С.Оюун: Төр засаг, хувийн хэвшлээ дэмжиж байж цар тахлыг хохирол багатай даван туулна

Aдмин / Эдийн засаг

Дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын голомтод манай улс татагдан орж, хатуу хөл хорио тогтооход хүрсэн. Энэ нөхцөлд эдийн засагт ямар арга механизм, хөдөлгүүрийг ашиглаж болох талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор /Ph.D/ С.ОЮУНТАЙ цахимаар ярилцлаа.

-Манай улсад цар тахлын халдвар илэрснээс хойш 10-аад хонож байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа. Ийм нөхцөлд эдийн засгаа яаж “зогсоочихгүй” байх вэ. Энэ талаар та өөрийн санал бодлоо хуваалцана уу?

-Ийм зүйл бүү болоосой гэж монгол хүн бүхэн залбирч байсан байх. Гэвч нэгэнт цар тахлыг дотооддоо алдаж, улам даамжруулахгүйн тулд өндөржүүлсэн бэлэн байдлыг хатуу хөл хорионы дэглэмд шилжүүллээ. Ингэхээс өөр аргагүй ч үүний уршгаар бизнесийн болон бусад үйл ажиллагаа зогссон нь маш муу үр дагавартай байх болно. Өнөөдөр нийгмийн хөдөлмөрийн хуваарь гүнзгийрсэн болохоор бүх юм хоорондоо уялдаа холбоотой, өөрөөр хэлбэл гинжин хэлхээнд орсон. Энэ гинжин хэлхээний нэг гогцоо тасрахад л бүх зүйл доголдоно. Тэгэхээр дээрх хэлхээ холбоог таслахгүй байхыг л хичээх хэрэгтэй болж байна. Энд ганцхан жишээ дурдъя. АНУ-ын эдийн засаг хямралд орсон үед төрийн зүгээс автомашин үйлдвэрлэлийн салбартаа 400 сая ам.доллар зарцуулж, ажилчдаа цомхотгохгүй байхыг даалгасан байдаг. Ажил олгогчид энэ мөнгөөр ажиллагсдынхаа цалин хөлсийг тавьж, үйлдвэрлэл нь хэвийн явагдаж, зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байжээ. Үйлдвэрийн ажилчид цалин мөнгөтэй болохоор худалдан авалт хийж, энэ нь худалдаа, үйлчилгээний салбарынхаа борлуулалтыг дэмжсэн байж таарна. Энэ маягаар эдийн засаг дахь гинжин хэлхээ үргэлжилж, хямралыг хохирол багатай даван туулсан байдаг. Одоо Хятадад яг ийм бодлого баримталж, эдийн засаг нь сэргэж эхэлж байна. Манайд ч энэ мэт аргыг хэрэглэж, эдийн засгийн гинжин хэлхээний нэг ч гогцоог гацааж, царцааж болохгүй гэж хэлэх гэсэн юм.

-Тэгэхээр та хэрэглээг аль болох дэмжих хэрэгтэй гэж үзэж байна уу?

-Тийм. Ер нь эдийн засаг бол хүний хэрэглээнд зориулагдаж ажилладаг “машин” шүү дээ. Иргэдэд зориулан үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь борлуулалттай байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрэглээ, эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт гэх механизм хөдөлж байх учиртай юм. Хүний хэрэгцээ шаардлагад үл нийцэх юм уу эрэлтгүй бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эсвэл хэрэгцээт хүндээ хүрч чадахгүй бараа бүтээгдэхүүн нь тухайн аж ахуйн нэгжийг дампууралд хүргэх нь микро эдийн засгийн асуудал боловч иргэд мөнгө, орлогогүйгээс борлуулалт саарвал энэ нь макро эдийн засгийн сөрөг үр дагавар авчрах магадлалтай болж ирнэ.

-Одоогоор Засгийн газар, УОК-оос зарим нэг зөөллөх арга хэмжээ зарласан ч хатуу хөл хорионы дэглэмийг барьсаар байна. Нийгмийн зарим хэсэг хатуу дэглэм дор үйлдвэрлэл, үйлчилгээг явуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?

-Нэгэнт халдварыг дотооддоо алдаж, цар хүрээ нь тэлж байгаа учраас хатуу хөл хорио тогтоохоос аргагүй. Гагцхүү энэ хооронд иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх талаар бодолцох хэрэгтэй байх. Ер нь аливаа нэг огцом өөрчлөлт /жишээ нь, цар тахал/-ийн үед олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл, бэрхшээл учирч, ажил үйлчилгээ, үйлдвэрлэлийн процесст шинэчлэл хийхийг шаарддаг. Үүнийг давуу тал болгон ашиглаж чадсан нь л “амьд” үлддэг хатуу хуультай юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, үүний дотор 200 мянгыг бэлнээр олгож, 800 мянгад нь хүнс, бараа бүтээгдэхүүний ваучер олгох санаачилга гаргасан ч УИХ-аас дэмжлэг авч чадсангүй. Үүнд та хэрхэн үнэлэлт дүгнэлт өгөв?

-Уг санаа нь зөв боловч явцгүй үйлдэл байлаа. Учир нь, нийгмийн олонход хүртээж байгаа бэлэн мөнгөний тэтгэмж дэмжлэг ер багадаагүй.

