П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зөвхөн зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл огт биш
Улсын Их хурлын гишүүн, ХҮН намын УИХ дахь зөвлөлийн дарга П.Ганзоригтой Орон сууцжуулалтыг дэмжих банк байгуулах болон зэсийн АМНАТ-ийг бууруулах асуудлаар ярилцлаа.
-Орон сууцжуулалтын банк гэж байгуулах тухай асуудал яригдаад байгаа. Энэ асуудлаар танай зөвлөл даваа гарагт хуралдсан гэсэн. Ямар нэгдсэн шийдэлд хүрсэн бэ?
-Орон сууцжуулалтыг санхүүжүүлэх, энэ төрлийн банк байгуулах, одоо явж байгаа ипотекийн зээл дээр хэд хэдэн анхаарах асуудал байгаа. Өнгөрсөн хугацааг харвал, 2013 оноос хойш 144 мянган иргэнд 11.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Гэсэн хэдий ч 47 мянга орчим иргэн долоо орчим их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлээд, дөрвөн жилийн дараалал үүсчихсэн. Тэгэхээр ипотекийн зээлийн хүртээмж, ил тод байдал гээд анхаарах зүйл байгааг энэ тоо илэрхийлж байгаа. Нөгөө талдаа ипотекийн зээлийг гаргаж байгаа нь гэр хорооллыг орон сууцжуулах, утааг бууруулах гол зорилго нь байсан. Тэгвэл 2013 онд 208 мянган өрх гэр хороололд байсан ч өнөөдөр энэ тоо 230 мянга болоод нэмэгдчихсэн. Нэг ёсондоо буурах ёстой тоо маань 22 мянгаар өссөн байгаа юм. Тиймээс ганцхан банк байгуулаад энэ асуудал шийдэгдэх үү гэдгийг бодолцох ёстой. Дээрээс нь өнгөрсөн хугацаанд зээл авсан 144 мянган иргэний 40 гаруй хувь нь л гэр хороололд амьдарч байсан иргэд байна.
-Тэгэхээр банк байгуулаад энэ асуудал шийдэгдэхгүй юм биш үү?
-Засгийн газраас өргөн барьсан төслийн агуулга нь орон сууцны үнийн өсөлтийг тогтворжуулна гэж тайлбарлаж байгаа. Өнгөрсөн хугацаанд төрөөс экспортыг дэмжинэ, томоохон төслүүдийг санхүүжүүлнэ гээд Хөгжлийн банкийг байгуулсан. Харамсалтай нь тэр чигээрээ хулгай явсан. Төрийн өмчит компаниуд нэг их наяд төгрөгийн чанаргүй зээл авсан. Томоохон төслүүдээ санхүүжүүлж чадаагүй. Хоёрдугаарт, Төрийн банк байна. Төр аваад жижиг бизнесүүдийн зээлийн боломжийг нэмэгдүүлнэ, хүүг бууруулна гэсэн ч энэ зорилгодоо хүрээгүй. Тэгэхээр төр банк байгуулдаг, зах зээл рүү хэт орох нь үр дүнгээ өгдөггүй гэдгийг энэ мэт жишээнүүдээс харж болно.
-Тэгвэл орон сууцжуулалтыг дэмжих, үнийн өсөлтийг багасгахад ямар арга хэмжээ авах нь чухал юм бэ?
-Гол хэд хэдэн хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт, зээлийн хүү байна. Монголын эдийн засаг, бизнесийн орчинд зээлийн хүү асар өндөр байна. Барилгын компаниуд орон сууцныхаа үнийг өсгөөд байгаа зүйл огт байхгүй. Өөрөөр хэлбэл, тэр барилгыг барих гээд жилийн 25-40 хувийн хүүтэй зээл авдаг. Үүнээс болоод үнэ өсөж байгаа. Хоёрдугаарт, бид барилгын гол материалуудаа дотооддоо үйлдвэрлэж чаддаггүй. Хятадаас 70-80 хувийг нь импортолдог. Тийм болохоор валютын ханш дагаад өсчихдөг. Гуравдугаарт, орон сууцжуулах асуудал бол зөвхөн зээл олгоод, эрэлтийг нэмээд шийдчих зүйл огт биш. Энэ чинь тэр аяараа хот төлөвлөлтийн асуудал. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж 2011, 2012 онуудад маш чухал төслийг эхлүүлсэн. Харамсалтай нь үүнийг олигтой дэмжиж яваагүйгээс болоод хувийн хэвшил орохоо больсон. Сүүлдээ нийслэл өөрөө 500 сая ам.доллар болгоод Сэлбэ дэд төв гээд маш том хороолол бариад явж байгаа. Энэ босгосон мөнгөөрөө газраа чөлөөлчихсөн. Уг нь газрыг орон сууцаар нь сольж хийх ёстой. Тэгж байж гэр хороололд байгаа яндан, жорлонгийн тоо цөөрнө. Мөн төрөөс одоо барилгын төслүүд хэрэгжиж байгаа газартаа дулаан, эрчим хүч гэсэн дэд бүтцүүдээ хүргэх ёстой. Одоо зүүн тийшээ хотоо тэлье гэхээр дулаан хангамжийн дэд бүтэц очоогүй.
