Даац нь хэтэрсэн авто зам буюу түгжрэл бууруулах гарц

Aдмин / Нүүр

Улаанбаатар хотын иргэдийн хамгийн том толгойны өвчин бол түгжрэл. Тэр тусмаа хичээл, сургууль эхлэх үеэр улам идэвхжидэг. Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш. Дэлхийн том хотуудын туулж ирсэн, туулсаар байгаа “зовлон”. Харин түгжрэлийн шалтгаан бүр харилцан адилгүй. Улаанбаатар хотын түгжрэлийн хамгийн том шалтгаан нь хүн амын тоо, тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж байхад шинээр ашиглалтад орох авто зам төдий л нэмэгдэхгүй байгаатай холбоотой. Мөн үүнтэй уялдсан бодлогыг сүүлийн 30 орчим жил хэрэгжүүлээгүйтэй холбоотой. Хэдэн тоо дурдахад Улаанбаатар хотын хүн ам 2010 онд 1.2 сая байсан бол 2020 онд 1.6 сая болж өссөн.

Энэ нь хотын хүн ам жилд дунджаар 2.5 хувиар өссөн гэсэн үг юм. Хотын хүн ам өсөхийн хэрээр тээврийн хэрэгслийн тоо мөн дагаж өссөн. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 2012 онд 367.814 байсан бол 2020 онд 615.622 болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, найман жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, жилд дунджаар 6.7 хувиар өссөн байгаа юм. Гэтэл хотын авто замын нийт урт 2010 онд 954.4 км байсан бол 2020 онд 1135.7 км болж 10 жилийн хугацаанд ердөө 181.3 км-ээр нэмэгджээ. Тодруулбал, машины тоо хоёр дахин нэмэгдээд байхад авто замын урт ердөө 180 км-ээр нэмэгдсэн гэсэн үг.
Энэ бол Улаанбаатар хотын түгжрэлийн үндсэн шалтгаан. Хүн ам, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдээд байхад түүнтэй уялдсан бодлого хэрэгжүүлээгүйгээс нийслэлийн авто зам машинаа “даахгүй”-д хүрээд байна.

Дэлхийн томоохон орнууд болох Хятад, Бразил, Мексик нь түгжрэлийг бууруулахын тулд авто тээврийн хэрэгсэлд тавих татварын талаарх бодлогыг өргөн хүрээтэй хэрэгжүүлж байна. Анх 1989 онд Мехико хот нь дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлсэн ба Сантиаго 1990, Сан Пабло 1997, Меделин 2006, Бээжин 2008, Ченгду 2012 онд хэрэгжүүлж эхэлсэн.
Дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлэх нь түгжрэлд нөлөөлөх нь өндөр боловч шинэ авто тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлдэг тул ихэнх оронд шинээр дугаар олгох авто тээврийн хэрэгсэлдээ квот тогтоодог.


Жишээ нь, Бээжин хот 2011 онд жилд 240 мянган автомашинд шинээр дугаар олгох квот тогтоосон байдаг. Ингэснээр жилд шинээр дугаар авч буй 790 мянган тээврийн хэрэгслийн тоог 173 мянга болгож чадсан байна. Өөрөөр хэлбэл, хувийн тээврийн хэрэгслийнхээ тоог жилд шинээр олгох улсын дугаараа хязгаарладаг гэсэн үг. Тухайлбал, шинэ машинтай болохын тулд тухайн хүн эхлээд улсын дугаар олгодог байгууллагадаа хүсэлт гаргана. Хүсэлтийг шийдвэрлэсэн тэр үед машинтай болох бөгөөд энэ нь Бээжин төдийгүй Хятадын олон хотын түгжрэлийн асуудлыг шийдэхэд түлхэц болжээ.


