Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй
Манай улсын нийт шатахууны нөөцийн 130 мянган тонн-д нь хуурамч шатахуун өнөөдрийг болтол хадгалагдаж байгаа талаар албаныхан мэдээлсэн. Энэ талаар техникийн ухааны доктор, профессор Ж.Цэвээнжаваас тодрууллаа.
-Хуурамч шатахуун нөөцийн саванд хадгалагдаж байна гэх ойлголтыг та хэрхэн харж байна вэ?
-Хуурамч шатахуун гэдгийг хэн хэлээд байгаа вэ гэдэг нь их сонин байгаа юм. Нөгөө хэдэн шатахуун борлуулдаг компани нь хэлж байна уу, эсвэл Ашигт малтмал, газрын тосны газрынхан хэлж байна уу. Энэ хүмүүс үнэн мэдээлэл өгөх ёстой. Үнэндээ хуурамч шатахуун биш юм. Харин шатахуунд хольдог бүтээгдэхүүн хольсон гэсэн үг. Хольцыг нь гаалийн татваргүй байхад нь оруулж ирсэн. Мэдээж хэрэг стандартын шаардлага хангахгүй бол худалдаанд гаргахыг зөвшөөрөхгүй. Гэхдээ холих нь зөв, буруу гэж байгаа юм биш. Нэгэнт бизнесийн шугамаар нэг хувийн компани аваад ирсэн. Гол нь бизнесийн харилцаанд оролцож байгаа талуудын л асуудал. Харин төр дундуур нь оролцож байгаа нь хамгийн том асуудал болж байна. Нэгэнт хувийн компаниуд тодорхой үнээр түүхий эд импортолсон бол түүнийг боловсруулах, ашиглах боломжийг нь хаах ёсгүй. Гэтэл одоогоор хольж ашиглахыг зөвшөөрөхгүй, асгах боломжгүй, хадгалах сав ч хүрэлцэхгүй байдал үүссэн байна л даа. Үүнээс болж их хэмжээний шатахуун хадгалагдаж, асуудал үүссэн.
-Тэгвэл цаашдаа ямар шийдэл байна вэ?
-Дорноговь аймагт байрлах Алтанширээгийн нефть боловсруулах үйлдвэрийн сав, дэд бүтцийг ашиглах боломж байгаа. Мөн шатахууны үнийг чөлөөлөх хэрэгтэй. Тусгай зөвшөөрлийг устгах хэрэгтэй. Эсвэл түдгэлзүүлэх ёстой. Өнөөдөр тусгай зөвшөөрөл авах, ялангуяа шатахуун импортлохын тулд бараг нэг хүний гарын үсгээс хамаардаг тогтолцоо бий болсон. Энэ нь зах зээлийг хэт төвлөрүүлж, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байна.
Тиймээс шатахууны салбарт үйлчилж буй тусгай зөвшөөрлийн тогтолцоог цуцалж, зах зээлийг илүү нээлттэй, өрсөлдөөнтэй болгох шаардлагатай. Хамгийн гол нь хэн, хаана үйлдвэрлэсэн нь чухал биш хямд, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Эрэлт нийлүүлэлтээр зохицуулдаг зах зээлийн нийгэмд төр засаг ч юм уу, мэргэжлийн байгууллага гээд хажуугаас битгий оролцооч ээ. Хэрэглэж байгаа хүн өөрөө хариуцлагатай байх ёстой. Хаана чанартай хямд шатахуун байна, тэндээс хэрэглэх мэдлэгтэй, ухаалаг хэрэглэгч болох хэрэгтэй байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Г.БАЛГАР

































































Сэтгэгдэл
Зочин [103.212.117.139] 2026-04-11 14:54:28
Монголчууд аа, та нар Оросуудаас ба Хятадуудаас үүрд хараат гэдгээ санагтун!