AI-ийн эрин үед компаниуд хэдэн ажилтан хэрэгтэйг нэг тоогоор тооцож байна

Aдмин / Технологи

Тим Уолш АНУ-ын томоохон компаниуд ажиллах хүчнийхээ ирээдүйг хэрхэн тооцож эхэлснийг илтгэх нэг чухал үзүүлэлт байна гэв. Энэ нь олон жилийн турш компанийн ажилтны тоог тодорхойлоход ашиглагдаж ирсэн “нэг ажилтанд ногдох орлого” ч биш, ердийн ойлголтоор яригддаг бүтээмжийн хэмжүүр ч биш юм. Харин KPMG-ийн АНУ дахь салбарын дарга, гүйцэтгэх захирал Уолшийн хэлдгээр “хөдөлмөрийн зардлын маржин” хэмээх үзүүлэлт ажээ. Түүний хэлснээр энэ үзүүлэлт хиймэл оюун ухаан эдийн засгийг ямар чиглэлд өөрчилж эхэлснийг илүү тодорхой ойлгоход тусалдаг. “Би оролцож буй бараг бүх төсөл, ажлын хувьд нэг л асуултыг тавьдаг” хэмээн Уолш Fortune сэтгүүлд ярьжээ. “Миний ажилд хүний хөдөлмөр ямар хувь эзэлж байна вэ, технологи ямар хувь эзэлж байна вэ, мөн энэ ажлыг гүйцэтгэх нийт зардал хэд вэ гэсэн асуулт юм.”

Түүний хэлснээр ойрын жилүүдэд тухайн ажлын бүтцэд эзлэх хөдөлмөрийн зардлын хувь буурч, харин технологийн зардал өсөх хандлагатай байна. Ингэснээр компаниуд өмнө нь боломжгүй байсан хэмжээнд илүү их ажлыг гүйцэтгэх боломжтой болох юм. Нэгж ажлын хөдөлмөрийн зардлыг бууруулж, нийт ажлын хэмжээг нэмэгдүүлэх гэсэн энэ тооцоолол нь өнөөдөр Америкийн томоохон компаниуд хиймэл оюунд хөрөнгө оруулах шийдвэрийн үндэс болж байна. KPMG-ийн гаргасан 2026 оны АНУ-ын гүйцэтгэх захирлуудын хандлагын судалгаагаар компанийн удирдлагууд хиймэл оюунд суурилсан энэ загварт хурдтай шилжиж эхэлжээ. Энэ өөрчлөлт олон нийтийн хэлэлцүүлэг болон хиймэл оюуны талаар өрнөж буй ярианаас хавьгүй хурдтай өрнөж байгааг судалгаа харуулсан байна.

Хэт хөөрөгдөл байгаа ч жинхэнэ нөлөө нь хараахан эхлээгүй гэж үзэж байна

Томоохон компаниудын 100 гүйцэтгэх захирлыг хамруулсан уг судалгаагаар оролцогчдын 77 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд хиймэл оюун ухааны талаар хэт их шуугиан үүссэн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Гэсэн ч тэдний ихэнх нь ойрын тав-арван жилийн хугацаанд хиймэл оюуны жинхэнэ нөлөө одоогийн ярианаас ч илүү том байх магадлалтай гэж үзэж байна.

Энэ ялгаа нь олон нийтийн хэлэлцүүлэгт төдийлөн тусгалаа олдоггүй гэж Уолш хэлжээ. Одоогийн яриа хэлэлцүүлэг ихэвчлэн хоёр туйлын хооронд савлаж байна. Нэг талд нь технологийн компаниуд хиймэл оюуныг бүхнийг өөрчлөх агуу боломж гэж сурталчилж байгаа бол нөгөө талд нь олон сая ажлын байр устах тухай айдас давамгайлж байна.

Харин судалгаанд оролцсон гүйцэтгэх захирлууд эдгээр хоёр туйлын аль алиныг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин тэдний ярьж буй өөрчлөлт нь илүү гүнзгий, удаан хугацаанд аажмаар хуримтлагдаж байгаад нэг мөчид огцом илрэх бүтцийн өөрчлөлт ажээ. Өөрөөр хэлбэл, ажил хэрхэн хийгддэг, хэн хийдэг, эсвэл ямар систем хийдэг вэ гэдэг нь бүхэлдээ өөрчлөгдөх явц эхэлжээ.

