XIV Далай ламын эмч Barry Kerzin: Өөрийн эгог багасгаж, бусдын сайн сайхны төлөө илүү анхаарал тавиарай

Aдмин / Нүүр

Анагаахын шинжлэх ухааны профессор, дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын эмч Barry Kerzin-тэй ярилцлаа.


-Манай уншигчдад өөрийнхөө талаар товч ярихгүй юу. Та хэзээ анх Монголд ирж байв?

-Би Төвөдийн буддын шашныг дагагч хувраг, мөн анагаах ухааны доктор, профессор, хүний их эмч мэргэжилтэй. Энэтхэгийн Дарамсала хотод 37 жилийн турш амьдарч байна.

Анх 1995 онд Монголд ирж байсан. Түүнээс хойш найман удаа Монголд ирсэн. Энэ удаад Дилова хутагт сан болон Төвөд лам Жадо Ринбүчигийн урилгаар ирлээ. Монголд ирсэндээ маш их баяртай байгаа. Миний энэ айлчлалын туршид зохион байгуулагдах сургалт лекцийн үйл ажиллагааг зохицуулахад боловсролын салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүд дэмжин тусалж байна. Энэ дашрамд дээр дурдсан хүмүүст, түүнчлэн лекц сургалтад маань хамрагдаж буй нийт оролцогчдод талархлаа дахин илэрхийлье. Энд ирээд миний уулзаж байгаа хүмүүс маш ухаалаг, өндөр боловсролтой хүмүүс шиг санагдаж байна.

Залуу хүмүүс буддын шашинд сонирхол багасч байгаа гэж сонссон ч одоогоор би тийм зүйл анзаараагүй байна. Харин Улаанбаатарын өмнөхтэй адил, нэлээн түгжрэлтэй хэвээр байна. (инээв)

-Далай ламын эрүүл энх, урт удаан амьдралын туршлагад таны эмчилгээ, үнэт зөвлөгөө маш чухал байр суурийг эзэлж байгаа. Та ямар эмчилгээний арга барилыг түлхүү баримталдаг вэ?

-Далай лам Төвөдийн уламжлалт анагаах ухааныг хэрэглэдэг ч шаардлагатай үед тодорхой эмчилгээ хийх зорилгоор орчин үеийн анагаах ухааныг ашиглах шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл, хоёр системийг хослуулан хэрэглэдэг гэсэн үг. Урт наслахын тухайд гэвэл түүний өөрийн энэрэнгүй сэтгэлийн дадалтай холбоотой. Энэрэл нигүүлслийг гүнзгий түвшинд хэрэгжүүлдэг нь түүнийг урт наслахад нөлөөлдөг гэж үздэг. Хоёрдугаарт, бясалгалын ачаар тэр маш гүн, тайван сэтгэлтэй байдаг. Энэ нь стрессийг бууруулж эрүүл, урт удаан наслахад чухал нөлөөтэй.

Барууны буюу орчин үеийн анагаах ухаан нь хурц үрэвсэл, яаралтай тусламж үзүүлэх нөхцөл байдалд илүү үр дүнтэй. Харин Дорнын уламжлалт анагаах ухааны нэг болох Төвөдийн уламжлалт анагаах ухаан нь архаг хууч өвчний үед илүү тохиромжтой, үр дүнтэй байдаг. Дэлхийн олон оронд энэ хоёр системийг хослуулан хэрэглэдэг. Төвөд, Энэтхэг, Хятад зэрэг улсад түгээмэл ашиглагддаг. Төвөдийн уламжлалт анагаах ухаан гаж нөлөө багатай ч хэтрүүлэн хэрэглэвэл нөлөө илэрч болно. Орчин үеийн анагаах ухааны эмчилгээ, ялангуяа шинэ эмийн төрлүүд ихэвчлэн нэлээд гаж нөлөө дагуулдаг. Төвөдийн анагаах ухаан зарим тохиолдолд орчин үеийн эмчилгээний гаж нөлөөг бууруулах боломжтой.

-Бие махбод болон сэтгэл санаагаа эрүүл байлгах гол үндэс гэвэл та юу хэлэх вэ?

-Нэгдүгээрт, энэрэнгүй сэтгэл, хоёрдугаарт, энэрэнгүй сэтгэл, гуравдугаарт, энэрэнгүй сэтгэл.

-Бясалгал хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ. Та өөрийн амьдралд хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцаач?

-Сүүлийн лекц дээрээ би сэтгэл гутралтай хүмүүсийн тухай ярьсан. Бясалгал хийсэн хүмүүсийн 80 хувьд нь сэтгэл гутрал буурсан гэх үр дүн гарсан. Сайн үзүүлэлт шүү. Хоёрдугаарт, генетикийн судалгаанд “эпигенетик” гэж ойлголт бий. Энэ нь ДНХ өөрөө биш, түүнийг хүрээлж буй микро орчныг хэлдэг. Бясалгал хийснээр ДНХ-ийн микро орчныг сайжруулж, хүнийг эрүүл, аз жаргалтай амьдрахад нөлөөлдөг болохыг шинжлэх ухаанаар нотолсон. Гуравдугаарт, уур уцаар, бухимдал зүрхний өвчин, харвалт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь нотлогдсон. Бясалгал хүний уур уцаарыг бууруулдаг учраас зүрхний шигдээс, харвалтын эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой. Эдгээр нь бясалгалын ач тусыг батлах шинжлэх ухааны үндэслэлтэй гурван жишээ. Үүнээс гадна бясалгалын үр дүнгийн талаарх олон судалгаа бий.

