Япон Улсын Ерөнхий сайд Украинд айлчилна

Aдмин / Гадаад мэдээ

Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио Украинд мягмар гарагт айлчилна гэж Засгийн газрын нэгэн эх сурвалж мэдээлжээ. Энэхүү айлчлал нь К.Фүмио Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модитой Шинэ Дели хотноо уулзсанаас хойш нэг хоногийн дараа болох юм. К.Фүмио Украин Улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийх төлөвтэй байна. Японы удирдагчийн хувьд гадаадын улс оронд урьдчилан зарлахгүйгээр айлчлах нь тун ховор тохиолдол юм.

Украинд айлчлах үеэрээ К.Фүмио Хирошима хотноо ирэх тавдугаар сард болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө дайны хөлд нэрвэгдсэн Украинд дэмжлэг үзүүлэх Японы амлалтыг харуулахаар төлөвлөж байна. ОХУ 2022 оны хоёрдугаар сард хөрш улс руугаа довтолсноос хойш “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчдаас К.Фүмио л Украинд хараахан айлчлаагүй байгаа юм. Япон улс энэ онд “Долоогийн бүлэг”-ийг даргалж байгаа билээ.

Тэрбээр Хирошима хотноо тавдугаар сарын 19-нөөс эхлэн гурав хоног үргэлжлэх дээд хэмжээний уулзалтыг даргалан явуулна. Энэхүү хот нь 1945 оны наймдугаар сард АНУ-ын атомын бөмбөгдөлтөд өртөж байсан түүхтэй. Японы баруун нутгийн тус хотоос парламентад сонгогдсон К.Фүмио Орос Украины эсрэг цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй гэсэн болгоомжлол үүсээд байгаатай холбоотойгоор цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн талаарх алсын хараагаа танилцуулна гэж амласан билээ.

К.Фүмио “Долоогийн бүлэг”-ийг даргалагчийн хувьд Украинд айлчлах хүсэлтэй байгаа боловч аюулгүй байдалтай холбоотой шалтгааны улмаас түүний Украинд хийх айлчлалыг товлоход хэцүү байгаа талаар Японы Засгийн газрын төлөөлөгч өмнө нь мэдээлж байсан юм. Украин руу довтолсонтой нь холбогдуулан Москвагийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахад Токио “Долоогийн бүлэг”-ийн бусад оронтой нэгдмэл байр суурь илэрхийлсэнтэй холбоотойгоор Япон, Оросын харилцаа муудах болсон.

В.Зеленский К.Фүмиод эх орондоо айлчлах урилгыг хүргүүлээд байгаа юм. Орос Украин руу довтолсноос хойш нэг жилийн хугацаа өнгөрч байгаатай холбогдуулан хоёрдугаар сарын 24-нд болсон “Долоогийн бүлэг”-ийн цахим дээд хэмжээний уулзалтад В.Зеленский К.Фүмиогийн хүсэлтээр оролцсон билээ.


Сэтгэгдэл

IRGEN [202.9.46.208] 2023-03-22 13:34:36

Ekh oroniihoo hagasiig orosd aldsan daa, Donetsk, bas Luganck


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.