“КОВИД-19” цар тахлаас сэргийлэх дархлаажуулалтын аян эхэлсэн тухай Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан мэдээлэл

Aдмин / Нүүр

Улаанбаатар хот, 2021 оны 02-р сарын 23. Монгол Улс “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх вакцины эхний багцыг хүлээн авч, халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа вакцинд хамруулж буй түүхэн үйл явдал эхэлж байна. БНЭУ-ын Сэрүм институтэд үйлдвэрлэсэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн “АстраЗенека-Оксфорд” вакцины эхний 150 мянган тунг Монгол Улсын Засгийн газар хүлээн авлаа. Бусад төрлийн вакциныг татан авсны дараа зорилтот бүлэг, тухайлбал өндөр настан, суурь өвчтэй, өвчлөх эрсдэл өндөр хүмүүсийг дархлаажуулах болно.

Монгол Улсын Засгийн газар голомтыг хумих, тархалтыг зогсоох чиглэлээр олон арга хэмжээ хэрэгжүүллээ. 2020 оны гуравдугаар сард зөөвөрлөгдөж ирсэн халдварын анхны тохиолдлоос хойш тууштай арга хэмжээ авсны дүнд 2020 оны 11 дүгээр сар хүртэл дотооддоо халдвар алдаагүй билээ. Дотоодод халдвар гарсан цагаас хойш ч хүчин чармайлт гаргасаар ирлээ.

Вакцины эхний тун орж ирсэн нь итгэл найдвар авчирч буй ч урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэх шаардлага байсаар байна. Нийт хүн амын 60 хувийг үе шаттай дархлаажуулснаар иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд амьдралын хэвийн горимд шилжиж, энэ хэрээр эдийн засаг идэвхжин, иргэд ажлын байртай, орлоготой байх боломж нээгдэнэ. Энэ удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр монголчууд өвчний голомтыг хумьж, тархалтыг хязгаарлан, иргэдээ дархлаажуулалтад хамруулах бэлтгэлээ хангаж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх суурь нөхцөлөө бүрдүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс буурч нийслэл дэх хөл хориог цуцалж байна. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд ажил, амьдралын хэвийн горимдоо шилжлээ. Тулж ирсэн сорилтын өмнө үндэстнээрээ нэгдэн зогсож чаддагийн бас нэгэн жишээ болсон 12 хоног ард хоцорлоо. Хөл хорионы үед төр, засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн ойлгож, тэвчиж байсан ард иргэд, нийслэлчүүддээ талархал илэрхийлье. Бид “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд халдварын 33 голомт, 122 тохиолдол илрүүллээ. Нэг үгээр хэлбэл 122 хүнээр цааш дамжин тархах эрсдлийг хааж, айл өрх бүрийн дэлгэрэнгүй мэдээллийн нэгдсэн системтэй боллоо. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” бидэнд хаана байгааг, маргааш хаашаа явах стратеги боловсруулах суурь судалгаа болж чадсан гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн төрийн бүх байгууллагын ажилтан, алба хаагчиддаа баярлалаа” гэж цохон тэмдэглэв. Гэхдээ тайвшрах цаг болоогүйг сануулж, дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлахыг уриаллаа. Олон улсын стандартад нийцсэн вакцин авахад дэмжлэг үзүүлсэн БНЭУ, НҮБ болон Хүүхдийн сан, ДЭМБ, цаашид вакцин авахаар хэлцэл хийж байгаа ОХУ, БНХАУ, Европын Холбоо, БНСУ, Япон Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв.

НҮБ нь Монгол Улсын Засгийн газартай цар тахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн манлайлал дор нягт хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Гараа угаах, амны хаалт зүүх, хүмүүс хоорондын зай барих зэрэг хязгаарлалтын олон арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хүч, эв санаагаа нэгтгэж ирсэн Монголын ард түмнийг Монгол Улс дахь НҮБ магтан сайшааж байна.