-Өдөр тутам хийхэд хамгийн үр дүнтэй бясалгалын арга юу вэ?

-Энэ бол мэдээж тухайн хүний суурь мэдлэг, туршлага чадвараас хамааран өөр өөр байна. Хэрэв анх удаа бясалгалаар хичээллэж байгаа бол би амьсгал дээр төвлөрөх буюу төвлөрлийн бясалгалыг зөвлөдөг. Сандал, эсвэл дэвсгэр дээр цэх сууж, амаа хаан хамраараа хэвийн амьсгална. Гол нь анхаарлаа хамрын доор, уруулын дээр байдаг “Хүн хонхорхой”хэсэг дээрээ төвлөрүүлнэ. Бодол орж ирэх, дуу чимээ сонсогдох, мэдрэхүйд өөрчлөлт гарах гэх мэт гадны хүчин зүйлс анхаарал сарниулах үед тэр даруй буцаад л хамрын хонхорхой хэсэгтээ анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Бид хүмүүст өглөө бүр дор хаяж таван минут энэ бясалгалыг хийхийг зөвлөдөг. Бясалгаж байх үед хүн өөрийгөө автоматаар шүүх, дүгнэх тохиолдлууд гарна. Түүнд авталгүй, зүгээр л ажиглаад өнгөрөх хэрэгтэй.

-Хүн яаж стресс, бухимдалтай амьдралаас өөрийгөө жаахан ч гэсэн чөлөөлж чадах вэ?

-Өмнө хэлсэнчлэн хамгийн чухал нь энэрэнгүй сэтгэл. Мэдээж үүн дээр эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн нэмж болно. Боловсруулсан хүнснээс зайлсхийх, махыг чадахаараа бага хэрэглэх нь зүйтэй. Алкохол бага зэрэг хэрэглэдэг бол асуудалгүй ч хэрэглэхгүй байх тусмаа л эрүүл байна шүү дээ. Харин тамхийг шууд болихыг санал болгоно. Мөн тогтмол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Сайн унтаж, бүтэн нойр авах нь маш чухал. Эдгээрээс гадна анхаарал төвлөрлийг дадал болгох хэрэгтэй. Жишээ нь, уур, үзэн ядалт, гуниг гутрал гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүдийг ажиглаж, аажмаар багасгахыг хичээх ёстой. Бясалгалын хамт эдгээрийг хэрэгжүүлбэл биеийн болон сэтгэл зүй эрүүл байж, урт удаан, аз жаргалтай амьдарна шүү дээ.

-Буддын гүн ухаан руу хөтөлсөн гол хүчин зүйл юу вэ. Таныг хэрхэн өөрчилсөн бэ?

-Ойролцоогоор 14-15 наснаасаа эхлэн “Би хэн бэ?” гэх асуултад хариулт хайсан. Олон төрлийн уламжлал, үзэл суртлыг судалсан ч хариулт олж чадаагүй. Харин Буддын “Хоосон чанар”-ын сургаалтай танилцах үед бүрэн ойлгоогүй ч маш гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тэр цагаас хойш олон жилийн турш судалж, бясалгаж, илүү гүн ойлгохыг хичээж байна. Мөн 37 жилийн өмнө анх Далай ламтай уулзахдаа би зөвхөн мэргэн ухаанд төвлөрсөн бясалгал хийж болох эсэхийг асуухад тэрээр “Мэргэн ухаан ба энэрэл хоёрыг 50:50 харьцаатай хөгжүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэр үг яг л цээж дундуур цахилгаан гүйх шиг хүчтэй мэдрэмж төрүүлж байсан. Түүний сургамж одоо ч миний дотор амьд хэвээр байна. Залуу байхдаа их түгшүүртэй байсан ч олон жилийн турш дээрх хоёр чанарыг хөгжүүлэхийг хичээсний үр дүнд айдас түгшүүр мэдрэхээ больж илүү аз жаргалтай, тайван болж, хүмүүстэй харилцахад ч илүү хялбар болсон. Мөн дотоод гүн баяр баясал илүү мэдрэгддэг болсон.

-Та Далай ламын эрүүл мэндийг хариуцагч, зөвлөгч, чиглүүлэгч маш чухал хүн. Харин эсрэгээрээ Далай ламаас суралцдаг зүйл нь юу вэ?

-Тэр надад бүх зүйлийг зааж, халамжилдаг. Олон жилийн турш тэр намайг илүү аз жаргалтай, энэрэнгүй, ухаалаг хүн болоход тусалсан. Тэр миний хувьд аав шиг хүн, магадгүй зарим үед ааваас ч илүү байдаг. Түүнийг бодох, ярих үед баярын нулимс цийлгэнэдэг шүү. Далай лам зуун хувь энэрэнгүй сэтгэлтэй. Хэнд ч хор хүргэдэггүй, юуг ч хариу болгон хүлээдэггүй. Тиймээс би түүний дэргэд байж, эмчийн хувьд үйлчлэх боломж олдсонд өөрийгөө маш азтай хүн гэж боддог.

-Төгсгөлд нь танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Өөрийн эгог багасгаж, бусдын сайн сайхны төлөө илүү анхаарал тавиарай. Хүн төрөлхтөн бидний өдөр тутмын амьдралд маш эергээр нөлөөлөх юм шүү.

Г.БАЛГАРМАА

Б.ЦОЛМОН

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.