон, тэмдэг тараагаад л явах. Одоо больчихооч, ичих булчирхай алгаа. Оффшорын мөнгө олж ирэх чинь яасан, тэрнийхээ дараа сонгуульдаарай чи


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.