Манай улсын нийт иргэний 80-90 хувь нь ямар нэг тэтгэмж, халамжид хамрагддаг гэх тоо баримт байна. Ваучерийг ашиглаж болно. Гэхдээ түүнд хамруулах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлийг сайтар бодолцож, нийт массад хүртэхийг нь сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол “ар өврийн хаалга”, танил тал, улс төр, бизнесийн бүлэглэлээ ашиглаж зөвхөн ойр тойрныхноо дэмжих үйлдэл гарч болзошгүй юм.

-Цаашид айл өрхийн амьжиргаа, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, улс орны эдийн засгийг дэмжихийн тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

-Миний зүгээс хувийн хэвшил, аж ахуйн нэгжид мөнгө өгөх хэрэгтэй гэсэн саналтай байгаа. Гэхдээ аж ахуйн нэгжид мөнгө өгөхдөө борлуулалтыг нь баталгаажуулах шаардлагатай. Үүнийг тодорхойлох нь тийм хэцүү ажил биш. Тэгээд маш бага хүүтэй мөнгө олгож болно. Эсвэл үйл ажиллагаандаа өөрчлөлт хийх бодит санаа оноотой, түүнийхээ үр ашгийг тооцоолчихсон байвал зээл өгсөн ч болохгүй гэж газаргүй. Товчхондоо, зээлийн хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн нийгэм дэх бодит хэрэгцээ шаардлага, зориулалтыг судалж үзэх нь чухал юм.

Ерөнхийдөө мөнгө өгөх, гэхдээ эргэж төлөгдөх магадлалыг нь үнэн зөв тооцох л шаардлагатай. Зээлийн шинжилгээг арилжааны банкуудын мэргэшсэн санхүүгийн шинжээчид сайн хийдэг ч эрсдэлээс болгоомжлоод мөнгөө хав дараад байж болохгүй л дээ. Нөгөө талаар иргэд, аж ахуйн нэгжүүд амаа ангайгаад хэн нэгнээс тусламж гуйж, хүлээгээд сууж байж таарахгүй.

Төр, засаг хэдийгээр хичээж байгаа ч засаж сайжруулмаар зүйл цөөнгүй байгаад манай эдийн засагч, судлаачид санал бодлоо нэмэрлэх байх гэж найдаж байна. Солонгосын хөгжлийн нууц нь ажиллаж чадаж байгаагаа төр засаг, олон нийт нь сайтар дэмжиж ирсэнд л оршдог юм билээ. Бид ч ингэж л байж улс орны эдийн засаг, иргэдийн амьжиргааг авч гарна.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Сэтгэгдэл

Онч [192.82.67.49] 2020-11-25 09:39:49

Хөл хорио тогтоосноос хойш цонхоор харахад ,үргэлж түгжрэлтэй битүү байдаг авто зам цэлийж үзэгдээд сайхан байна шүү..Нөгөө хувийн халтуурч таксичид гэртээ суужээ гэж бодлоо.Тэр хүмүүс яаж амьдралаа залгуулж байдаг юм бол оо? гэсэн саваагүй бодол зурсхийж байна.Бас гудамжинд цаасан хайрцаган дээр бохь чихэрхэн өрчихөөд тамхи ширхэглэгчид ч харагдахгүй.Хот маань цэвэрхэн болж байнаа.Халдвар ийм замаар л тардаг.

өлссөн хүн [66.181.161.93] 2020-11-24 11:23:29

хамгиин бодитой саналыг доржханд гаргасан байна 10сар болоход нүүрснээс л 6 тэрбум доллар орсон байна МАН сайн нууж байна энэ ниитлэлд бодитой зүйл алга одоо бидэнд онол хэрэггүй Хүрэлсүхииг зайлуулж өлсгөлөнгөөс гарах чухал энэ сагсууг зайлуулчихвал олон юм ил гарна ардын түр засаг хэрэгтэй эрчимтэй сэтгэлтэй залуус ХҮН намд байна удахгүй төлөвлөгөөтэй нь танилцах болно урагша а Сумьяабузар санаагаар унаад алга болсон биднии дайсан МАН Д саналаа зардаг гэр хороолол

зочин [202.179.21.244] 2020-11-23 23:28:54

Цар тахлын үед иргэдийг бэлэн мөнгөөр хангах хэрэгтэй гэж боддог.Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эдийн засгийг агшаах бодлого барина гэж нийтэд зарласан мөртлөө банкны зээлийн төлбөрийг хойшлуулана гэснээс болж банкууд зээл олгохоо багасгаж эхэлсэн нь эдийн засгаа хумиж эхэлж байна.Харин засгийн газраас банкуудад татаас өгч зээлийн хүүгээ багасгах арга хэмжээ авах нь зүйтэй байна

Зочин [192.82.73.13] 2020-11-23 20:28:37

Хувийн ариун цэвэр маш муу шүүдээ монголчууд

Зочин [66.181.177.13] 2020-11-23 20:28:33

Оюун багш энэ удаа гадны туршлага, туршлага гэлгүй овоо нуруутай ярьсан байна.

Зочин [202.70.34.30] 2020-11-23 18:40:09

Бүгдийг хэвийн горминд нь ажиллуулах хэрэгтэй л дээ хувь хүн бүр эрүүл энхээ хамгаалаад байж болмоор доо

Зочин [122.201.21.195] 2020-11-23 18:24:48

Бүх юм хэвийн явагдаж, хүн бүр маск бээлий ариутгалаа хэрэглэж хариуцлагатай байвал болоо доо, энэ маягаараа удах юм бол улс дампуурч ард иргэд ядуурч хэцүү юм болно шүү.

Irgen [64.119.24.201] 2020-11-23 17:37:15

Hurdan uil ajilgaanuud neegdeesei tegvel amidrad yavchihnaa


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.