С. ЭРДЭНЭЦОГТ: Ардчилал дээдсүүдэд ээлтэй, доодсуудад хөнөөлтэй тусах ёсгүй

Aдмин / Улстөр

МоАХ-ны Хэрэг Эрхлэх Газрын дарга С.Эрдэнэцогттой ярилцав.

Танаас нэлээд зүйл асууя ?

Халуун тогоонд нь буцлаж явсан хүний асуултад хариулахад бэлэн бас таатай байна шүү.

Ардчилсан хувьсгалын 33 жилийн ой тохиож байна ?

Тиймээ. Ард түмний амьдрал нэн тааруу, эдийн засаг, улс төрийн нөхцөл хүнд үед баярлаж хөөрөх утгагүй. Монголын хөгжил бүх талаар мухардсан байдлыг юун түрүүн ардчилагчид учир зүйн шалтгаантай нь дүгнэх хэрэгтэй. Бид сэтгэлийн хөөрлөөр аливааг гурилдсаар хөөсөрсөн ардчилал тогтоход хувь нэмэр оруулчихсан нь нууц биш. Гадны нөлөө ч бий.

Монголын Ардчилсан Холбоо Ардчилсан Хувьсгалын 30 жилийн ойгоор өнгөрсөн замналынхаа үр дүнг эдүгээтэй харьцуулж, байр сууриа 16 зүйлээр товч тодорхой илэрхийлж, ардчиллын төлөвшилд алдаа гаргасандаа албан ёсоор уучлал гуйсан.

Түүнээс хойш байдал өөрчлөгдөөгүй хэвээр.

Ер нь Ардчилсан хувьсгалын түүх харьцангуй богино. Харин энэ түүхийн тусгал нь Монголын өнөөгийн төрх. Ийм хар саарал төрхийг өөрөөс чинь өгсүүлээд үй олон хүмүүс хүсээгүй нь, хүсэхгүй нь мэдээж. Улаан, цэнхэр, ногооноосоо үл хамаараад бид яг Монголын хөрсөнд нутагших үзлээ олоогүй учраас үр хөврөл ямар байх нь ойлгомжтой л.

Ардын нам бүгдийг 100 жилээр таслаж гоёчлон балбаад бараг Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн аятай авирлацгаагаад удлаа.

Гэтэл тухайн үед улдаж чангаасан нөхөд ийм ичгүүргүй байхад ардчиллын алдаагаа дүгнэж, ололтоо баталгаажуулан хамгаалах ёстой улс төрийн хүчин дээд төвшиндөө самуурцгаагаад олиг алга. Ийм нөхцөлд 33 жилийн ойг тэмдэглэх тухай сэтгэл хангалуун ярих боломжгүй биз дээ.

Нөлөө бүхий хоёр нам хоёулаа самуураад байгаа юм биш үү ?

Ерөөсөө Монголын улс төрийн намууд сонгодог утгаараа төлөвшөөгүй, нийгмийн баялагт шунацгаан удирдлагууд нь өөр хоорондоо үгсэн, улс үндэстэн, гишүүдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа өнгө мөнгөөр сольж, ялсан нам нь мөрийн хөтөлбөрийн залилан хийдэг. Үүний аюул их. Гэр бүлийн, компаний, хувь хүний амбицын, халаасны намуудыг нам гэж хэлэхэд туйлын бэрх.

Монголын улс төрийн орчин асар бохирдсон учраас өөрийгөө тэтгэх чадваргүй эдийн засаг, ардаа алагчилдаг хууль ёс, чадавхийг нь бүрэн ашиглаж чадахгүй хөдөлмөрийн зах зээл, халамжийн сэтгэхүй, хөшсөн оюун ухаан, худалдагдсан хэвлэл мэдээлэл, стресстэй цэвдэг зан чанар Монголд тогтчихоод байгаа юм. Би хуульчлагдсан дарангуйллаар баглаад яваа өрөөлийн тухай биш түмний өмнөөс зүтгэх ёстой өөрсдийн намын тухай л ярьмаар байна. Эмоци чинь хөдлөөд яриа таслахгүй биз ээ

Таслахгүй ээ. Тэгээд...?