Гэтэл манайд ийм хязгаарлалт тогтоох нь бүү хэл, хамгийн их түгжрэлтэй Улаанбаатар хоттойгоо дугаар олголтын бодлогоо салбарын яам нь уялдуулдаггүй. Угтаа нийслэлчүүдийг “боомилоод” байгаа түгжрэлийг шийдэхийн тулд ядаж Улаанбаатарт жилд, сард, өдөрт олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарт хязгаарлалт тогтоох, иргэдээс санал авах байдлаар асуудлыг шийдэж болох ч өнөөдрийг хүртэл энэ мэт шийдлийг эрээгүйгээр барахгүй улсын дугаарыг хяналтгүй, хүссэн хүн бүрт олгодог. Үүнээс улбаатайгаар машины тоо, замын урт урвуу хамааралтай болж Улаанбаатар хот хэзээ мөдгүй тэг зогсолт хийхэд ойрхон буй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дундаж хурд ойролцоогоор 8.9 км цаг. Энэ байдал удаан үргэлжилбэл 2025 онд зургаан км цаг болж явганаар явж байгаагаас ялгаагүй байдалд хүрэх бол 2030 онд бүр гурван км цаг болох тооцоо байна. Улаанбаатар хотын оршин суугчид өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж буй талаарх судалгаа бий. Мөн түгжрэлээс үүдэн жилд дунджаар 2.7 их наяд төгрөгийн алдагдалд ордог гэсэн тооцоо гарчээ. Иймээс Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлд тулгамдаж байгаа асуудлынхаа талаар нийслэлээс сонгогдсон гишүүдэд танилцуулж, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо УИХ-д байгуулагдаж, Засгийн газрын түвшинд ч энэ асуудалд анхаарал хандуулснаар нийслэлийн түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон юм. Энэ хүрээнд Хотын дарга Засгийн газрын хуралдаанд хийх ажлаа танилцуулж, авто замын сүлжээний даацыг 35 хувиар нэмэгдүүлж, түгжрэлийг 30-40 хувь бууруулахаар төлөвлөн ажиллаж байгаа таатай мэдээ байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Шударга иргэн [203.217.139.240] 2021-09-22 00:41:22

Дагуул хотуудыг хөгжүүлэх, жишээ нь Багануур, Багахангай, Налайх, Хөшигт тэгэхийн тулд Багануурыг УБ хоттой цахилгаанаар явдаг галт тэргээр холбох, дагуул хотод амьдрах бүх талаар дэмжих. 61 гарам юм уу, Баянчандмань суманд хот байгуулах. Хотын төв хэсгээр шинээр барилга барихыг хориглох, Богд уулыг нүхлэн туннель байгуулах, Богд уулны урд хөндийг ашиглаж шинэ суурьшлын бүс бий болгох

Зочин [66.181.160.84] 2021-09-21 23:49:32

Бууруулах боломж их байгаа. Дарга нар нэр хүндээ унахаас айгаад зөвхөн л зам нэмэх гэж аргацаагаад байна. Хотоо тэлэх л чухалдаа.

Irgen [202.9.47.56] 2021-09-21 22:04:46

1. ХОТЫН БАРУУНААС ЗҮҮН ЗАХ ХҮРТЭЛ ТУСГАЙ ЗАМ БУЮУ ДАВХАР ЗАМААР ЯВДАГ НИЙТИЙН ТЭЭВЭРИЙГ ЯВУУЛАХ 2. ХОТЫН ТӨВӨӨР ЯВАХ АВТОМАШИН ТАТВАР ТӨЛДӨГ БОЛГОХ 3. БАРУУН ТАЛДАА РУЛЬТЭЙ АВТОМАШИНЫГ БҮР МӨСӨН ХОРИГЛОХ

Батбаяр [66.181.161.77] 2021-09-21 21:22:41

Зарим нэг замуудыг холбоод сэтлээд өгмөөр байх юм даа

Зочин [64.119.23.177] 2021-09-21 18:13:25

мөн элдэв хашааг буулгахгүй бол ямар 1 газар очиход заавал төв замруу орж байна явган хүн ч ялгаагүй

Зочин [64.119.23.177] 2021-09-21 18:11:28

хамгтйн хурдан төсвөөс мөнгө гаргахгүй шийдэх 1л арга байна төв зам дахь бүх явган гарцийг тендэр зарлаад нүхэн гарц болгох тэндээ худалдаа үйлчилгээ түрээслээд мөнгөө олоод авчих компаниуд байгаа гэж бодож байна

Зочин [103.26.194.57] 2021-09-21 13:25:15

одоо түгжрэл буураад эхэлцэн долоо хоногийн дараа зам дээр бараг нэгч машин үзэгдэхгүй явган алцганасан хүмүүс л байна. дусал ч бензингүй Монгол нэг ч машингүй зам Монголын маргаашын төрх

Зочин [202.126.88.231] 2021-09-22 00:22:21

Гутрангуй сэтгэхүйтэй амьтан. Хэрэглээгээ зохицуулж чаддаггүй иргэдээс болж байна. Үүнд дарга, иргэд бүгд хамаарна

Зочин [202.126.89.16] 2021-09-21 06:17:59

Түгжрэл бууруулах ганцхан гарц бна. Төрийн 3 өндөрлөгийг түгжрэлд оруул. Амархан арилна.

