ДЭМБ: Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна

Aдмин / Эрүүл мэнд

ЖЕНЕВ. /BBC/. Европт коронавирусний халдварын улмаас өдөрт нас барсан хүний тоо өмнөх долоо хоногийнхоос 40 орчим хувиар өслөө гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ хэвлэлийн төлөөлөгч Маргарет Харрис мэдээллээ.

“Франц, Испани, Их Британи, Нидерланд, ОХУ-д халдварын тохиолдлын дийлэнх нь бүртгэгдсэн. Эрчимт эмчилгээний тасгууд хүнд өвчтэй хүмүүсээр дүүрч эхэлж байгаад санаа зовниж байна” гэж М.Харрис “BBC” сувагт мэдээлжээ.

ОХУ-д өдөрт халдварын улмаас хамгийн олон буюу 320 хүн нас барснаар нас барсан хүний нийт тоо 26589-т хүрчээ. Мөн Италид нас барагсдын тоо огцом нэмэгдэж, сүүлийн 24 цагийн хугацаанд 221 хүн нас баржээ. Үүний зэрэгцээ Австралид халдвараар нас барсан хүний тоо 1000 давсан байна.

Дэлхийд халдварын тохиолдлын тоогоороо АНУ, Энэтхэг, Бразилын араас дөрөвдүгээрт жагсаж буй ОХУ-д мягмар гарагт халдварын 16550 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд эрх баригчид хөл хөдөлгөөн ихтэй газруудад амны хаалт заавал зүүх журам гаргажээ.

Италид халдвар авсан хүний тоо ч мөн огцом нэмэгдэж, сүүлийн 24 цагийн хугацаанд 22 мянга орчим хүн халдвар авсан нь тогтоогджээ. Түүнчлэн эрх баригчид шинжилгээнд хамруулж буй хүмүүсийн тоог нэмэгдүүлж байгааг онцолжээ. Даваа гаргийн орой Италид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал олон хотод өрнөсөн байна.

Бельгид эмнэлгийн ачаалал хэтэрч болзошгүй байгаа тул коронавирусээр халдварласан ч үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэхийг эмч нараас хүсжээ.

ДЭМБ юу гэж мэдээлсэн бэ?

“Европ даяар халдварын тохиолдол, нас барсан хүний тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо гуравны нэгээр, өдөрт нас барсан хүний тоо 40 орчим хувиар өссөн” гэж доктор М.Харрис “BBC” сувагт мэдээлжээ.

Хэдийгээр эмнэлгийн хүчин чадлыг сайтар зохицуулж байгаа боловч хэд хэдэн оронд эмнэлгийн ор дүүрч байгааг ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч анхааруулжээ. Түүний үзэж буйгаар, Европын орнуудад хэрэгжүүлсэн шинэ хязгаарлалтуудын үр дүн хоёр долоо хоногийн дараагаас харагдаж эхлэх ажээ.

М.Харрисаас халдварын хоёр дахь давлагаа эхнийхээсээ хүнд байх эсэх талаар асуухад, бид халдварын өөр оргил үеийг үзнэ гэж хариулжээ. “Сайн мэдээ гэвэл, эмнэлгүүд нөхцөл байдлыг илүү сайн мэддэг болсон боловч нөгөө талаар эмнэлгийн ажилтнууд урт хугацаанд шаргуу хөдөлмөрлөөд байна. Мөн өөр нэгэн таатай мэдээ нь шинээр илэрч буй халдварын тохиолдлуудын дийлэнх нь хүндээр өвчлөх магадлал бага залуучууд байна. Энэхүү хоёр хүчин зүйлээс харахад, нас барсан хүний тоо дөрөвдүгээр сарынх шиг өндөр хэмжээнд хүрэхгүй байх магадлал бий” гэж тэрбээр хэлжээ.

Европын бусад оронд нөхцөл байдал ямар байна вэ?

  • Францад Засгийн газар Парис болон бусад хотод тогтоосон хөл хориог өргөтгөх зэрэг хатуу арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж байна. Францад мягмар гарагт халдварын 33417 тохиолдол илэрч, 523 хүн нас барсан бөгөөд тус улсад дөрөвдүгээр сараас хойш өдөрт ийм олон хүн халдвараар нас бараагүй юм.
  • Италийн хойд нутгийн Турин хотод даваа гаргийн орой өрнөсөн, шинэ хязгаарлалтуудыг эсэргүүцсэн жагсаалыг цагдаа нар нулимс асгаруулах хий цацаж тараажээ. Мөн Милан хотод мөргөлдөөн үүсжээ. Италичууд зоогийн газар, шөнийн цэнгээний газар, бялдаржуулах төв, кинотеатрыг баасан гаргаас 18 цагаас хаах болсонд дургүйцлээ илэрхийлж байгаа юм.
  • Бельгид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 88 хувиар өссөний зэрэгцээ эрчимт эмчилгээний тасгийн орны тэн хагас нь дүүрчээ. Бельгийн 10 эмнэлэг коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан ч халдварын шинж тэмдэг илрээгүй ажилтнуудаасаа үргэлжлүүлэн ажиллахыг хүссэн байна.
  • Словак халдварын тархалтыг хязгаарлах хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээс зайлсхийхийн тулд энэ долоо хоногийн амралтын өдрүүдээс эхлэн бүх нийтийг шинжилгээнд хамруулахаар болжээ.
  • Чехэд мягмар гаргаас долоо хоногийн турш шөнийн цагаар хөл хорио тогтоолоо. Ингэснээр оройны 21:00 цагаас өглөөний 05:00 цагийн хооронд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр гэрээс гарахыг хориглосон байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.231] 2020-10-28 15:56:43

Европчууд хөл хорио тогтоохыг эсэргүүцэж эрх чөлөө гээд байхаар коронавирусын халдварын тархалт ихэснэ шүү дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.