2 жилийн өмнө Монголын Ардчилсан Холбоо ард түмнээсээ уучлал гуйсан тухай би түрүүн дурьдсан. Санаж байгаагаар ардчиллын лидер гэгдэх нөхөд маань өөрсдөө ардчиллын үнэт зүйлсийг хөсөрдүүлэхэд оролцож, наад зах нь ёс суртахууны алдаа гаргасанд нь тэдний өмнөөс уучлал гуйя гэсэн. Өмнөөс нь МоАХ уучлал гуйсан цөөн нөхөд л АН-ыг дэнжигнүүлж, энгийн гишүүдийг хүний нүүр бардам харах, арсалдах, эрч хүчтэй байх чадваргүй болгож орхисон юм.

Та Төв аймгийн МоАН-ын анхны даргын хувьд мэдэрч л байгаа.

Механик нэгдлээс өгсүүлээд хөрсөндөө буугаагүй үзэл баримтлал, хариас хуулбарласан хүнд дүрэм, гэнэт тооноор орж ирдэг боловсон хүчний бодлого, төрд гарангуутаа авирладаг авир гээд АН-ын талаар зурвас тоочиход л сэтгэл дундуур санагддаг. Хувь хүний рейтинг нь огцом унаад, дагаж нам нь нам доошлоод тэгсэн атлаа хариуцлага хүлээж, жудаг гаргаж чаддаггүй эго нөхдийг явуулах л ёстой. Бүүр харамсалтай нь МАНАНжсан энэ нөхөд гэмт хэргээрээ эрх баригчдад барьцаалагдан тэдний тавиул шиг авирлацгааж байна. Шүүх, СЕХ, Улсын бүртгэлийн газрын тусламжийг ч ил далд авч чадаж байна. Сурсан зангаараа үнэн төрхөө ардчиллын багаар нууж, намаас болоод төрөөс зувчуулсан мөнгөөрөө хөгшин, залуу хоёр нүүртнүүдийг тэжээн турхираад 2 жил өнгөрчлөө.

Ойрхноос эвлэрлийн тухай үг үйлдэл гарч байх шиг ?

Миний хувьд үндсэн цөм нь хагараагүй зүйлийг эвдэрлээ гэж ярих утгагүй санагддаг. Цөхөрсөн хүмүүс тусдаа нам байгуулья гэж уулзаж, утасдахад нь “Тэвчээртэй бай, босгосноо дахин салгаж хэрэггүй, байгууллаа ч бүртгэхгүй” гэж л хариулдаг. Нэгэнт хуурамч тамгатай, хулхи ҮБХ-той, толгойлогч нь дүрмийн дагуу огцорсон цөөнхийн цөөнх уг нь уучлал гуйгаад хуурамч тамгаа өгсөн эзэндээ буцааж шидээд, хулхи ҮБХ-гоо тараачихвал.

Энэ цөөнхөөс гадна харийнхан оосорлогдсон, үндэсний эрх ашигт харш олон үйлдэл хийсэн, шүүхээс ял авсан, тараа таниулсан нөхөд толгойгоо дахин өндийлгөж, дээд орон зай эзлэхээр хор найруулан шунацгаах хэрэггүй. Шударга гишүүд огт хүлээж авахгүй, МАН-ын барьцаанаас мөддөө гарахгүй, МАНАН сарнихгүй шүү

Зөвхөн АН гэлгүй улс төрийн орчинг бүхэлд нь эрүүлжүүлэх ямар гарц байна вэ ?