“Хөдөлмөрийн зах зээлийн бүх түвшин тодорхой хэмжээнд өөрчлөгдөх нь гарцаагүй” гэж Уолш хэлсэн байна. “Гэхдээ яг ямар хэлбэртэй болохыг одоогоор хэн ч тодорхой хэлж чадахгүй. Хэрэв хэн нэгэн бүхнийг яг мэдэж байна гэж хэлбэл тэр үнэн хэлж байгаа хэрэг биш.”

Судалгааны тоон мэдээлэл ч энэ тодорхой бус байдлыг илэрхийлж байна. Гэсэн хэдий ч компаниуд энэ эрсдэлийг үл харгалзан томоохон хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Судалгаанд оролцсон гүйцэтгэх захирлуудын бараг 80 хувь нь нийт хөрөнгө оруулалтын төсвийнхөө дор хаяж 5 хувийг хиймэл оюуны технологид зориулж байна гэж хариулсан бол 41 хувь нь 10-аас дээш хувийг зарцуулж байна гэж мэдэгджээ. Харин 35 хувь нь нийт хөрөнгө оруулалтынхаа 11-20 хувийг хиймэл оюуны шийдэлд чиглүүлж байгаа аж.

Харьцуулж хэлбэл, ийм хэмжээний хөрөнгө оруулалт нь өмнө нь компаниуд үүлэн технологид шилжих үед хийж байсан зардалтай ойролцоо түвшинд хүрчээ. Харин үүлэн технологи дэлхийн эдийн засгийн бүтцийг өөрчлөхөд бүтэн арван жил зарцуулсан юм.

Ямар ажлууд хамгийн их эрсдэлд байна вэ

Энэ бүхний дүнд ажлын байрны бүтэц аажмаар өөрчлөгдөж байгаа нь тодорхой болж байна. Судалгаанд оролцсон гүйцэтгэх захирлуудын 55 хувь нь хиймэл оюуны нөлөөгөөр ирэх нэг жилийн хугацаанд ажилтан авах тоо нэмэгдэнэ гэж үзжээ. Уолшийн хэлснээр KPMG компанийн ажилтны нийт тоо буураагүй ч ямар төрлийн ажилтан авч байгаа нь эрс өөрчлөгдсөн байна.

“Бид өмнө нь хэзээ ч байгаагүй хэмжээнд технологийн мэргэжилтнүүдийг ажилд авч байна” гэж тэрбээр хэлжээ. Мөн компани “оркестратор” гэж нэрлэдэг шинэ төрлийн ажилтнуудыг авч эхэлсэн байна. Эдгээр хүмүүс нь ажлын урсгалын томоохон хэсгийг зохион байгуулж, бүх процесс зөв, алдаагүй, хүссэн үр дүнд хүрч байгаа эсэхийг хянах үүрэгтэй.

Үүнээс гадна компани хиймэл оюуны агентын стратеги, дизайныг боловсруулах, ажилтнуудын хэрэглээг нэмэгдүүлэх, хиймэл оюуны системүүдийг хооронд нь холбох инженерүүд, мөн эдгээр системийн өдөр тутмын ажиллагааг хянах менежерүүд зэрэг шинэ мэргэжлүүдийг бий болгож байна.

Энэ нь цагаан захтны ажлын шинэ хэлбэр аажмаар тодорч байгааг харуулж байна. Энэхүү өөрчлөлт нь ажлын байр бүрмөсөн устах гэсэн үг биш, харин ажлын зах зээл дотор ялгарал үүсэхийг илтгэнэ. Уолшийн үзэж байгаагаар хамгийн их эрсдэлд байгаа ажлууд бол өдөр бүр яг ижил давтагддаг, нэг хэвийн ажлууд юм.