-Засгийн газраас өргөн барьсан ашигт малтмалын тухай хууль, дэр дундаа зэсийн АМНАТ-ийн асуудал нэлээд маргаан дагууллаа. Эрх баригчид ч үүнийгээ хойшлуулж байх шиг байна. Үүн дээр танай намын зөвлөл, та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Г.Дамдинням сайд ч манай зөвлөл дээр танилцуулга хийсэн. Зөвлөлийн зүгээс эцсийн байдлаар байр сууриа нэгтгээгүй байгаа. Хувь гишүүний хувьд хэлэхэд, томоор нь харвал энэ хуулийн төсөл уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, татварын таатай орчин бүрдүүлэх, олон улсын жишигт байдаг хайгуулын лицензээ ашиглалтынхаасаа тав дахин илүү олгох чиглэл рүү зорьсон. Мэдээж энэ бүхэн нь зөв. Гэхдээ бид татвараа дааж чадахгүй хэмжээнд хүртэл хэт бууруулж болох уу, үгүй юу гэдэг асуудал тэр зэсийн АМНАТ дээр байгаа. Зэсийн өсөн нэмэгдэх АМНАТ-ийг үнэ 5000 ам.доллараас дээш үед тав дээр нэмэх нь 11 хувь байхыг нэг хувь болгоод бууруулчихаж байгаа юм. Тэгээд 9000-аас дээш байвал 15 хувь байхыг тав болгож бууруулж буйг дэмжихгүй байгаа. Ер нь бид гадны томоохон төсөл, хөрөнгө оруулалт орж ирэхэд татварын таатай орчин бий болгож байна гээд өөрсдийнхөө дааж чадахгүй хэмжээний хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлчихдэг. Тэгээд дараа нь хамаг үр ашгийг нь гадныхан аваад байна гээд үл ойлголцол үүсгэдэг. Ийм байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ингэж бууруулсныгаа ямар төсөл хөтөлбөр, уурхайгаар нөхөх гээд байгаагаа Засгийн газар тайлбарлаж, нотлох хэрэгтэй. Тодорхой хэмжээнд бууруулахыг дэмжинэ. Гэхдээ ингэж огцом бууруулж болохгүй. Энэ чинь эргээд улсын орлогыг тасалдуулах эрсдэлтэй. Хоёрдугаарт, Оюу толгойн сонсголыг ноднин жил анх удаа хийсэн. Тэгэхэд гадны байгууллагуудын өгч байсан зөвлөгөөг огт авалгүйгээр Монгол Улсад хохиролтой байж болох хамаг нөхцөлүүдийг оруулаад, хөнгөлөлттэй хийчихсэн. Тэгээд УИХ 120 дугаар тогтоол баталсан. Яг үүн шиг одоо ингээд бууруулчихвал дараа, дараагийн төслүүдийн хэлэлцээрийг хийх суурь татвар болчихно.
-Онтрэ компанитай хийх хэлэлцээр үргэлжилж байгаа. Үүнийг дууссаны дараа энэ хуулийн төслийг хэлэлцэхээр болсон гэж ойлгосон?
-Онтрэ компани дээр Оюу толгойн бүлэг ордын нийт баялгийн 34 хувийг эзэмшсэн хоёр чухал лиценз байгаа. Үүн дээр АМНАТ-өөр оруулахаар нөхцөлүүд ярьж байгаа үед ингэж огцом бууруулахаар оруулж ирсэн нь бүр буруу жишиг болно. Тэр хэлэлцээрийг Г.Дамдинням сайд ахалж байгаа. Тийм байж ийм хуулийн төсөл авч орж ирнэ гэдэг бол ашиг сонирхлын талаасаа ч зөрчилтэй асуудал гэж харж байна.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ


































































Сэтгэгдэл