200,000 гишүүнтэй ч бай 200, 20 гишүүнтэй ч бай нам нэр зүүсэн нөхөд парламентад суудалтай, суудалгүйгээсээ үл хамаараад улс үндэстний эрх ашгийг л өндөрт тавих ёстой. Гарцын тухайд МоАХ-ноос жил 6 сарын өмнө илэрхийлсэн байр суурийг л тодотгож хэлчье. Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хуулийг шинэчлэн батлангаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн үйлчлэх хугацааг нааш татаж улмаар бүх намуудыг тараан нэг ижил гараанаас гаргах. Үндэсний эрх ашгийн төлөө эрх баригчид шууд зориглон дээрх 3 алхамтай хавсраад бүх ард түмний санал асуулга авах замаар хоёр танхимтай парламенттай байх эсэхийг шийдчих хэрэгтэй. Өнгөрсөн хавар МАН баахан сүржигнэж, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахдаа тулан байж нам гэгчүүдтэй хамтын тунхаг бичиг гаргасан нь бас л дутуу бодсон гоомой хандлага мөн бусдыг хулхидаж суудлаа дахиад бөхлөх гэсэн санаархал.

Хэвлийгээсээ цөөнгүй улс төрийн нам төрүүлсэн эцэг Монголын Ардчилсан Холбоог өнгөрсөн, одоо, ирээдүйтэй нь холбож дүгнэвэл ?

Улсын баатар хүн амаргүй асуулт асууж байна шүү.

Олон намын тогтолцоог бүрдүүлсэн, шинэ Үндсэн хууль батлуулсан, хувийн өмчийг зөвшөөрсөн, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулсан, эвлэлдэн нэгдэх, гадаад дотоодод чөлөөтэй зорчих,шашин шүтэх, эс шүтэх эрхийг нээсэн, хэлмэгдэгсдийг цагаатган хамаарал бүхий хохирогсдод нөхөн төлбөр олгуулсан, малыг малчдад өгсөн, эзэн Чингис, эх түүхээрээ бахархах боломж олгосон гээд бодит үйл хэргүүд МоАХ-ны өнгөрсөн замнал.

МоАХ-ны эгэл олон гишүүд нутаг орон, ажил албанаасаа хавчигдан хөөгдөж, үхэхээс бусдыг үзэн үйл ажиллагаагаараа анхны зорилгодоо хүрсэн, Монголын төр ч үнэлсэн, түмэн ч үр шимийг нь зохистой хүртсэн. Харин одоо, ирээдүйг ярьж төлөвлөе гэвэл хүрсэн үр дүнгийнхээ төвшин, ардчиллын тухай сүүлийн үеийн ойлголтууд, гадаад дотоод орчин нөхцөл, төрийн бус байгууллагад холбогдох эрх зүйн хүрээ, байгууллагын оршин тогтнох чадвар гээд олон зүйлийг уялдуулж тооцох ёстой байх.

Өвгөн, эмгэн партизаны хууч яриагаар ололтоо хамгаалж чадахгүй. Өөрөөр хэлвэл шинжлэх ухаанч л хандах хэрэгтэй. Энэ бол зарчим. Ардчиллын орон зайг агшаах, түүхийг мартагнуулах улмаар сүүлчийн цайз МоАХ-г эвдлэн устгах оролдлого идэвхижсэн байна. Энэ их аюултай бас харамсалтай. МоАХ-ны гишүүд урьдын адил бүх буруу зүйлд буюу нохойд барьдаг мод шиг биш, эвлэлдэн нэгдсэн байгууллага нь ч мөнхийн гудамжинд байхын хэнээ туссан биш. Гээд зүгээр суугаагүй ээ.

Улс үндэстний хувь заяанд стратегийн холбогдолтой асуудлууд дээр МоАХ-ны өнөөгийн удирдлага 2007 оноос анхаарч амжилтад хүрсний ирсэн ганц хоёрхон жишээ дурдахад Тавантолгойг Монголдоо, ард түмний мэдэлд авч үлдсэн, харь улсын иргэн Монголд 180-хан хоног амьдраад газар эзэмших эрх авах санаархлыг зогсоож чадсан. Ийм үед гадаадын шунахайчдаас дотоодын дайснууд илүү аюултай нь мэдэгдсэн гэж хэлж болно.

Өнгөрсөн хугацаанд МоАХ зарим эерэг бодлого, үйл ажиллагаагаа парламент дахь МоАХ-ны төлөөллөөр дамжин хэрэгжүүлсэн. Энэ уламжлалаа таслахгүйг хичээж байна. МоАХ-ны дэд даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг сонгосон нь учиртай шүү.