“Өдөр бүр нэг л ижил зүйлийг давтаж хийдэг ажил бол одоо хамгийн эрсдэлтэй байрлалд байна” гэж тэр хэлсэн байна. Гэхдээ ихэнх мэдлэгт суурилсан ажил ийм төрлийн биш гэж тэрбээр үзэж байна. Цагаан захтны ажил нь зөвхөн нэг үйлдлээс бүрдэхгүй. Харилцаа холбоо тогтоох, бизнес хөгжүүлэх, нөхцөл байдлыг дүгнэж шийдвэр гаргах зэрэг олон хүчин зүйлс оролцдог. Эдгээр бүх зүйл автоматжуулсан системд бүрэн нийцэхгүй гэж тэрбээр тайлбарласан.

Ирээдүйн менежерүүд туршлагагүй болж магадгүй

Хиймэл оюунд ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа хэдий ч судалгаанд оролцсон гүйцэтгэх захирлуудын гуравны хоёр нь ажилтнуудын үүрэг, карьерын замыг хиймэл оюуны нөлөөг харгалзан хараахан шинэчлээгүй гэдгээ хэлсэн байна.

Мөн судалгаанд оролцогчдын 31 хувь нь хиймэл оюун удирдлагын ур чадвар хөгжихөд сөргөөр нөлөөлж магадгүй гэж санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Тэдний үзэж байгаагаар залуу ажилтнууд бодит ажлын туршлагаар дамжуулан шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэх боломж багасч магадгүй байна. Өөрөөр хэлбэл, ирээдүйн менежерүүд асуудлыг бие даан шийдвэрлэх туршлага багатай байх эрсдэл бий.

Компаниудын хоорондын өрсөлдөөн нэмэгдэж байна

Уолшийн анхаарч буй хөдөлмөрийн зардлын маржин гэх үзүүлэлт нь энэ бүх өөрчлөлтийн санхүүгийн илэрхийлэл юм. Энэ нь технологи хүний хөдөлмөрийг орлох явц, ажиллах хүчний тоо нэмэгдэхгүйгээр хүчин чадал өсөх үзэгдэл, мөн компаниудын бүтээмжийг нэмэгдүүлэх дарамтыг илэрхийлдэг аж.

“Хэрэв та хөрөнгө оруулалт хийхгүй, шинэ технологид хөл нийлүүлэхгүй байвал маш их дарамт мэдрэгддэг” гэж Уолш хэлсэн байна. “Учир нь та хоцорвол зах зээлийн хувиа алдах эрсдэлтэй”. Өөрөөр хэлбэл, компаниуд өрсөлдөгчдөөсөө хурдан автоматжуулах, хөрөнгө оруулагчид бүтээмжийн өсөлт шаардахаас өмнө шинэ үр ашиг олох, одоогоор бүрэн тодорхой болоогүй ажлын байруудад зориулан ажилтнуудаа бэлтгэх зэрэг дарамттай тулгарч байна.

Судалгаанд оролцсон гүйцэтгэх захирлуудын 60 хувь нь ойрын гурван жилийн хугацаанд компанийн амжилтад хамгийн их нөлөөлөх хүчин зүйл нь хиймэл оюуны инновацийн хурд болон эрсдэлийн удирдлага болно гэж үзжээ. Тэд тариф, хүүгийн түвшин, геополитикийн нөхцөл байдлаас илүүтэйгээр хиймэл оюуны хөгжилд анхаарал хандуулж байна. “Энэ бүхний хурд үнэхээр толгой эргэм” гэж Уолш хэлсэн байна.

Машинууд дэлхийг бүрэн эзэлж байгаа хэрэг биш. Гэвч Америкийн хамгийн том компаниудыг удирдаж буй хүмүүс яг одоо хэдэн хүнийг ажиллуулах хэрэгтэй вэ гэдгээ дахин тооцоолж эхэлжээ. Тэдний гаргаж буй шинэ тоо нь өмнө бодож байснаас огт өөр байж магадгүй юм.

Энэхүү нийтлэл нь "The New York Times" сонинд 2026.03.10-нд нийтлэгдсэнийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэв.

Нийтлэлийн зохиогч: Nick Licht

Орчуулсан: М.МЯДАГБАДАМ

Эх сурвалж: "Өдрийн сонин"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.