Болд [202.131.245.210] 2021-09-21 04:23:12

Одоо түгжрэлийг бууруулах биш энэ байгаагаас нь дордуулахгүй байх дээр ажиллах хэрэгтэй Үүнд 1, УБ хот дотор байгаа хоосон газруудад барилга барихыг хориглож газрыг ннь хурааж аваад цэцэрлэгт хүрээлэн болгох Шинээр барилга барихыг зөвхөн гэр хорооллын газар чөлөөлөх байдлаар зөвшөөрөл олгох 2, Түгжрэл үүсгэж байгаа зах худалдааны төвүүд дээр ажиллаж тэдгээр байгууллагуудаас зардал мөнгө гаргаж шийдвэрлүүлэх тал дээр ажиллах Жишээ нь Зайсан явах зам дагуу байдаг Оргил худалдааны төврүү орох гэсэн машинууд төв зам дээр очерлож зогсдогоос шалтгаалж араас гэрлэн дохиогоор гарч ирж буй машинууд цаашаагаа нэвтэрч чадахгүй уулзвар дээр түгжрэл үүсч байгааг Оргил худалдааны төвөөр шийдвэрлүүлэх Үүнд арга зам бн Нэгдүгээрт Оргил төвөөс зохицуулагч ажиллаж ирж буй машинуудыг дотор зогсоол байхгүй бол шууд чигээр нь явуулах байдлаар шийдвэрлэх Эсхүл тэр худалдааны төв рүү ордог зогсоолын орц ыг уулвараас холдуулж хийх гэх мэт маш олон нүдэн харагдахгүй зохион байгуулалтын ажлыг хийх хэрэгтэй

Зочин [150.129.140.55] 2021-09-21 03:58:42

Аль ч үед аль ч чиглэлд хотоос гарах хөдөлгөөнийг чөлөөтэй болгох энэ тохиолдолд хотын төвд байх машины тоо буурна үүнтэй уялдан түгжрэл буурна жишээ нь Нисэх, Яармаг чиглэлд хөдалгөөн чөлөөтэй байвал Бөмбөгөр, Баруун 4 зам, 120 мянгат Чингэсийн аргөн чөлөө гээд түгжрэлгүй байна мөн уулзваруудыг 2 түвшиний болгох, хотын төвд зогсоол нэмэх төлбөргүй болгох зогсоолын мэлээлэл ил байх

Зочин [202.55.191.194] 2021-09-21 01:45:53

түгжрэл бууруулах аргачлалаа хэрэгжүүлээд эхэлцэн юм бишүү шатахууны зохион байгуулалттай хомсдол үүсгээд

Зочин [103.57.95.22] 2021-09-21 02:04:39

Харин тэгэх шиг боллоо до.

Зочин [103.14.36.250] 2021-09-21 01:40:24

жолооч нарын өөрсдийнх нь тэнэглэл түгжрэлийн 50 хувийг бий болгодог.

Зочин [103.57.95.22] 2021-09-21 02:08:31

Яг үнэн. Эгнээ байр буруу эзэлчихээд орох гэж зүтгэнэ. Улаан гэрэл асчаад байхад орох гэж зүтгэнэ. Тасархай шугамгүй газраар буцаж эргэх гэж түгжрээ үүсгэнэ.... дүрмээ дагаад томоотой явбал нээх түгжрээд байхаар том хот биш шүү дээ

zochin [202.179.24.139] 2021-09-21 01:24:21

хотыг бүсчлээд төлбөрийн систем нэвтрүүлэх л гол арга зам байх даа. Дижитал монгол гэж юуг хэлэх вэ. Сайн бод.

[202.9.41.53] 2021-09-21 01:03:23

Автозам урт болсноор түгжрэл буурахгүй шүү дээ. Түгжрэл зөвхөн уулзварууд дээр л үүсч байгааг ойлгохгүй байна уу? Уулзваруудаа 2 түвшинд зөрүүлэх ажил хийнээч ээ

Зочин [103.80.210.183] 2021-09-21 03:58:24

тийм ухаан байхгүй ээ. урдах замаа харж алсыг харахгүй сохор хүмүүс удирдаад байна.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.