“Дархлаажуулалтын аяныг амжилттай эхлүүлж байгаа Монгол Улсын нийт ард түмэнд баяр хүргэе. Бидний өмнө бүх нийтийг вакцинд хамруулах үйлсийг бодит ажил болгох том сорилт хүлээж байна. Дархлаажуулалтыг сайтар төлөвлөж, вакцины хангамж, түгээлт зэрэгт онцгой анхаарах нь маш чухал” хэмээн НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэмдэглэв.

Цар тахлаас сэргийлэх аюулгүй бөгөөд хамгийн үр дүнтэй вакциныг нэвтрүүлэхийн тулд дэлхий даяараа урьд өмнө хэзээ ч тохиож байгаагүй их хүчин чармайлт гаргаж байна. Дэлхийн улс орны иргэд бүрэн хамгаалагдах хүртэл ямар ч улс орон аюулгүй байх боломжгүй. Монгол Улс дархлаажуулалтын хөтөлбөрийг шуурхай нэвтрүүлэхэд бэлэн байх нөхцлийг хангахад чиглэсэн дэмжлэгийг ДЭМБ түнш байгууллагуудтайгаа бүх түвшинд үзүүлж ирлээ.

ДЭМБ нь “Халдвараас сэргийлэх дархлаажуулалтын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулж энэ хүрээнд Монгол Улс КОВАКС (COVAX) олон улсын хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ хүргүүлэх, дархлаажуулалтын хөтөлбөрийн төлөвлөлт, зохицуулалт, эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон тэргүүн шугамд ажиллаж буй бусад ажилтныг сургах, зорилтот бүлгүүдийг тодорхойлох, эрэмбэлэх, хүйтэн хэлхээний чадавхи, бэлтгэлийг хангах, вакцины хадгалалт, хамгаалалтад хяналт тавих зэрэг олон асуудлыг хамруулсан бэлтгэл ажлыг үр дүнтэй хангуулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр дэмжлэг үзүүлж байна.

Вакцины эхний багцыг амжилттай авчирсанд Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн сайдад ДЭМБ-ын Суурин төлөөлөгч, доктор Сергей Диордица баяр хүргэлээ. Тэрээр “Вакциныг хамгаалалтын бусад арга хэмжээтэй хослуулах нь бидний тэмцэлд нэн тустай байх болно. ДЭМБ техникийн туслалцаа үзүүлэх замаар вакциныг хүн ардад тэгш хүртээмжтэй хүргэх нөхцлийг хангах, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, вакцины хадгалалт, хамгаалалтыг сайжруулахад шаардагдах тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах, эрүүл мэндийн ажилтнууд, тэргүүн шугамд ажиллаж буй хүмүүсийг вакцин болон бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаархи мэдлэг, мэдээллээр хангах зэргээр үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ” гэв.

НҮБ-ын Хүүхдийн сан нь ДЭМБ, Гави Вакцины Холбоо, Цар тахалтай тэмцэх Инновацийн Эвсэл (CEPI) зэрэг түншлэлийн хамтарсан КОВАКС (COVAX) хөтөлбөрийн нэрийн өмнөөс, дэлхийн 171 оронд, түүний дотор Монгол Улсад зориулан вакцины худалдан авалт, нийлүүлэлтийг удирдан зохион байгуулж байна. НҮБ-ын Хүүхдийн сан дархлаажуулалтын хөтөлбөрийн бэлтгэл ажлууд болон хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал вакциныг улс орны хэмжээнд аюулгүй, найдвартай хадгалах, хамгаалах чадавхийг бэхжүүлэх, буруу ташаа мэдээллийг залруулах, дархлаажуулалтыг аюулгүй, үр дүнтэй явуулах, вакцинжуулалтын үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, хүмүүсийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэргийг дурдаж болно.

Мөн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын хөтөлбөрийг дэмжихэд тэргүүлэх ач холбогдол өгч байна. Хэдийгээр дархлаажуулалтад насанд хүрсэн хүмүүс хамрагдах боловч энэ хөтөлбөр хүүхдүүдэд асар их ашиг тусаа өгнө. Цар тахлыг хязгаарласнаар хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа явж, найз нөхөдтэйгөө уулзаж хөгжилдөн, спортоор хичээллэж, боловсрол, нийгмийн алдсан боломжоо нөхөж авах болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.