МоАХ-г олон нийт АН-ын хавсарга мэт ойлгодог ?

Энэ бол дэгс. АН-ын цөм нь МоАХ-ны гишүүд ч энэ 2 субьект тус тусдаа өөр хуулиар зохицуулагддаг. Тэгээд ч МоАХ иргэний нийгмийн олон талт хөдөлгөөний шинж чанараа хадгалж үлдэх ёстой. Дуншаад яваа Төрийн бус байгууллагын тухай хуулийг харзнаж байна. Том зорилго тавьж болно. Том зорилго тавьсан аваас тэрийгээ хэрэгжүүлэх бүх талын чадавхтай байх ёстой . Энэ асар их чухал.

Тухайлбал ?

Ажил хэргийн шаардлагаар түүнчлэн оролцож явсныхаа хувьд миний бие ардчилсан хувьсгалын түүхийг судладаг, түүхээсээ сургамж аваасай гэж хүсдэг. Дашрамд хэлэхэд ардчиллынхан өөрсдийнхөө түүхийг өөрсдөө гуйвуулдаг нь харамсалтай. МоАХ-нд хамаарагдах их, бага хурлуудын материал бусад их сурвалжуудыг уншаад үзэхэд түүхийг нь үечлэж болмоор санагддаг юм. Магадгүй үечлэх энэ тэр нь судлаач эрдэмтдийн хийх ажил биз. Бид 1990-ээд оноос ард түмний улс төр, иргэний эрхийг сэргээн эдлүүлэхийн төлөө тэмцсэн ч эдийн засгийн агуулгаар баталгаажуулж чадаагүй ээ. Үзэл баримтлалаас эхлэе.

1990 онд “МоАХ нь нийгмийн амьдралын бүх хүрээг гүнзгий хямралаас гаргаж цэвэршүүлэхийн төлөө улмаар улс орноо мандуулан хөгжүүлэхдээ ард түмний засагт ёс, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө, улс төрийн олон ургалч үзэл, үндэсний соёл уламжлалаа хөгжүүлэх, хүн бүрийн, айл өрх бүрийн сайн сайхан амьдралыг төлөө тууштай ажиллах болно” хэмээсэн энгийн харин 2003 онд хүний эрх, ардчилал, нийгэм, төр улс, улс төр, хууль ёс, эдийн засаг гээд 7 зүйлтэй нэлээн гүн ухааны шинжтэй үзэл баримтлал тус тус батлажээ. Эхний үзэл баримтлал зорилгодоо хүрсэн.

Сүүлчийнхийг судалж үзээд МоАХ-ны ХЭГ-ын зүгээс “үхрийн махыг үнхэлцгэнд нь багтаах” зарчим баримтлан тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа сахин хамгаалах, ёс заншлаа түүчээлэх, төрөө шударгаар засаглах,өөрсдийн бүтээсэн баялгаар элбэг, эрх чөлөөтэй эв найртай амьдрах агуулгыг ганцхан өгүүлбэрт багтаасан төсөл боловсруулж бэлдсэн. Захын хүн уншихад ч ойлгомжтой бас Монгол улс, Монгол үндэстний мөнхийн эрх ашиг ч шингээстэй.

Үзэл баримтлал тодорхой бус байвал МоАХ байтугай нь мөхнө. Эргүүлээд би өөрөөс чинь нэг юм асууя.

1990 онд аймаг, районы зохицуулагч, МоАХ-ны ерөнхий зохицуулагч гэж байсан биз дээ ?

Тийм шүү. Тэрийг сөхөхийн учир юу вэ?

МоАХ бол иргэний нийгмийн хөдөлгөөн. Олон түмний эрх ашигт нийцсэн эерэг ажил санаачилгуудыг уялдуулж даргасах биш зохицуулангаа манлайлах үүрэг байгууллагын мөн чанарт нийцнэ. Тиймээс 1990 оны зохицуулагч гэсэн статусыг аймаг дүүргийн төвшинд сэргээж хэрэглэхээс өгсүүлээд МоАХ-ны дүрэмд цөөнгүй өөрчлөлт хийх юм. Бид цагаан морин дээрээсээ бууж,хот хөдөөгүй эрс хариуцлагажмаар.

