“Илүү их уншъя” уриатай хаврын номын баярын нээлт боллоо

Aдмин / Нүүр

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагддаг Үндэсний номын баярын нээлтийн ажиллагаа өнөөдөр /2022.05.20/Жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. 31 дэх удаагийн хаврын номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулагдаж байна. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Соёлын яам, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Ардын уран зохиолчид, нийтлэлч, номын худалдаа эрхлэгчид, номын хорхойтнууд хүрэлцэн ирсэн байв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хаврын номын баярыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурлаас Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг тэмдэглэж байхаар шийдвэрлэж, жил бүрийн тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт тэмдэглэж байхаар хуульчилсан. Хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийг сурталчлах тал дээр Улсын Их Хурал онцгой ач холбогдол өгч байна. Төрийн шийдвэрийн дагуу Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид болон хүрэлцэн ирсэн нийт иргэддээ талархсанаа илэрхийлье. Өнөөдрийн арга хэмжээнд гадаадын Элчин сайдууд болон гадны зохиолчдын төлөөлөл оролцож байна. “Үндэсний бичиг соёлын өдөр”, номын баяр нь олон улсын арга хэмжээ болсныг харуулж байна. Түүнчлэн миний бие 2019 оны номын баяр дээр "Өдөр бүр таван хуудас уншъя" уриалгыг дэвшүүлсэн. Тэгвэл өнөөдөр энэ уриалгаа ахиулан "Өдөр бүр зургаан хуудас уншъя” хэмээн уриалж байна" гэлээ.

Өмнөх жилүүдэд "Онцлох ном, "Шилдэг уншигч", "Номын ертөнцийн гавьяатан"-ыг шалгаруулж, Монгол Улсын Их Хурлын даргын нэрэмжит "Мэргэн ном" цомоор шагнадаг байсан юм. Тэгвэл уг арга хэмжээг улам өргөжүүлэх зорилгоор ирэх намрын номын баяраас эхлэн “Номын сайн нөхөр” “Шилдэг уншигч”, “Шилдэг зохиолч”, “Шилдэг номын сан”, “Шилдэг хэвлэлийн газар” шалгаруулах уралдаан зохион байгуулах болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар зарлаж, уралдааны болзол журмын анхны төслийг Соёлын дэд сайд М.Батбаярт гардуулан өглөө.

Нээлтийн ажиллагааны үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар Ардын уран зохиолч, МУСГЗ П.Бадарч, Д.Цоодол, Б.Догмид, Азийн тэргүүн найрагч Д.Урианхай, МУСГЗ Д.Цэнджав нарт хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.

Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжихээс гадна үндэсний бичиг, соёл, өв, хэв маягийн элементийг сурталчлан таниулдаг, уламжлал, шинэчлэлийг хослуулдаг соёлын цөм үйл ажиллагаа юм. Ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбоотой хувь хүн, албан байгууллагууд оролцох боломжтой байдаг.

Хаврын номын баярт 300 гаруй зохиолч, 200 хэвлэн нийтлэгч, 280 гаруй асарт өөрсдийн уран бүтээлийн дээжээсээ дэлгэн оролцож байна. Номын баяр тавдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд гурван өдрийн турш үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.78.141] 2022-05-22 00:13:29

Номын баярын өдөр хийдэг шиг их цэвэрлэгээний өдөрлөг хийвэл зүгээр байна. Хүн болгонд шуудай ба бээлий өгөөд ойр орчмынхоо хогийг шуудайг дүүртэл нь түү гэж уриалмаар байна. Шуудай ба гялгар бээлий тийм үнэтэй биш биз дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.