МоАХ гэж ямар байгууллага байх юм, үндсэн зорилго, үйл ажиллагаа нь юу байх, бодлогоо хэрхэн уламжлан авч явах, гүйцэтгэх удирдлага нь ямар байх, сонгуульт гишүүд ямар хариуцлага хүлээх, санхүүжилтээ хэрхэн бүрдүүлэх гээд тодотгон өөрчлөх эсвэл нэмэх заалтуудыг МоАХ-ны дүрэмд оруулах хэрэгтэй. Энэ бол өнгөрснөөс авсан сургамж. Эхний төслөө 2015 онд “Ардчилал” сонинд хэвлүүлж тараан нэлээд санал аваад тэрийгээ нэгтгэж хуульчдаар хянуулаад эцсийн хувилбараа бэлдсэн. Цаг уярахаар орон даяар хэлэлцүүлнэ.

Сонин гэснээс “Ардчилал” сонины хувь заяаг товч сонирхоё ?

Та сонин сэтгүүлтэй хувь заяагаа холбосон хүний хувьд сонины зах зээлийг гадарлана даа. Монголын анхны чөлөөт хэвлэлүүдийн нэг “Ардчилал”-ын өнгөрсөн түүхийг сөхөлгүй харин ирээдүйг хөндвөл үндэсний үзэл санаа, үндэсний эрх ашгийн эрэмбэ, оюун санааны гэгээрлийг нийтлэлийн бодлого болгож, нийт ардчилсан хүчний зүгээс хэвлэлийн зах зээлд хүчээ нэгтгэх замаар гаргана. Төсөл нь боловсрогдсон, хугацаа, ойлголцол шаардлагатай.

Хэвлэлээс гадна Demo hub номын сан, “Шинэ бодлогын төв” зэргүүдээр соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ. Сонгосон нийгэмдээ бид өөрсдөө оюун санаагаар гологдвол ичгүүр биз дээ. Түүнчлэн иргэн С.Эрдэнээгийн зарсан 173 м.кв газраа буцааж аваад нийт 2733 м.кв болсон эзэмших газартай, Ү-220304499 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нь МоАХ-д бүртгэлтэй Ардчиллын ордны гадаад, дотоод тохижилтыг улам сайжруулна. 60 жилийн насжилттай түүхэн барилгын гаднах 20 м сантехникийн шугам сүлжээг нондин сольсон. Ирэх жил дээврээ шинэчлэн гаднах гэрэлтүүлэгтээ сэргээгдэх эрчим хүч ашиглахаар төлөвлөж байна.

Монгол Улсын баатар цолоор шагнагдсантай холбоотойгоор шинэчилсэн 4 дэхь үнэмлэх олгосон цахим бүртгэлийнхээ дагуу цахим архив үүсгэсэн. Цаашид иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлтэй адилхан байнгын журам батлан хэрэгжүүлнэ. Ач холбогдлыг нь ганц, хоёрхон үгээр хэлэх боломжгүй.

МоАХ-ны дүрэм, үзэл баримтлал тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх нь гэж ойлгож болох уу ?

Өөрчлөх ёстой. Ямар ч байгууллага он цагийн шалгуур давах үзэлтэй, бодлоготой, хамаарах эрх зүйн орчин нь хариуцлагатай байж чадвал удаан оршин тогтноно.

Гадуур яригдаад байгаа нийгмийн зөвшилд үндэслэн шийдвэр гаргах, хянах бүх шатанд төр, иргэний нийгмийн байгууллага оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлнэ гэдэг хөндлөнгийн санаа их ирээдүйтэй. 2021 онд батлагдсан “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн дагуу бол МоАХ-ны гишүүд хүний эрхийг хамгаалагчид мөн юм шүү.

МоАХ-ны онц их хурал хуралдаж, Монголхүүг даргаар сонголоо гэсэн шуугиан яаж дууссан бэ ?

/Инээв/ Шуудхан л хэлье. Өөрийн гэмийг өр тавьж цайруулах үүднээс өрсөлдөгчөө захиалдаг өрөөлийн зараалаар АН-ыг самууруулж байгаа өнөө л ужиг цөөн нөхөд хоёр ч удаа жүжиг тоглосон. Эмгэнэлтэй жүжиг яаж дуусдаг билээ тэр л тавилтаар өндөрлөсөн. МоАХ-д шийдэх асуудал бий. Бид авах гээхийн ухаан хослуулан хөндлөнгийн явцуу санаархалтай хэнээр ч заалгахгүй бодлогын хэмжээнд, дүрмийн хүрээнд асуудлаа шийдвэрлэж чадна, шийдвэрлэсээр ч ирсэн, шийдвэрлэж ч байгаа.

“Муулуулдаггүй хүн, салхи ордоггүй жалга байдаггүй” гэдэг үг бий.

Бэтэг шиг нөхөд хурал, зөвлөгөөн гэгчээсээ гадна тархи угаалт, гүтгэлгийн кампанит ажил хэвлэл мэдээллээр их явуулсан. Шүүх, бүртгэлийн байгууллагаар АН-ыг самууруулсан шигээ МоАХ-д бас адил хандаж оролдсон. “МАН тар” гэхэд “МоАХ тар” гэж хариу боргодог, мөнхийн өлөн, сэтгэлгээ нь гацсан, хийрхүү, хоёр нүүрт этгээдүүдийг хүлцэж бууж өгнө ч гэж байхгүй шүү. Том зорилготой бид жижигхээн чулуунд бүдрэхгүй.

Хоёулаа яриад байвал цаг, цаас хомсдох нь. Эцэст нь юу хэлмээр байна ?

Монголын эдийн засаг нэг улс, нэг боомтоос хамаарсан, намууд төлөвшөөгүй хэрнээ хэврэгшсэн, засаглалын тогтолцоо мухардсан, ядуурал газар авсан, хууль хүчнийхэн хулигархиудаас хараат болсон, үндэсний оюун санааны дархлаа суларсан, нэгдмэл тэмүүлэл устсан, зөөлөн хүчний бодлого эрчимжсэн зэрэг аюул хойморт гарсан өнөөгийн нөхцөлд Монголын Ардчилсан Холбоо нэн тэргүүнд өөрийгөө чадавхжуулан, түүхэн үүргээ оновчтой зорилтуудаар баяжуулж, аль нэг бүлэглэлийн биш ердөө Монгол улс, Монгол үндэстнийхээ эрх ашигт нийцсэн байр суурь баримталж, сүр пар хийлгүй маш ухаалгаар ажиллах ёстойгоо ухамсарласан гэдгийг хэлж чадах байна.

Жагсаалаас өгсүүлээд бүгд технологижсон, мөнгөжсөн цөвүүн цагийг нэлээн зовж туулан сайн сайханд дөхнө шүү, Төгсөө.

Танд баярлалаа

Би ч бас баярлалаа. Тань мэтийн эгэл гишүүддээ эрүүл энхийг, элит нөхөддөө жудгийн дээдийг хүсч эх орон нэгтнүүдээ “ Жаргалын удаан нь зовлонгийн түргэн нь дээр” гэсэн ардынхаа үгийг сануулъя.

Ардчилал дээдсүүдэд ээлтэй, дээдсүүдийн явцуу хүрээлэлд завшаантай, харин доодсуудад хөнөөлтэй тусах ёсгүй.

Х.Баттөгс


Сэтгэгдэл

Эмээ [192.82.82.238] 2022-12-13 19:22:03

90 ОНД МОНГОЛЧУУД ҮНЭХЭЭРИЙН МЭДЛЭГ ЧАДВАР БАГААС АНХ ЭХЛҮҮЛСЭН АРДЧИЛАЛАА МАХН -Д АЛДАЖ АНАРХИЗМ БОЛГОСОН . НОТОЛГОО : 90 ОНООС ХОЙШ МАН - ААС ХОЙШ НЭГ Ч УЛС ТӨРИЙН ХҮЧИН ДАНГААР ЗАСАГЛААГҮЙ . ИРГЭД СҮҮЛИЙН 30 ЖИЛИЙНХЭЭ ТҮҮХИЙГ ЭРГЭЖ ХАРАХ ЁСТОЙ . МАН БОРОО ГОУЛДЫН АЛТЫГ ГАДНЫХАНД АЛДАЖ ХОНГОРЫНХОНГ ХАМУУ ТЭМБҮҮТЭЙ ГЭЖ ДОРОМЖИЛЖ ЖАГСААЛ ХИЙСЭН ГЭЖ 5 ИРГЭНЭЭ БУУДСАН ХАДГАЛАМЖ БАНКНЫ МӨНГӨӨР ХҮРЭЛСҮХ КОЗИНОДСОН ГЭЭД БҮХ БУЗАР БУЛАЙ МАН - ААС Л ГАРСАН . ОДОО МАН - ЫГ ТАРААЖ ИХ ХУРАЛ , ЗГ , EРӨНХИЙЛӨГЧ ОГЦОРОХ БОЛСОН . ЭХ ОРОНД МИНЬ ҮНЭНЧ ШУДАРГА МЭДЛЭГ ЧАДВАРТАЙ ОЛОН ЗАЛУУ БИЙ . ЗГ ОГЦОРООД ТӨР ТОЛГОЙЛОХ ХҮНГҮЙ ГЭЖ БҮХ МОНГОЛЫГ ДОРОМЖИЛЖ БАЙНА МАН . ОДОО ИРГЭД ЭЦСИЙГ НЬ ҮЗЭХ ЁСТОЙ . НУГАРЧ Л БОЛОХГҮЙ ШҮҮ . !!!!

Зочин [203.91.115.50] 2022-12-12 11:34:33

ҮХСЭН ХАТСАН ДЭЭДС ... ДЭЭДС ЗАЯАНД ТӨРСӨН ХҮН ТӨРД 1 Ч БАЙХГҮЙ БҮГД МУУ САНААТАЙ ХУЛГАЙЧ ДЭЭДС ГЭДЭГ ХҮН ГЭЖ ЯМАР БАЙХ ТАЛААР МЭДДЭГ БОЛ ОЛОН ТҮМЭНД ИЙМ БАЙХ ЁСТОЙ ГЭДГИЙГ БИЧЭЭД ӨГӨӨРЭЙ

Дэндэв [66.181.161.30] 2022-12-11 01:19:29

Нийт ард иргэдийн болоод ардчилсан намын гишүүдийн улс төрийн идвэхи сул,намын удирдлагын задгайрлыг тузай бүр зогсоож чадаагүй нь Ардч Нам ялзран мөхөхөд хүргэсэн. Ардч,Нам бол төрөөс хулгай хийх боломж олгох алтан шат болж хувирсан.

Зочин [66.181.184.114] 2022-12-10 19:17:36

Капитализм руугаа буцаж орох гээд феодализм руугаа орчиж . Хүй нэгдэл рүүгээ ороод дуусах байх

иошэг [64.119.16.101] 2022-12-10 19:15:16

МоАХ гэх энэ байгууллага Баттулга гэгч Монголыг хорлогч урвагч этгээдийн гар хөлний боол болсон

Зочин [202.126.89.129] 2022-12-10 17:09:03

Ардчилсан нийгэм Замдаа төөрсөн, төөрүүлсэн нь гашуун үнэн юм даа. Өөрсдөө баяжихын тухайд Жолоогоо хүчээр эргүүлж, буруу зам руу оруулжээ. Тэд одоо байсаар л байна.

Зочин [202.9.47.12] 2022-12-10 16:53:35

Ардчилал нь дээдэст ээлтэй доодост ээлгүй болох нь өнгөрсөн 30 жил батлагдсан.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.